Н.Мандуул: Зээлийн гуравны нэгийг эзэлж байгаа Төрийн өмчит компаниудын асуудал гарцаагүй сөхөгдөнө

Өчигдөр 08 цаг 51 минут

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуултай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Юуны өмнө асуухад олон их наядын өр цэгцлэх, нийгэм улс төрийн хамгийн халуун цэг дээр та ямар шалгуураар ирсэн бэ?

- Хөгжлийн банкны энэ онцлог цаг үед захирлаар нь ажиллаж буй хүний хувьд нийтэд тодорхой үнэн, зөв мэдээлэл өгч, өөрийн байр суурийг илэрхийлэх нь зүйтэй байх. Өөрөө гарч ирж ярьж хэлж байхгүй бол миний өмнөөс хүмүүс дураараа ярьчихдаг юм байна. Би Хөгжлийн банканд ирэхээс өмнө нь Сангийн яаманд газрын даргаар ажиллаж байсан. Ажлын туршлагын ихэнх хугацааг Сангийн яаманд ажиллаж өнгөрөөсөн, мөн АНУ-д Фулбрайтын тэтгэлгээр MBA хийсэн юм. Сангийн яаманд голчлон Засгийн газрын бондын дахин санхүүжилтийн ажлыг хариуцаж ажиллаж байлаа. Улс төрөөс бол нилээд хол хүн л дээ. Ногдсон ажлаа мэргэжлийн түвшинд хийхийг урьтал болгож ирсэн. Хөгжлийн банк Сангийн яамны харьяа байгаа, тэр утгаараа Сангийн сайд энэ ажлыг санал болгосон. Амаргүй ажил, шинэ сорилт гэж ойлгож байсан ч 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлтэй гэдгийг нь ажлаа аваад л мэдэж байгаа юм. Монголбанк бүх активын чанар дээр нь шалгалт хийж үзээд өнгөрсөн оны /2021/ эцсээр л өнөөгийн нөхцөл ил болсон. Улстөрчид, хэвлэлийнхэн гээд хамгийн мэдээлэлд ойр хүмүүс хүртэл цочирдож хүлээж авсан. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын Засгийн газар, Сангийн сайд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар энэхүү нөхцөл байдлыг цаг алдалгүй олон нийтэд ил болгож, арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.

- Нийтэд том шок болсон шүү. Одоо нөхцөл байдал яаж өөрчлөгдөв?

- Өнөөдрийн байдлаар 220 шахуу тэрбумын зээл төлөгдсөн. Улс төрийн илт нөлөөлөл орсон гэж сэжиглэхүйц, олон тэрбумын зээлүүдийг өмнөх удирдлагууд ч бас төлүүлэх гээд янз янзаар л оролдож үзсэн юм билээ. Гэсэн ч хүч, итгэл, дэмжлэг дутаад байсан юм болов уу. Өчнөөн бонд гаргачихсан, гэвч бондын төлбөр гүйцэтгэгч Хөгжлийн банк нь ийм том нүхэнд уначихсан. Энэ асуудал болохоо байлаа гээд Засгийн газрын түвшинд хандаж танилцууллаа. Засгийн газраас бол манайхыг бүх талаар дэмжиж ажиллана, бүх юмаа дэлгэж үзүүл, муу нуухаар сайн илчил гэсэн чиглэлд хамтарч ажиллахаар санал нэгдсэн. Хэрэв Хөгжлийн банк зээлийн өрөө төлүүлж чадахгүй бол эдгээр бондын төлбөр явж явж Засгийн газар дээр бууна. Улс төрийн дэмжлэг гэдэг их том зүйл байдаг юм байна, үүнээс хойш их ч олон зүйл хөдөлгөөнд орлоо. Нөгөө зээлээ төлөх байтугай сураглаад олддоггүй байсан зээлдэгчид маань бүгд ирж уулзаад хэзээ төлөх үү, яаж төлөх үү гээд янз янзын санал тавьж байна. Зарим нь болохгүй санал ч байна, болж байгаа санал ч байна. Азаар улс төрийн хувьд би аль нэг тал биш, урдах ажлаа хийж явсан, хэн нэгэнтэй хамааралгүй хүн. Тийм ч учраас надад энэ албыг өгсөн юмуу гэж боддог.

- Мэдээж бүгд муу зээлдэгч биш байх. Жинхэнээсээ үйлдвэрлэл хөгжил дэвшил бүтээж яваа зээлүүд ч байна. Энийг яаж наанатай цаанатай ялгаж байна?

- Уян хатан байхаас ч аргагүй нөхцөл үүсчихлээ л дээ. Тиймээс бид маш энгийн зарчим барьж байгаа. Эхлээд хамгийн наад зах нь зээл зориулалтын дагуу зарцуулагдсан байх ёстой. Хоёрдугаарт нөгөө төсөл нь хэрэгжээд явж байх ёстой. Макро шокуудаас шалтгаалж хүндрэлд орсон бол Хөгжлийн банк бас тэрэн дээр нь арга зам цуг эрэлхийлээд ярилцах ёстой. Яахав өмнө нь зээлээ олгочихоод, тэр зээл яг зориулалтаараа явж байна уу гэдгийг хөөцөлдөх арга функц жаахан дутагдсан байх магадлалтай. Улс оронд үнэхээр хэрэгтэй, хөгжлийн төслүүд байна, жишээ нь цемент дээр гурав дөрвөн төсөл ямартай ч зарчмын хоёр шаардлагаа хангаад явж байгаа. Гэвч үнэндээ зарчмын энэ хоёр шаардлагаа ч хангах зээлүүд нь маш цөөхөн байна л даа.

- Зарим нь бүр казино тоглосон байж магадгүй гээд АТГ шалгаж байна. Тэгэхээр өнөө буруу чанаргүй зээлүүдийн маань яг хэдэн хувь нь зориулалтынбус болчихоод байна вэ? Барагцаа баримжаа өгч чадах уу?

- Хэцүү. Дөнгөж эхэлж байна шүү дээ, магадгүй энэ асуултыг өөр газраас асуух хэрэгтэй байх. Одоо бид яаж байна вэ гэхээр олгосон мөнгө үнэхээр зориулалтын дагуу байсан уу үгүй юу гэдгийг нөгөө зээлдэгчээс нотлох баримтаа өгөө гэдэг юм л шаардаад, эхлээд явж байгаа. Зарим нь шаардлага хангаж байна, зарим хэсэг нь зээл авсан дүнгийнхээ гучин хувийг ч нотлож чадахгүй. Гэвч манай Хөгжлийн банк ер нь түүнийг нотолдог, шалгадаг, айлгадаг газар нь мөн ч юм уу тиймээ? Ингээд бид АТГ-ын хүсэлтээр бүх зээлийн материалаа тийш шилжүүлсэн. Яг үнэхээр зориулалтын дагуу юм уу эсвэл өөр тийшээ казинод тоглосон уу ч гэдэг юм уу иймэрхүү зүйлийг бол хууль хяналтын байгууллага тогтоох ёстой.

-  Сангийн сайд гарч ирээд төрийн өрд тодорхой шийдэл гаргана гэж хэлсэн нь хүлээлт үүсгэчихлээ. Гэтэл гурван төгрөг тутмын нэг нь төртэй ямар нэг хамааралтай болчихсон байна шүү дээ?

- Хөгжлийн банк зургадугаар сарын 30-нд хагас жилийн, арванхоёрдугаар сарын 31-нд жилийн тайлангаа гаргана. Чанаргүй зээлийг шийдэх дээр том ахиц гаргахгүй бол олон улсын аудитууд манай талаар таагүй дүгнэлт гадагш гаргана. Нэгэнт монголчууд бондын төлөлт дээрээ ийм асуудалтай явж байна гэдэг эхний дохио мессэж гадагшаа цацагдаад эхэлбэл бондын төлөлтүүд маань ч хугацаанаасаа өмнө нэхэгдэж болзошгүй. Ар араасаа муу мэдээ хөврөөд явчихна гэсэн үг. Бид хэд бол хувийн хэвшилтэйгээ хамт зээлээ төлүүлээд эхнээсээ эерэг дохио уг нь харуулаад явж байна. Гэтэл нийт мөнгөний гуравны нэгийг эзэлчихээд байгаа Төрийн өмчит компаниудын зээлийг яах вэ гэж асуудал гарцаагүй сөхөгдөнө. Ямартай ч Төрийн өмчит компанийн өрийг төсвөөс төлөхгүй гэсэн хатуу зарчим барьж, бүгд тал талд толгойгоо ажиллуулж санаа шийдэл хэлэлцэж байна. Уг нь Төрийн өмчит компани дээр хөрөнгүүд бол байгаад байдаг. Энэ хөрөнгийг зөв зүйтэй замаар зах зээлийн эргэлтэд нь оруулах тийм л гаргалгаа шийдэл хамгийн түрүүнд хэлэлцэж байна. Сангийн яамнаас тун удахгүй Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх байх.

- Төрд хамаарсан энэ өр төлбөрийн асуудлыг цэгцэлбэл бондоо санхүүжүүлэх боломжтой юм уу?

- Ирэх жил хоёр ч том бондыг эргэн төлөх ёстой. Засгийн газрын баталгаатай Самурай бондын эргэн төлөлтийг нь цаг алдалгүй хийе гэсэн чиглэлд эх үүсвэрээ бид бэлдээд явж байна. Нөгөө талдаа бонд эзэмшигч, хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийгээд эхэлсэн, Цааш нь хөрөнгө оруулагч нэг бүрчлэн хэлэлцээр хийж уулзах юм. Магадгүй нэг дор бүх төлөлт хийгдэхгүй. Болсон, зөвшөөрсөн хоёр талаасаа шат дараалан хаагаад хаагаад явна гэсэн үг. 30 тэрбум иен бол одоогийн ханшаар 240-250 сая доллар байлаа гэхэд эхний ээлжид 50-100 сая долларыг хаагаад явна.Засгийн газрын баталгаагүй бондын эргэн төлөлтийг зах зээлийн зарчмаар нь эргэн төлөлт, дахин санхүүжилтийг уялдуулан хийх боломжтой.

- Энэ бондуудыг төлж чадахгүй бол Монгол улсын эдийн засагт ямар нөлөөтэй байна? Нэгжид ирэх нөлөөлөл нь юу байх бол?

- Засгийн газрын баталгаатай бондыг 2013 онд Хөгжлийн банк гаргасан. Хэрвээ Хөгжлийн банк эргэн төлөлтөө хийж чадахгүй бол батлан даагч буюу Засгийн газар үүнийг төлөх гэрээний заалттай. Уг нь анх Хөгжлийн банкийг байгуулсан зорилго бол манайхаас олгосон энэ их хөгжлийн зээлүүд үр шимээ өгөөд, эргэн төлөлт нь хийгдээд, дараагийн төслүүдээ санхүүжүүлээд, гадаадад гаргасан бондуудаа төлөөд явж байх учиртай. Даанч тэгсэнгүй. Хөгжлийн банк төлж чадахгүй болоод улс орон дефолт зарласан тохиолдолд олон улсын жишгийг харж байхад 5-10 жил гадны зах зээлээс тэр улс хаагддаг. Төр нь итгэл алдчихаар хувийн хэвшлүүдэд нь ч гадныхан итгэхээ больж эхэлнэ. Гадаадын санхүүгийн зах зээлээс хаагдана. Ханш зөрүүлж өснө ч гэдэг юм уу, маш олон том гинжин үр дагавартай. Энэ зүйлд хүргэхгүйн төлөө, аль болох цагийг нь тулгахгүйгээр одооноос эхлээд хийх гэж үзээд байна.

- Эерэгээр бодъё. Ирэх жил асуудлуудаа ингээд тэгээд шийдчихлээ, мөнгөтэй болчихлоо гэж төсөөлье. Дараагийн удаа ийм асуудал гарахгүйн тулд зээл олголтын тогтолцоо, засаглалын асуудлаа өнөөдрөөс бодож байгаа юу?

- Мэдээж өмнөх шиг байж болохгүйг бүгд ойлгосон. Чухам 10 жилийн өмнө яг юу болсон бэ, алдаа нь юу байв гэдгээ дүгнээд явах хэрэгтэй. УИХ-ын хянан шалгах түр хороо идэвхтэй ажиллана гэж ойлгосон. Засаглалын асуудлуудыг тодорхой болгох ёстой юм байна. ТУЗ-ийн түвшинд, хувьцаа эзэмшигчийн түвшинд, гүйцэтгэх удирдлагын түвшинд ямар байх ёстой юм. Үүнийг Хөгжлийн банкны хуульдаа оруулж байж хийх ёстой. Мөн зээл олгох процесс, судлах процесс, шийдвэр гаргалт, зээлээ олгосны дараа төслийн гүйцэтгэлийн хяналтыг яаж тавих вэ гэх мэт дотоод үйл ажиллагаанд ч засах процесс их байна. Зээлийн хүсэлтээ өгчихөөд шийдвэр нь гарчихаад байхад мөнгө олгох гэж хэдэн сар хүлээлгэдэг. Зуны сезон дуусах гээд байдаг. Үүнээс болж үнэтэй цаг хугацаа алдсан бизнесүүд байна. Нөгөөтэйгүүр, бас зөвхөн сайн төсөл гээд ТЭЗҮ авч ирээд олгоод байж бас болохгүй. Тухайн төслөө хэрэгжүүлэх тэр этгээд нь өөрөө яг чадавхтай юу гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгч байх ёстой. Зээлээ аваад казинод тоглосон ч юм уу, өөр зүйлд мөнгөө зарцуулсан, эсвэл хэрэв барилга барина гээд зээл аваад махны үйлдвэр барьсан байхыг үгүйсгэхгүй. Сүрхий гоё юм ярьсан, цүнхэндээ ТЭЗҮ-тэй нөхөр болгоны цаасыг нь л хараад байх биш, үнэхээр хэн юм бэ гэдгийг харах ёстой. Алт ухаж байсан хүн гэнэт барилга барина гээд манайхаас зээл авчихсан, нөгөө зээл нь муудсан тохиолдол байна. Ийм зүйлүүдээ засаж байж бид цааш явна. Миний зүгээс хувийн төсөөллөөр он дуустал эргэн төлөлт дээр бүтэн анхаарна. Банкны баланс эвтэйхэн болоод ирэхээр зэрэгцээд хууль эрхзүйн шинэчлэл дотроо хийх ёстой шинэчлэлүүдийг эхлүүлнэ. Олон улсын аудитын байгууллагуудаар засаглалын үнэлгээ хийлгэж үзнэ.

- Танд яг ямар амбиц байна? Өмнөх CEO-нууд чинь олонхи нь шүүх цагдаагийн хаалга татсан. Юу ч болж байсан би ийм ажлыг хийчихмээр байна гэсэн ямар ажил байна вэ?

- Би өмнөх ажилдаа дарагдаад олон нийттэй тэр бүр харилцаж, мэдээллээ өгдөггүй байсан юм байна. Одооноос үнэн, бодит мэдээллээр хангах тал дээр хичээх болно. Манайх шиг хөгжил буурай хэдий ч хөгжих потенциал ихтэй, томоохон дэд бүтцүүд заавал баригдах жамтай ийм улсад Хөгжлийн банк шиг механизм гарцаагүй шаардлагатай гэж боддог. Өмнөх нь буруудлаа гээд хэрэгтэй механизмаа хаяж болохгүй. Зөв бурууг шүүх хангалттай кэйсүүдтэй ч болчихлоо. Хөгжлийн банк 11 жилийн дараа шинээр, шинэ бодлоготой төрөн гарна гэсэн амбиц хүлээлт миний хувьд байна. Үүнд өөрийнхөө хувь нэмрийг оруулах зорилготой ажиллаж байна. Нэгэнт ийм галтай газар орсон ухрахгүй, эхлүүлсэн ажлаа дуусгаж эцсийг нь үзнэ гэж бодож байна. Гэхдээ зөвхөн ажлаа хийгээд яваад байж болдоггүй, заавал олон нийтэд зөв ойлголт өгөх, олон нийтийн дэмжлэг хэрэгтэй байдаг юм байна. Ингээд бараг анх удаа ярилцлага өглөө. Улс төрийн ч юмуу янз бүр зорилгоор гуйвуулах, сэвэх юмнууд миний төсөөлснөөс их юм. Энэ тал дээр бас ажиллах хэрэгтэй юм байна, твиттер хаягаа идэвхитэй хөтөлж эхэлсэн.

 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.200
    22 цагийн өмнө

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах
  • 202.126.89.60
    Өчигдөр

    Bolgoomjtoi bgrai. Busad zahirluudiig uls turchid yaasnig

    Хариулах
  • 66.181.161.118
    Өчигдөр

    Bayrlalaa mundag hvn shvv

    Хариулах