Супер хүн бүтээх хүсэлдээ автан галзуурсан гэмээр нэгэн эр өөрийн төрсөн охины амьдралыг там болгосон түүхийг ЗӨВ.МН бэлтгэн хүргэж байна.
1957 оны аравдугаар сарын 23-ны өдөр Мауд Жулиен энэ хорвоод мэндэлжээ. Түүний эцэг Луи Дидиер 50 насандаа ердөө 22 настай Женин охинг эхнэрээ болгосон нь хэсэгтээ л хотын иргэдийн ярианы сэдэв болжээ. Амжилттай яваа бизнес эрхлэгч Луид охиноо гэргий болгон өгсөн ядуу уурхайчин эцэг эх нь Женин охиныхоо ирээдүйг нэг их санаа зовсонгүй.
Гэсэн ч Дидиерын Женинтэй гэрлэсэн цор ганц шалтгаан бол хүүхэдтэй болж, түүнийгээ төрсөн цагаас нь эхлэн супер хүн болгон өсгөх байв.
Бяцxан Мауд охинд чөлөөт цаг, тоглож наадах хүүхэд нас байсангүй. Маудыг таван настай байхаас эхлэн тархийг нь эцэст нь тултал хөгжүүлж, супер хүний тархи болгонo хэмээн улайрсан эцэг нь өдөр шөнөгүй хичээл орж, боловсролоор ''нүддэг'' байв.
Гэрээс гарах завгүй, эрхгүй охин бусадтай харилцах ямар ч боломжгүй байсан бөгөөд элдэв хэрэгцээгүй зүйл шулганаж, чалчиж болохгүй гэх эцгийнхээ үгнээс айсандаа нэг ч найзгүй, ярилцах хүнгүй хүүхэд насаа өнгөрөөжээ. Охины цор ганц найзууд нь гэрийн тэжээвэр амьтад нь байв.
''Супер хүн нь амьтадтай ойлголцож чаддаг байх ёстой гэж эцэг минь итгэдэг байсан нь надад зол болсон гэх үү дээ. Хайртай амьтад минь дэргэд байгаагүй бол би аль хэдийн галзуурчихсан байх байлаа.''
Охины шахуу хуваарь, бэлтгэл, дасгалууд дотор хөгжмийн хичээл багтдаг байв. Дидиер супер хүн бүх хөгжмийн зэмсгийг тоглож чаддаг байх ёстой хэмээн итгэдэг байсан тул охиноо бүх хөгжмийг төгс тоглож сурахыг шаарддаг байлаа. Мөн хүүхэд үг хэлэх, ярих нь тэдний тархи хөгжихөд садаа болж, юмсыг ухаалгаар бодоход нь сөргөөр нөлөөлж байдаг гэж үзсэн тул охиндоо ''Ухаантай юм л хэлэхгүй бол нэг ч үг битгий хэл'' хэмээн үргэлж захидаг байжээ.
Балчир охин ухаалаг зүйлс хэлэхийг хичээх ч ''ухаалаг үгс'' эсвэл ''хэрэггүй чалчаа үг'' хоёрыг сайн ялгаж мэдэхгүй тул дуугүй байх нь хамгийн зөв сонголт болжээ.
Хожим чимээгүй байх ёстой гэсэн дарамтад хэтэрхий удаан явснаасаа болж цэцэрлэгч эрд хүчиндүүлж байхдаа ганц ч авиа гаргаагүй гэдэг.
Дидиер охиноо үргэлж ойроос ажиглаж, сул тал бүрийг нь тэмдэглэж авч, үүнийг хэрхэн үгүй хийх талаараа ''өдрийн бодол шөнийн зүүд'' болдог байв. Нэг өдөр охиноо мэрэгч амьтдаас айхыг нь харсан Дидиер Маудыг хөл нүцгэн чигээр нь мэрэгч амьтдаар дүүрсэн зооринд оруулж хаалгыг нь түгжжээ. Эцгийнх нь энэ хүн бус үйлдлийг эх нь огтхон ч хориглоогүйгээр барахгүй, нөхрийнхөө зөв хэмээн хэлсэн нь охиныг амьдрах итгэл найдваргүй болгожээ.
Охин тав тух гэдэг зүйлийг ганц ч удаа мэдрэхгүйгээр хүүхэд насаа өнгөрөөв.
Хэрцгий аав нь супер хүн болохын тулд оюун ухааны хүч сайтай байхаас гадна биеийн чадал тэнхээ ч мөн сайн байх ёстой хэмээн үздэг байсан учир охиныхоо унтах цагийг бага багаар багасгаж, цэв хүйтэн халаалтгүй өрөөнд нимгэн хувцастай унтуулж, ямар ч шим тэжээлгүй, амтгүй хоол өгдөг байв.
Үүгээр ч зогсохгүй охиныг хүйтэн усанд оруулж, ердөө есөн настайд нь биеийг нь спиртэд дасгах нэрийдлээр нэг аяга виски хоолных нь үеэр уулгадаг болжээ.
Галзуурсан эцгийнхээ гарт өнгөрөөсөн там мэт он жилүүд 16 насанд нь төгсөх шатандаа орлоо. Эцэг нь хөгширч, нас явсан тул охиндоо өөрөө хөгжмийн хичээл зааж чадахгүйд хүрч, нэгэн хөгжмийн багш хөлсөлсөн нь охиныг хүчирхийлэл дунд амьдарч буйг ажиглаж мэдээд ''өөрийн байрандаа хөгжмийн хичээл орно'' хэмээн эцгийг нь ятгаж чадав. Ингээд охин хөгжмийн багшийнхаа гэрт ирдэг болсноос хоёр жилийн дараа багшийнхаа мэдлийн хөгжмийн дэлгүүрт худалдагчаар ажилд орж, тэндээ ирээдүйн нөхөртэйгөө танилцсанаар хүчирхийлэл дунд амьдарсан 18 жил өндөрлөсөн байна.
Хүүхэд насанд хүний хүмүүжил, төлөвшлийн суурь, хамгийн чухал хөгжил явагддаг, гэтэл уг үе шатыг алгасаж, аймшигт хүчирхийлэл дунд амьдарсан охинд эгэл жирийн нийгэмд дасан зохицох амар байсангүй. Шим тэжээлгүй хоол хүнс хэрэглэж, авах ёстой амин дэмээ авч чадаагүй тул шүд нь өвчилж, эрүүл шүд үлдсэнгүй. Бага наснаасаа тогтмол согтууруулах ундаа хэрэглэсэн охины элэг муудсан байлаа.
Гэсэн ч Мауд амьдралаа шинээр эхэлж, сэтгэл зүйч мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд өөрийн амьдралын туулж өнгөрүүлсэн бүхнээ ном болгон хэвлүүлсэн нь дэлхий даяар алдартай болж олон сая борлуулагдсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна