Исландын нийслэл Рейкьявик хотоос баруун өмнөд зүгт, 40 гаруй километрийн зайд галт уул дэлбэрсэн талаар тус улсын Цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлжээ. Орон нутгийн цагаар баасан гаргийн 20:45 цагт эхэлсэн уг дэлбэрэлтийн улмаас Кефлавик олон улсын нисэх буудлын бүх нислэгүүд цуцлагдсан байна.
Өнгөрсөн хугацаанд тус улсад газар хөдлөлт идэвхжиж, чичирхийлэл ихээхэн тоогоор бүртгэгдэж байсан тул судлаачдын зүгээс галт уул дэлбэрэх вий гэсэн болгоомжлол, таамаглалыг дэвшүүлж байсан билээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш нийт 40,000 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн бөгөөд хэмжээний хувьд хамгийн дээд талдаа 5.7 магнитуд хүрсэн байна. Эдгээр нь улмаар 800 гаруй жилийн турш идэвхгүй байсан галт уул дэлбрэхэд нөлөөлсөн аж.
Дэлбэрэлтийн үр дүнд Фаградалс ууланд 500 гаруй метрийн хагарал үүсч, улаан түвшинд хүрсэн болохыг холбогдох албанаас мэдэгдсэн юм. Тиймээс эрх баригчдын зүгээс нийт ард иргэдийг тайван байхыг уриалж, хүмүүсийг дэлбэрэлтийн бүсээс холдуулах тал дээр анхаарч ажиллах үүрэг, чиглэл өгчээ. Түүнчлэн үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор мэргэжлийн тандалт судалгааны багийг уг бүс рүү илгээсэн байна.
Мөн галт уулын дэлбэрэлтээс үүссэн хорт хий тус улсын өмнөд эргийн Олфус мужид хүрэх төлөвтэй байгаа учир орон нутгийн удирдлагаас оршин суугчиддаа цонхоо хааж, гэрээс гарахгүй байх зааврыг өгчээ. Тус мужид нийт 2000 гаруй хүн амьдардаг билээ.
Эх сурвалж: DW
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна