Даланзадгад сумын төв талбайд ''Оюу-Толгой'' компаниас гэнэт халагдсан гэх иргэд өлсгөлөн зарлаад хоёр өдөр өнгөрч байна. Уг асуудал хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсан бөгөөд энэ талаар ''Оюу-Толгой'' компанийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзоригтой холбогдож, тодруулсан юм.
Өлсгөлөн зарласан ажилчдын ярьж буйгаар 2021 оны хоёрдугаар сарын 28-нд “Оюутолгой” ХХК Хүдрийн хаягдал хадгалах байгууламж буюу далан хэлтсийнхээ 22 хүнийг ажлаас гэнэт халсан гэлээ.
Тэд 2015 онд тус компаниас Өмнөговь аймагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу ажилд орсон хүмүүс хэмээсэн бөгөөд ажил олгогчдын зүгээс “Далан хэлтсийн ажлыг гэрээгээр гүйцэтгэх тендерт “Хишиг Арвин Индустриал” ХХК шалгарсан тул та нарыг ажлаас халах боллоо” гэсэн ганцхан шалтгаан дурдаж, халсан гэсэн юм.
Оюу-толгой компанийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг бидэнд дараах тайлбарыг өглөө.
''Юун түрүүнд Даланзадгад сумын төв талбайд суулт, өлсгөлөн зарлаад буй хүмүүсийн эрүүл мэнд, биеийн байдалд санаа зовниж буйгаа илэрхийлж байна. ''Оюу толгой'' компани нь Өмнөговь аймгийн ажил эрхлэлтийг дэмжих бодлогын хэрэгжилтэд тууштай хандаж ирсэн билээ.
Эдгээр гомдол гаргаад буй иргэд нь Оюу-толгойн далангийн хэлтсийн гэрээт гурван компанид улирлын чанартай ажил эрхэлдэг байсан бөгөөд Оюу-толгой компанийн үндсэн ажилтан байгаагүй.
Бидний хувьд гэрээт компанийн өмнөөс тайлбар хийх нь зохисгүй боловч ''Хишиг Арвин'' компанийн өгсөн мэдээллээс үзэхэд эдгээр хүмүүст байнгын ажлын байрны санал тавьсан боловч гэрээний нөхцөлийг дахин ярилцах үүднээс гэрээнд гарын үсэг зураагүй гэж ойлгож байна. Санал болгосон ажлын байрны нөхцөл нь эдгээр хүмүүсийн өмнө авч байсан цалин урамшуулалтай ойролцоо нөхцөлтэй байсан.
Гэрээт компанийн сонгон шалгаруулалттай холбоотой, 2021 оны хоёрдугаар сард нийт 30 операторын гэрээ дууссан бөгөөд эдгээрээс:
- Найман хүн Оюу толгойн бусад гэрээт компаниудад
- 11 хүн ''Хишиг Арвин'' компанид тус тус ажилд ороод байна.
Оюу толгой компани нь Өмнөговь аймгийн удирдлагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллах ба Хишиг Арвин компани Өмнөговь аймагтай тохирсон зарчмуудын хүрээнд үүсээд буй асуудлыг шийдвэрлэнэ гэж итгэж байна.'' хэмээсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна