Баривчлах байранд халдвар илэрсэнийг НУУЦАЛЖ байна

2021/03/26

ШШГЕГ-ын харъяа 407 хорихын ангийн дэргэдэх баривчлах байранд халдвар илэрчээ. Тус байранд гэр бүлийн маргаан, согтууруулах ундаа  хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг Зөрчлийн хуулиар баривчилах арга хэмжээ авхуулсан хүмүүсийг саатуулдаг аж. Уг баривчилгааны байранд нийт 250  орчим хүн хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд энэ сарын 22-нд нэг хүнээс Ковид19-ийн халдвар илэрчээ. Хариу нь эерэг гарсан залуу гуравдугаар сарын 16-нд тус байранд баривчлагдан ирсэн байна.  Үүнээс хойш хоёр хоногийн дараа халуурч, баривчлах байрны эмчид хандсан ч арга хэмжээ аваагүй аж. Маргааш нь тэрээр хүйтэн усанд орсон бөгөөд бие нь хүндэрч хоёр хоногийн дараа буюу 21-ны шөнө ХӨСҮТ-ийн ажилтнууд ирж авч явсан гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэллээ. Баривчлах байрны 2 давхарт ойролцоогоор 144, гуравдугаар давхарт төлбөртэй өрөөнд мансууруулах бодисны өвчтөн, эмэгтэйчүүд, хүүхэд болон төлбөртэй өрөөнд нийт 110 орчим хүн саатуулагдсан байсан аж. Хоёрдугаар давхарын нэг өрөөнд 8 хүн байдаг бөгөөд хоолонд орохдоо 72, 72-оороо хоёр ээлж болон нэг дор хооллодог аж.  Өдөрт гурван удаа ийм маягаар хооллодог байна. Харин гуравдугаар давхарт төлбөртэй өрөөнүүд байдаг бөгөөд тусдаа хоолоо иддэг гэнэ.

Анх халдварын шинж тэмдэг илрэхэд “Энд хүн халуураад байна” гэж саатуулагдсан хүмүүс анхааруулсан ч эмч нь үзээд эм өгөлгүйгээр орхисон гэнэ. ХӨСҮТ-ийн ажилтнууд ирж, халдвар илэрсэн залуугийн өрөөнд хамт байсан 7 хүнийг тусгаарласан байна. Гуравдугаар сарын 23-нд саатуулах байранд байсан бүх хүнээс шинжилгээ авчээ. Саатуулагдсан хүмүүс 2 цагийн зайтай 16-аараа “00”-д ээлжлэн ордог аж. “Хэрэв хүндээр бие зассан тохиолдолд ариун цэврийн цаасаа хаяг хогийн сав байдаггүйгээс ил задгай хаях нь ил байдаг.  Уг нь саатуулах байранд саатуулахаар хүлээж авахдаа түргэвчилсэн PCR шинжилгээ авдаг. 20 минутын дотор хариу нь гардаг. Миний мэдсэнээр 80 хүн 16-нд очсон, 17-нд 19  хүн ирсэн. 18-нд бас хүмүүс ирсэн. 144 хүн хоёрдугаар давхарт, ажилтнууд нь 270-аад хүн, 3 давхарт 110 хүн байсан. Өөрөөр хэлбэл тэр байранд нийт 500 орчим хүн байсан. Халдвар бүрэн тархсан байж болзошгүй нөхцөл байдалд бид байсан” гэж эх сурвалж мэдэгдсэн бол халдвар илэрч тусгаарлалтад байгаа өөр нэгэн эх сурвалж “Тэр залуу хүйтэн усанд ороод бүр хүндэрсэн. Өрөөнд байсан хүмүүсийг нь  үлдээгээд тэр залууг авч явсан. Үүнээс болоод тэр залуутай нэг өрөөнд байсан хүмүүсийг гуравдугаар давхарт тусгаарлаж, тус давхарт байсан хүмүүсийг хоёрдугаар давхарт байсан хүмүүстэй хольчихсон. Энэ хугацаанд 11 хүнийг шинжилгээ авалгүйгээр гаргасан. Өрөө нь тусдаа болохоос давхар нэг. Хоол цуг идсэн.  Дараа нь 11 хүн дахин гарсан. Гарах гэж байсан хүмүүсийг аваад явсан. 23, 24-нд гарах байсан хүмүүсийг авч яваад Нисэхийн  шинэ эмнэлэгт тусгаарласан. Асуухаар “Шинжилгээний хариу эерэг гарсан” гээд тусгаарласан" гэсэн юм.

Уг баривчлах байранд гуравдугаар сарын 3-нд саатуулагдаж 23-нд гарах ёстой байсан ч хугацааг нь сунгасан гэх шалтгаанаар хоёр хоног байлгасан бөгөөд мөн халдвар илэрч 25-нд тусгаарлагджээ.

Түүний өрөөнд байсан 8 хүнээс 3 хүн нь тусгаарлагдсан, 4 нь үлдсэн гэнэ.  Төлбөртэй өрөөний хүмүүсийг энгийн өрөөтэй нийлүүлсэн нь халдвар тархаах үндэс болсон гэж тусгаарлагдсан хүмүүс ярьж байна. Энэ талаар хэвлэл мэдээлэл хандаж болохгүй гэж баривчлах байрны ажилтнууд хэлсэн бөгөөд шаардлага тавьбал бороохойдож байна гэж эх сурвалжууд хэлж байна. Мөн халдвар илэрсэн хүмүүсийн гэр бүлийнхэнд зөвхөн ойр дотных нь хүнээс халдвар илэрсэн гэж дарамталж байгаа гэнэ.  

Энэ хугацаанд баривчлах хугацаа нь дуусч цөөнгүй хүн гарсан гэлээ. Мөн саатуулах байрны ажилтнууд халдвар авсан байх магадлалтай бөгөөд ээлж солигдохгүй, бие тавгүйрч бөөлжих болсон гэх мэдээлэл ч байна.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна