Ж.Мягмар: Хүүхдээ цэцэрлэгт үргэлжлүүлж хамруулах хүсэлтэй эцэг, эхчүүд цэцэрлэгийн захиргаанд хүсэлт гаргана

Х.Есү
2021/12/07

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр болсон билээ.

Тодруулбал, Улаанбаатар хотод энэ баасан гарагийг дуустал, орон нутагт 17-ны өдрийг дуустал хичээллээд цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох, ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 10-ны өдрөөр дуусгавар болгож, 13-17-ны өдрийн хичээлийг 100 хувь цахимаар, Их, дээд сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг энэ долоо хоногийг дуустал хэвийн горимын дагуу үргэлжлүүлж, арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс амраах шийдвэрийг БШУЯ-наас гаргасан.

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар: 

"Амралтын хугацаанд гэртээ харах хүнгүй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд буюу цэцэрлэгт зайлшгүй хамрагдах шаардлагатай хүүхдүүдээ цэцэрлэгт авна. Нөгөөтэйгүүр, хажууд нь харах хүн байсан ч тэр нь өндөр настай, эсвэл хүнд өвчтэй, гэрт нь түлээ нүүрс, халуун хоол ундгүй буюу амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдээ хүлээн авна.

Хүүхдээ цэцэрлэгт үргэлжлүүлж хамруулах хүсэлтэй эцэг, эхчүүд цэцэрлэгийн захиргаанд хүсэлтээ гаргана. Цэцэрлэгт хамруулах шаардлагатай хүүхдүүдээ холимог хэлбэрээр хамруулах зайлшгүй хэрэгтэй байгаа талаар УОК-т уламжилж, зөвшөөрөл авсан. Өөрөөр хэлбэл, гэртээ харах хүнгүй, ахуйн эрсдэлд өртөх магадлалтай 4-5 насны хүүхдүүдээ хүлээж авах бүлгийг зайлшгүй ажиллуулах шаардлагатай байна. Энэ хүрээнд цар тахлын үеийн дэглэмүүдээ баримтлан, нэг ангид байх хүүхдүүдийн тооны хязгаар хэвээр мөрдөгдөнө." гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна