Засгийн газар баяр болгоноор ахмадууддаа том “бэлэг” гардуулдаг уламжлалтай болсон. Хоёрхон жилийн өмнө ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж, магнайг нь хагартал баярлуулж байв. Тэгвэл энэ жилийн сар шинийн бэлэг нь тэтгэвэр нэмэх байлаа. Өчигдөр УИХ ээлжит бусаар хуралдаж, тэтгэвэр нэмэх шийдврийг эцэслэн баталлаа. Ингэснээр ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээ 350-аас 500 мянган төгрөг болж нэмэгдэв. Харин хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 байсан нь 400 мянга болж өслөө. Тэгвэл 500-аас дээш мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмадуудын гар дээрээ авдаг мөнгө нь 15 хувиар нэмэгдэж байна. Өнөөдөртөө багтаад банкууд 465 мянган ахмадын нэрийн дансанд нэмэгдүүлсэн тэтгэврийг байршуулна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдэгдсэн.
Тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотойгоор иргэд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж, баярлах нь баярлаж, бухимдах нь бухимдлаа. Ерөнхий утгаараа бол яах аргагүй ахмадуудыг баярлуулсан үйл явдал мөн. Харин цаашид инфляци өсөхөөр дагуулж тэтгэврийг 5, 10 төгрөгөөр нэмдэг арга ядсан тогтолцоо хэвээрээ байсаар байх уу. Тэтгэвэрт гарсан нийгмийн даатгалын тогтолцоогоо, тэр дундаа ахмад настны тэтгэвэртэй холбоотой асуудлуудаа шинэчлэх, цэгцлэх цаг болоогүй юу гэдэг асуултыг энэ шийдвэр араасаа дагуулж л байна.
Өчигдөр ээлжит бус чуулганаар тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “2 жилийн өмнө тэтгэврийн зээл тэглэж байхад би ийм косметик засвар хийгээд цаашдаа сайн үр дүн гарахгүй. Тэтгэврийн шинэчлэлээ хий гэж хэлж байсан. Тийм ч учраас эхний хуулиа өргөн барьсан. Үнэхээр тэтгэврийн сан чинь тэтгэвэртээ гарчихлаа. Одоо тэтгэвэр нэмж байгаа нь цагаа олсон шийдвэр мөн үү гэвэл мөн. Гэхдээ хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Цаашид бид инфляцаа дагуулж тэтгэврээ нэмдэг байдлаар явах юм уу, олон тулгуурт тогтолцоог бий болгоод, төрөөс нэмэх шийдвэр хүлээдэг биш авдаг тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцдэг тийм шийдлийг олох ёстой юу.
Мөн тэтгэврийн индексжүүлэх асуудлаа шийдэх ёстой. Хуваарилалтаас хагас хуваарилалт уруу шилжих бол Нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг хагас хуримтлал руу шилжүүлж чадвал нөгөө тэтгэвэр өвлүүлэх асуудал яригдана. Эргээд үл хөдлөх хөрөнгө уруу оруулж чадвал хөрөнгийн зах зээлийг дэмжсэн бодлого болно. Цаашлаад Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа бол орон сууцанд ор гэж МАН амласан шүү” хэмээн хэлж, бас санууллаа.
Ерөөсөө л энэ. Үе үехэн 50, 60 мянгаар, эсвэл хэдэн жил болоод 100, 200-гаар тэтгэвэр нэмэх. Доод хэмжээг нь өсгөх маягаар цаашид яагаад ч явахгүй. Дахиад 10, 20, 30 жил энэ янзаараа явбал төсөв ч дийлэхгүй. Тэтгэвэр тооцож байгаа аргачлал, зөрүү гээд шударга бус зүйлсийг тооцвол барагдахгүй их. Олон тулгуурт тогтолцоо бий болгоно гэдэг хамгийн зөв шийдэл. Наанадаж л эрх баригчид мөрийн хөтөлбөртөө тусгасан “Хуримтлалын нэгдсэн сан ба орон сууцтай өрх” амлалтаа биелүүлэх чиглэлээр ажиллаж эхлэх шаардлагатай байна. Мөрийн хөтөлбөрийн 1.2.1-т “Нийгмийн даатгалын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, “Хуримтлалын нэгдсэн сан” байгуулан иргэн бүр нэрийн дансандаа бодит хуримтлалтай болох тогтолцоог бий болгоно”. 1.2.3-т “Хуримтлалын нэгдсэн сан”-гаар дамжуулж, нийгмийн даатгал төлдөг иргэн анх удаа орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөргүй ипотекийн зээлд хамрагддаг тогтолцоог бий болгоно” гэсэн заалтуудыг л ажил хэрэг болгох хэрэгтэй. Одоо эртхэн хэрэгжүүлж, нийгмийн даатгал төлж байгаа залуучуудынхаа ирээдүйг бодохгүй бол эв хамтын тогтолцоо чинь явахгүй нь.
“Хуримтлалын нэгдсэн сан”-гаа хурдхан байгуулаад, нийгмийн даатгал төлдөг иргэдэд урьдчилгаагүй ипотекийн зээлд хамруулдаг болчихвол олон асуудалд эерэгээр нөлөөлнө. Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зугтдаг, олж байгаа хэдэн төгрөгөө бүтэн гар дээрээ авья гэж боддог хүмүүсийн үзэл бодол өөрчлөгдөнө. Өөрийн гэсэн хуримтлалын сантай болоод, түүнийхээ зарим хэсгийг орон сууцны урьдчилгаа болгоно гэвэл нийгмийн даатгалын шимтгэлээ ч гэсэн өндөр төлөхийн төлөө хичээх нь дамжиггүй. Цаашлаад хуримтлалын санд байгаа мөнгөнийхөө тодорхой хэсгээр хөрөнгө оруулалт хийж болдог, тэрийг нь зохион байгуулж өгдөг системтэй, байгууллагатай байвал бүр ч гоё. Энэ мэтээр иргэд өөрийнхөө дансыг өөрөө харж болдог, өсгөдөг, үржүүлдэг олон талт тогтолцоо л хэрэгтэй байна даа. Тиймээс мөрийн хөтөлбөртөө тусгасан хамгийн чухал амлалтаа биелүүлж, ажил хэрэг болгох цаг болжээ. 10, 20 жилийн дараа тэтгэвэрт гарах хүмүүс инфляци дагасан тэтгэврийн нэмэгдэл хүлээж суухыг хүсэхгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.132.217
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах