Хэрээс хэтэрсэн машин ачилтын компаниудын "ДЭЭРЭМ"-д хэн хариуцлага тооцох вэ

2021/10/30

Авто замын хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчин байрлуулсан автомашиныг Нийслэлийн Засаг даргын захирамжаар ачиж журамлах шийдвэр гаргаад нилээдгүй хэдэн жилийг үдлээ.

Сахил хүртээд шал дордов гэгчээр машин ачиж, журамлаад түгжрэлийн асуудал шийдэгдсэнгүй. 

Авто зогсоол хүрэлцээгүй учраас нийслэл хотод ажил амжуулах гэсэн хүн ямар нэг байдлаар аль нэг байгууллагын гадна машинаа байрлуулахаас аргагүйд хүрдэг. 

Иргэд аль болох автомашин байрлуулахыг хориглоно гэсэн тэмдэг тэмдэглэгээгүй газарт машинаа байршуулдаг. Гэтэл ашиг, орлого хайсан компаниудын улайрсан үйлдэл хэрээс хэтэрж, иргэдийн хувийн өмч болсон автомашиныг ямар ч хэлгүй, сэмээрхэн ачаад явчихдаг болсон.

Эзэн нь гараад ирчхээд байхад өгөхгүй зүтгэн, зарим тохиолдолд иргэний биед халдах, хэл амаар доромжлох тохиолдол ч гардаг.


Эл үйлдлээ тэд “Замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэн түр саатуулсан. Бид ачих эрхтэй, дүрэм, журам нь энэ байна” хэмээн иргэдийн амыг таглан, өөрсдийнхөө үйлдлийг зөвтгөх нь бий.

Анх хэл үггүй ачдаг байсан асуудлыг 2019 оны зургадугаар сард “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ын шинэчлэн баталж, гурван удаа чанга яригчаар тухайн машины улсын дугаарын дууддаг болсон.

Чанга яригч нь тод сонсогддоггүй, ойлгож сонсоход хүндрэлтэй байдаг талаар машинаа ачуулсан олон иргэд хэлнэ.

Түүнчлэн автомашинд суугаа нэг нь чанга яригчаар тухайн машины улсын дугаарыг дуудаж байх хооронд нөгөө  ажилтан нь бэхэлгээгээ хийж байх жишээтэй.

Үндсэндээ нэг машин ачихад 1-2 минут орчмыг л зарцуулна. Зарим тохиолдолд 20-30 секундэд ачдаг гэдгийг цахим орчинд түгсэн бичлэгүүдээс тод харагдана.

Ачилтын 60 мянган төгрөг

Нийслэлд хувийн хэвшлийн 14 ачилтын компани бий. Нэг машин ачихад 60 мянган төгрөг авдаг. Олсон орлогоосоо тодорхой хэмжээний мөнгийг төсөвт төвлөрүүлдэггүй.

Бусад компаниудын л адил НӨАТ, аж ахуйн нэгжийн татвар, орлогын албан татвар зэргийг төлдөг ч иргэдээс авч буй 60 мянган төгрөг, үйл ажиллагаандаа гаргаж буй зардал, олж буй ашигийг бодоод үзвэл асуудалтай.  

Тоо бодож үзье. Нэг компани өдөрт хамгийн багадаа 20 автомашин журамладаг. Энэ нь өдөрт 1.2 сая төгрөг. Ачилтын 14 компани 20 автомашин журамладаг байна. Энэ нь 16,8 сая төгрөг бөгөөд ганцхан өдөрт эргэлдэж буй мөнгөн дүн юм.

Тэгвэл “Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо” гэж байдаг бөгөөд тус холбооноос 60 мянган төгрөгийн 10 хувийг нийслэлийн авто замын хөгжлийн газарт өгөх санал хүргүүлсэн гэх ч одоог хүртэл шийдэгдээгүй л байна. Ямартай ч төдийгөөс өдий хүртэл машин ачлагын компаниуд ачлагын 60 мянган төгрөгийнхөө дор хаяж 10 хувийг улсад тушаах боломжтой байсан ч халаасандаа үлддэг байж.

Тус 10 хувь нь замын тэмдэг, тэмдэглэгээ, авто зогсоолыг нэмэгдүүлэх ажилд зориулагдах юм.

Авто зогсоол

Энэ асуудлыг шийдэх хамгийн боломжит хувилбар бол авто зогсоол. Зогсоолтой бол иргэд хаа хамаагүй автомашинаа байрлуулахгүй, дүрэм зөрчихгүй.

Харин бодит байдал дээр төлбөргүй битгий хэл төлбөртэй зогсоол ч хомс байдгаас тэмдэг тэмдэглэгээгүй газарт байрлуулах нь элбэг байдаг. 

Нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй зогсоол 2382, зөвшөөрөлгүй 5312 зогсоол байгаа гэх статистик байдаг. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалж үзээд, 15696 автомашины төлбөртэй зогсоолыг зохион байгуулах боломжтой гэж үзжээ. Гэтэл энэ нь цаасан дээр бичигдсэн хоосон үр дүнгүй судалгаа хэвээр байна.

Машин ачихдаа хувь хүний эзэмшил, эд хөрөнгөнд халдахдаа эзэнд нь заавал мэдэгдэх ёстой. Үүнээс гадна ачилтын компаниуд журмын хашаагаа стандартад нийцүүлсэн камер, гэрэлтүүлэг, зогсоолтой болгох шаардлагатай. Авто замын хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчин байршуулсан автомашиныг нийслэлийн Засаг даргын захирамжаар ачиж журамлах А/601 дугаартай захирамж бий.

Харин тус журмыг буруугаар ашиглаж, автозамын хөдөлгөөн саад учруулаагүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, хориглосон тэмдэг, тэмдэглэгээгүй газраас ачих асуудлаг гаарсан.

Эзэн нь гарч ирсэн ч чирэх нь холгүй ачаад явдаг. Иргэдтэй зүй бусаар харьцах, биед нь халдах асуудал гарсаар байгаа юм. 

Нийслэлийн автозамын хөгжлийн газар уг нь энэ асуудалд анхаарах ёстой байгууллага нь. 

Боловсон хулгай гаарч, ил дээрэм болчхоод байхад хэн ч анхаарахгүй, хариуцлага тооцсонгүй. Иргэд нь хохирсоор байхад машин ачилтын компаниудаа бөөцийлсөөр л байгаа нь хачирхалтай. Энэ асуудалд анхаарах, хяналт шалгалт хийх байгууллага бодит байдал дээр байхгүй нь харамсалтай. 

Иргэдийн автомашиныг "хулгайлах" шахам ачаад явдаг, иргэдтэй зүй бусаар харьцдаг машин ачилтын компаниудад хэн хариуцлага тооцох вэ ?




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.103
    2021/10/31

    Эгэ бол.хувааж идэгчдийн бүлэг. З/б-лагч нь өнөө цагдаагийн шинэ хуучин хурандаа томчууд...

    Хариулах
  • 192.82.71.166
    2021/10/31

    naaduul chini bol honinuud,honichind ni hariutslaga tootsotsgooy tehv??deerees ni udurt olon mashin achaarai g daa n hurandaa nariin vvreg bii,achilt hiij bga zaluustai yu yarihawdee,huulii ni batalsan hotiin mer,achiltiin kompaniig udirdaj bga hurandaa nart l ene vgee hel vher mongolchuudaa

    Хариулах
  • 122.210.133.193
    2021/10/31

    Mashinaa tavih yosgui gazar tavisan bol avral bhguu l achaad avaad yavdag yum . Gadaadad. Tailbar sonsohgui. Bsn gazar ni bichig uldeegeed avaad yabcgdag yum bnlee. 200 usd tolj daraa ni ochij avsan

    Хариулах
  • 64.119.18.159
    2021/10/31

    Хурандаа нар хувиин бизнес судалаад үзүүрэи

    Хариулах
  • 64.119.23.23
    2021/10/30

    21 зуун шүү дээ. Зүгээр л зөрлийн хуудас наачих. Бүх юм цахимжсан шүү дээ. Хугацаа заагаад илүү хоног тутамд нь хүү бодчих.

    Хариулах
  • 103.57.94.38
    2021/10/30

    Энэ нэг улаандаа гарсан хулгайч нарыг нийлж байгаад хандыг нь дарчихгүй. Манай монголчууд гэж хөгийн хувиа бодсон улс болжээ. Ветнам Хужаа нар бол яах бол доо.

    Хариулах
  • 103.229.121.235
    2021/10/30

    hovshiin garuud

    Хариулах