"Цалин бага, цаг наргүй ажиллаж байгаа эмч нар сөхрөхөд ойрхон байна"

2021/03/30

Дэлхийн эмч нарын баярын өдрийг угтаж Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооноос "Цар тахал ба цалин хөлс" сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.

Цар тахлаар ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудын заримд нь  илүү цагийн хөлс олгоогүй, заримд нь дутуу олгож  байна гэж Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон хэллээ. Хөл хорионы үед эмнэлгийн ажилтнуудын цалинг гурав дахин нэмэгдүүлж олгоно гэсэн хуулийн заалт байдаг ч энэ хууль хэрэгжихгүй байгаа бөгөөд эмч эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн хөлс цаг хугацаандаа олгогдохгүй байна гэлээ. 

Мөн голомтод ажиллаж буй эмч нарын илүү цагийн мөнгө харилцан адилгүй байгаагаас гадна зарим дүүргийн эрүүл мэндийн төвүүд өрөнд орж, хаалгаа барих хэмжээнд хүрээд байгаа тул мэдээлэл өгч, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх талаар мэдээллээ.

Монголын эрүүл мэндийн холбооны үйлдвэрчний эвлэлийн дарга Х.Ариунаа “Монголын эрүүл мэндийн холбооны үйлдвэрчний эвлэлийн холбоо эмч нарын баярын өдрөөрөө монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж байгаа эмч нарын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах ажлыг зохион байгуулж байна.

Цар тахлын үед манай салбарынхан маш их ачаалалтай ажиллаж байна. Нэг жил гаруй хугацаанд амралт, чөлөө завгүй ажилласан. Зарим эмнэлгийн эмч нар 365 хоногийн 180-220 хоногт нь орон гэрээ орхиод, эмнэлэг дээрээ байрлаж ажиллаж байна.  

Гэвч авдаг цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байна. Их эмч 750-850 мянган төгрөг, сувилагч 670-720 мянга, үйлчилгээний ажилчид 460-550 мянган төгрөгийн цалин авдаг. Үүнээсээ нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Түүнчлэн энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн 90 орчим хувь нь цалингийн зээлтэй.

Энэ зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш монголын гурван сая гаруй хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал.

Тиймээс эмнэлгийн алба хаагчид ардаа санаа зовохгүйгээр ард түмнийхээ төлөө ажиллах шаардлагатай. Гэвч тийм боломж хязгаарлагдмал байна. Илүү цагийн урамшууллыг хүмүүст олгосон гэж төр засгаас мэдээлж байгаа боловч халуун цэг дээр ажиллаж байгаа хүмүүст илүү цагийн хөлс олгоогүй.

Хэрэв богино хугацаанд яаралтай арга хэмжээ авахгүй бол эрүүл мэндийн алба хаагчид сөхөрлөө. Ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах аргагүй болоход ойрхон байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.