Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох, Маттео Пелликонегийн нэрэмжит “А” зэрэглэлийн олон улсын тэмцээн гуравдугаар сарын 3-7-нд Италийн нийслэл Ром хотод зохион байгуулагдлаа.
26 дахь удаагийн уламжлалт тэмцээнд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цомын аварга, үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга мөнгөн медаль хүртлээ.
Т.Тулга Ромын дэвжээнд үдээс өмнө шөвгийн наймд өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга, Яшар Догугийн Гранпригийн аварга Хамза Алачаг оноогоор цэвэр (10:0), хагас шигшээд Энэтхэгийн Рохитыг 4:0-ээр тус тус ялж шигшээд шалгарсан.
Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл, Азийн наадмын алт, мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Энэтхэгийн алдарт бөх Бажранг Пуньятай хүч үзэж 2:2-оор ялагдлаа. Манай бөх 2:0-ээр тэргүүлж яваад сүүлийн 30 секундэд ардаа 2 оноо алдаж харамсалтайгаар ялагдал хүлээлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна