Авлигатай тэмцэх газраас есдүгээр сарын 21-ний шөнө "Дарханы арьж ширний цогцолбор" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхбаярыг баривчлан, 48 цагийн хугацаатай хорьлоо...
...Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Монголын төр иргэн, ААН-ийг дор хаяж 10 жилийн хугацаагаар бизнесээ төлөвлөх боломжоор хангахгүй байгаа нь алдаа болчихоод байна. Төрийн бодлого тогтворгүй, сонгуулийн циклээр улсын хөгжил, нийгмийн байдал өөрчлөгддөгийг болих ёстой. Сонгуулиар шийдвэр гаргагчид өөрчлөгдсөн ч төрийн бодлого хэвээр цаашаа үргэлжилдэг байх нь зүйн хэрэг. Одоо бол төрд илүү боломж олгосон хууль эрхзүйн орчин бий болчихоод байна. Үүнийг засахын төлөө явна. Төр дээр бүх зүйлийг төвлөрүүлдгээ болино, төр бизнес эрхэлдэгээ болино” хэмээн мэдэгдсэн. Ийн хэлсэн үгсийнх нь төлөө олон бизнес эрхлэгчид талархаж, итгэл тээж байна.
Тэгвэл яг энэ мэдэгдлийнх нь эсрэг үйлдэл Дархан-Уул аймагт болж байна. Тодруулбал, дөрвөн жилийн өмнө Дарханы төвөөс 4 км-ын зайд барьж байгуулж эхэлсэн “Дарханы арьс ширний цогцолбор” төслийн ажил зогсоод байгаа. Жилд 10 сая ширхэг арьс шир боловсруулан гадны зах зээлд гаргах хүчин чадалтай энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил зогссон шалтгаан нь тус үйлдвэрийн хажууд, яг ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулах үйлдвэрийг барьж байгуулахаар “Дарханы арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” нэртэй ТӨХК-ийг байгуулан, ТЭЗҮ-г нь хийлгэхээр “мөнгө зарж” эхэлсэн нь нэгэнт 60 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байгаа хувийн хэвшлийн бүтээн байгуулалтын ажил зогсох шалтгаан болоод байна.
Учир нь, Засгийн газрын тогтоол ёсоор хувийн хэвшлийнхний барьсан бүтээн байгуулалтын “дэд бүтэц”-ийг төр хариуцах ёстой бөгөөд энэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас хувийн хэвшил цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болж, Засгийн газрын тогтоолд итгэснийхээ төлөө “хад мөргөөд” байгаа юм. Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийнхэн 57 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийчихсэн бөгөөд хэрэв эрх баригчид Засгийн газрын тухайн үеийн тогтоолоо хэрэгжүүлэхгүй бол дээрх 57 тэрбум төгрөг Дархан орчимд балгас болон үлдэх эрсдэлтэй байна. Нөгөө талаар "Дарханы арьс ширний цогцолбор" ХХК тухайн бүтээн байгуулалтыг хийхдээ Дарханы 20 орчим компанийг гүйцэтгэгчээр ажилуулсан, тухайн гүйцэтгэгч компаниуд өөрийн хөрөнгөөр болон банк, банк бус байгууллагаас зээл авч тухайн ажлыг хийсэн учир өдгөө зээлийн хүүнд дарлуулж, яах учраа олохгүй сууцгаана. Тэд хэлэхдээ “Засгийн газрын шат дараалсан тогтоолтой, УИХ-ын гишүүд, сайд нар, Ерөнхийлөгч хүртэл энэ бүтээн байгуулалт дээр ирж, үзэж танилцаж байсан” учраас бид итгэж хөрөнгө оруулалт хийж, гүйцэтгэлийн ажлыг хариуцсан. МУ-ын одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан хотод сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ “Дарханд 6000 ажлын байр бий болгох энэ төслийг МАН заавал хэрэгжүүлнэ. Арьс ширний цогцолбор 2024 он гэхэд ашиглалтад орно. Гүйцэтгэгч та бүхэн чадлаараа хичээгээрэй. Төр дэмжинэ” хэмээн ярьж байсан учраас бид итгэл төгс, байгаа бүх боломжоороо ажилласан” хэмээн ярьж байна. Харин одоо тэд ажил хийснийхээ хариуд зарцуулсан мөнгөнийхээ хүүнд дарлагдаж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүрээд байгаа юм.
ЗГ-ын 185-р тогтоолыг зөрчин төр “үйлдвэр” барьсан нь
2018 оноос хувийн хэвшил болох “Дархан арьс ширний цогцолбор” /ДАШЦ/ ХХК жилд 10 сая ширхэг арьс, шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг барьж, өдгөө 60 хувийн гүйцэтгэлтэй явааг дээр дурдсан. Харин 2020 онд Засгийн газар 185-р тогтоол гаргаж, “Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” нэртэй ТӨХК-ийг байгуулахаар болсон. Тогтоолд зааснаар тухайн ТӨХК нь ДАШЦ төслийн эзэмшил, ашиглалтыг хариуцах, дэд бүтцийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хариуцах үндсэн чиг үүрэгтэйг заажээ.
Өөрөөр хэлбэл, нэгэнт хэрэгжиж буй ДАШЦ-ын дэд бүтцийг төр хариуцан, хувийн хэвшилд дэмжлэг үзүүлж, үүнийхээ төлөө тухайн төслийн эзэмшилд хувь эзэмших эрх, үүргийг тухайн ТӨХК-д олгосон нь 185-р тогтоолд тодорхой бичигдсэн байна.
Гэтэл, тухайн тогтоолыг гажуудуулан, эсрэгээр нь ашиглаж, хувийн хэвшилтэй яг ижилхэн үйл ажиллагаатай үйлдвэр барихаар ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан 2020 оноос ажиллаж эхэлсэн. Тодруулбал, тухайн ТӨХК-ийн нэрээр жилд 4.4 сая ширхэг арьс шир боловсруулах үйлдвэр барихаар Италичуудаар тэрбум орчим төгрөгөөр ТЭЗҮ хийлгэж, Дарханы ИТХ-аар 25 га газар гаргуулан авч, өдгөө тухайн газрынхаа хогийг цэвэрлэхэд 60 сая төгрөг зарцуулж... зэргээр ажилдаа орсон ба яг одоогийн байдлаар хагас дутуухан цэвэрлэсэн 25 га газартай ТӨХК л байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд тухайн ТӨХК-ийн хийсэн ажил нь энэ юм. Нөгөө талаар хийсэн маш том ажил нь 60 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байсан хувийн хэвшлийнхний ажлыг 0 зогсолтод хүргээд байна.
Энэ ТӨХК анх байгуулагдахаасаа л эхлэн хууль зөрчжээ. Тухайлбал, тухайн компанийн дүрэмд 20 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хэмээн Улсын бүртгэлд бүртгүүлсэн бол Шилэн дансандаа 4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хэмээн мэдүүлсэн байгаа юм. Хөрөнгийн хэмжээг яагаад өөр өөрөөр мэдүүлээд байгаа вэ?
Энэ компанийн үндсэн үйл ажиллагаа нь “ДАШЦ-ын дэд бүтцэд дэмжлэг үзүүлэх, тухайн төслийн эзэмшил, ашиглалтыг хариуцах” хэмээн ЗГ-ын тогтоолоор зааж өгсөн байтал, компанийн дүрмээ өөрчлөн, “үйлдвэр барих, ашиглалтад оруулах” болгосон байх юм. Засгийн газрын тогтоолыг компанийн дүрэм өөрчлөх боломжгүй гэдгийг эрхэм уншигч та андахгүй биз.
Тухайн ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар өдгөө Ц.Гансүх ажилладаг бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар ажиллаж байсан түүнийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тухайн ТӨХК-ийн захирлаар томилуулсан гэдгийг өөрөө хэлсэн.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний албан тушаалаа ашиглан “өөрийнхөө хүн”-ийг ТӨХК-д “шургуулсан” нь нэгэнт ил болоод буй. Асуудлын гол нь, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд дээрх томилгоог хийлгэх ямар ашиг сонирхол байсан нь сонирхол татна...
Өдгөө УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хувийн хэвшлийнхний хийсэн үйлдвэр нь хачин л юм байна лээ. Төр үйлдвэрээ барих ёстой” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байгааг үзэгчид ч анзаарч буй биз ээ.
Ийнхүү эрх баригчдын “хүчээр” жилд 4.4 сая ширхэг арьс шир боловсруулах хүчин чадалтай ТӨХК-ийн үйлдвэр баригдах нь үндсэндээ тодорхой болоод байна. Гэхдээ, үйлдвэр барихдаа төсвийн мөнгөөр “тоглох” нь ч тодорхой болоод байна. Тухайлбал, цэвэрлэх байгууламж барихад 40 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг ТЭЗҮ-г ТӨХК-ийнхан гаргажээ. Гэтэл хувийн хэвшлийнхний 10 сая ширхэг арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн зардал нь 40 тэрбум төгрөг юм. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн хүчин чадлаас 4 дахин бага хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг төр 4 дахин их үнээр барьж байгуулах нь ээ.
Манай улсад жилд 25 сая ширхэг арьс шир бий болдог. Үүний 15 сая ширхэг нь хог дээр хаягддаг. Үүнийг л боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулж, 180 мянган малчин өрхийн амьжиргаанд бодит дэмжлэг бий болгох шаардлагатай байгаа. Тухайлбал, ТӨХК-ийн үйлдвэр ашиглалтад орлоо гэхэд жилд 4.4 сая ширхэг арьс ширийг боловсруулаад, үлдсэн 11 сая нь хог дээр хаягдсан хэвээр байх нь. Харин 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа хувийн хэвшлийн үйлдвэр ашиглалтад орчихвол жилд 10 сая ширхэг арьс шир боловсруулалтад орж, эдийн засгийн эргэлтэд орж, хог дээр хаягдаж байгаа арьс ширүүд мөнгө болох боломжтой юм.
Өдгөө хувийн хэвшлийн ДАШЦ төсөл зогсож, гүйцэтгэгч компаниуд зээлийн хүүнд баригдсан энэ үед тэд төрд “75-аар бууж өгөөд” байна. Учир нь, “Засгийн газрын тогтоол ёсоор хийж гүйцэтгэсэн ажлаа та бүхэн үнэлээд худалдаад аваач. Та бүхний үнэлгээ хэдэн төгрөг байсан ч бид хүлээн зөвшөөрье” хэмээн гуйж эхэлжээ. Төрд итгэж, бүтээн байгуулалт хийснийх нь "төлөөс" ийм байна...
Ингээд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Үндэсний аудитын газраар үнэлгээ хийлгэж, “40.7 тэрбум” гэдэг үнэлгээний дүнг авсан байна. Гэвч З.Мэндсайхан сайд ҮАГ-ын үнэлгээг “бодит биш” хэмээн дахин магадлан хийлгэж байх үедээ сайдын албан тушаалаасаа “мултарснаар” уг ажил дахиад л зогсонги байдалд ороод байна.
Үндэсний аудитын газрын дүн бол манай улсын санхүүгийн эцсийн, дээд байгууллагын дүгнэлт юм. Мэргэжлийн байгууллагын дүнг улстөрч “буруу” хэмээн үзэх нь зүйд нийцэх үү гэдэг асуултыг нээлттэй орхихоос өөр аргагүй...
Нэмж дурдахад, хувийн хэвшлийнхэн хийж гүйцэтгэсэн ажлаа тухайн үеийн дүнгээр үнэлж байгаа бөгөөд тухайлбал, тухайн үеийн барилгын материалын үнэ өдгөө 3 дахин нэмэгдээд байгааг “огт тооцохгүй” байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй.
ТӨХК-ийн үйлдвэр ашишлалтад орох боломжгүй дараагийн нөхцөл байдал бол эрчим хүч. Тодруулбал, хувийн хэвшлийнхэн 15мватт-ын хүчин чадалтай дэд станцыг барьж байгуулаад байгаа бөгөөд Эрчим хүчний яамнаас горимын үнэлгээ хийлгэхэд “Дарханаас дахин дэд станц татах хболомжгүй” гэдэг дүгнэлт гаргаж байжээ. Өөрөөр хэлбэл, ТӨХК үйлдвэрээ эрчим хүчтэй болгохын тулд хувийн хэвшлийнхний барьж байгуулсан дэд станцыг ашиглахаас өөр аргагүй гэсэн үг. Гэтэл “10 төгрөгний юмыг 20 төгрөгөөр төрд шахах гэж байна” хэмээн сайд нар хувийн хэвшлээ хардаж байгаа нь хувийн хэвшлийн бүтээн байгуулалтыг төр дээрэмдэх гээд байгаа мэт ойлголтыг бий болгож байна. Хамгийн гол нь тухайн бүтээн байгуулалтыг төр ашиглахдаа мэргэжлийн байгууллагын буюу ҮАГ-ын дүгнэлтэд зааснаар худалдан авч, ашиглах л ганц зам бий. Тэрнээс төрийн нэрээр далайлган хувийн хэвшлийг дээрэмдэх боломжгүй.
Өдгөө ХХААХҮ-ийн шинэ сайд Х.Болорчулуун ДАШЦ-ын талаар тодорхой байр сууриа албан ёсоор илэрхийлээгүй байна. Магадгүй шинэ сайд асуудлыг эрүүлээр харж, нэгэнт 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа ДАШЦ-ын ажлыг цааш явуулах, ингэхдээ ТӨХК-иа ЗГ-ын тогтоол ёсоор буюу хуулийн хүрээнд ажиллуулах бодлого баривал зүй ёсоор хог дээр хаягдаад байгаа 15 сая ширхэг арьс ширээ бүтээгдэхүүн болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж монголчуудад байна.
Төгсгөлд нь, сонгуулийн сурталчилгаагаа бүтээн байгуулалтын талбайгаас нь хийж, ЗГ-ын шат дараатай тогтоолуудаа гаргаж, хувийн хэвшлээр хийлгэсэн энэ том бүтээн байгуулалтыг балгас болгохгүйгээр буюу цааш нь явуулах нь 180 мянган малчин өрхөд, мал аж ахуйд суурилсан манай улсын эдийн засагт нэн чухал хэрэгтэй байгаа юм. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ч “төр бизнес эрхлэхгүй” гэдэг үгээ лоозон биш, бодит ажил болгох нь эндээс л харагдана. Төр хувийн хэвшлээр ажил хийлгэчихээд, түүнийг нь “булааж аваад” байх уу, дэмжээд, хамтраад цаашаа явах уу...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.134.139
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах