Түүний бүтээлүүдээс ганцаардал, нэрэлхүү зан, сэтгэл санааны мухардал, өшрөл, егөөдөл бүхий сэтгэлгээ-давтагдашгүй бие хүн төдийгүй түүний оршин байхуй, орчин ахуй буй нь төвөггүй мэдэгдэнэ. Гоо сайхны сонгомол шинжийг зөрчөөгүй ч хийсвэр орон зай, цаг хугацаа тийш тэмүүлж, хүний агуулгыг өвөрмөцөөр нээж, сэтгэлгээний абсолют хандлагаар хүч түрэмгийлэн шүлэглэдэг нэгэн. Хэн хүний мэддэг утгаар биш, өөрийнхөө л мэддэг утгаар хүнд үг хэлэх сайхан байдаг шиг Аюурзана найрагч “Урлагийн бүтээл” босгож явна.
Яруу найрагч Даваадоржийн Энхболдбаатар
Өнөөдрийн тухай
Өглөө сэрэхэд зуун оньсого угтсан
Өнөөдөр магадгүй миний сүүлчийн өдөр
Энэ хэдэн жилд бодож явсан бүхнээ
Эцсийн удаа цэгцлэж санах өдөр
Хэзээ ч бусдын мэдэлд ороогүй
Хэнзхэн санаа минь насанд хүрч байна
Хэний ч хүртэж нэвтэрч бараагүй
Тэнгэрийг тэмтрээд хуруу минь хөрч байна
Энэнээс цааш маргааш гэж байхгүй
Энэ чинь, бурхан минь, ямар сайхан юм бэ!
Энэ л өдрийн турш амьд явснаа
Эргэцүүлж ч амжаагүй суутал нар жаргаж байна
1995.08.04
***
Цаг хугацаа амсхийх зуур би гүнзгий амьсгалаад
Цаашаа явж эхлэхэд нь би санаа алддаг
Цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад
Цаашаа явж эхлэхэд нь би тэнгэрээс буудаг
Цаг хугацаа амсхийх зуур би шүлэг бичээд
Цаашаа явж эхлэхэд нь би үзгээ тавьдаг
Цаг хугацаа амсхийх зуур би нүдээ нээгээд
Цаашаа явж эхлэхэд нь би үхлийг хардаг
1998.08.28
***
Миний туйлын мөрөөдөл бол Гамлетэд тоглох
Зуны үдшийн цөөрөмд ялаа буухыг харах
Дуртай ажил минь дарс амтлах
Дургүй нь хөлстэй гар барих
Гамлетад тоглохдоо би сүүлчийн үзэгдэлд
Галзуурсан мэт бөмбөр нүднэ
(Тэрүүхэнд нэг бөмбөр байдгыг санаж байна)
Дарс судсанд минь хөөсөрч байхад
Даанч намайг хорих хүн гарахгүй
Галав эриний үнэн түүх, Офелия
Ганцхан жилийн бидний дурлалд хүрэхгүй
(Одоо би бөмбөрийг буцааж тавиад
Олон гараас зугтаж цөөрөм тийш гүйнэ)
Тэнд их намуухан
Тэр яг ингэж л үхсэн байх
1996.05.27
***
Алга ташилт биш бодлогшронгуй
Бодлогошронгуйн төлөө би шүлэг бичдэг
Алхаандаа тааруулан уртасгаж,
Богиносгож шивнэсэн үйлт нэрүүд
Хэзээ нэгтээ байсан цаг хугацааны
Хэсэгтэй орооцолдон шүлэг минь болдог
Хэзээ ч юм бэ дээ, бий болох цаг хугацааны
Хэлтэрхийд ойх өөрийнхөө гэрлээс гялбаж
Нар мянган цацрагаа аних
Надад сайхан харагддаг, Харж суухнаа
Нам гүм гэж энэ аниатайг хэлдгийм шиг
Надад санагдаад би шүлэг бичдэг
Оргилох шүлгээ алга ташилт биш,
Бодлогошронгуйг мөрөөдөн буулгаж суухдаа
Орчлонг минийхтэй адил нүдээр
Ажиж болзошгүй хэн нэгнийг хүлээдэг
1995.09.29
***
Сая жилийн өмнөх
Оддын буурийг бид
Одод гэж харна
Сансарт одоо үнэндээ
Нэг ч од үлдээгүй
Тэр оддын цагт
Тэнгэр хичнээн гоо байсныг
Бид төсөөлөх ч үгүй
Үүл мүүл бороо шороо цөм
Үнэндээ бурхадын цөхрөл
Өвлийн хүйтэн бол ахуйн хөврөл
Одод тэнгэрт байх цагт
Газарт зөвхөн найрагчид амьдарч
Ер бусын гэрэлт од цөөрөхийн хэрээр
Ертөнцийн сүүмгэр гэгээнд гялбагсдын эрин эхэлж…
Одоо бид цөм сохорсон
Одгүй тэнгэрийг одтой гэж бодогсдын
Үгнээс үнэнийг хайгаад
Бурхад цөхөрсөн
Үзэгдэхгүй тэнгэрийн дагинас цөм
Үсээ задлан сөхөрсөн
1997.12.14-1998.01.19
Үзэгчгүй зургууд
Өнгөрсөн цаг хараа шиг шингэсэн
Өнгөгүй хачин зүүдний танхим байна
Зуун хүн санаа алдсаны дараахь шиг
Зургийн үзэсгэлэн нам гүм, эзгүй байна
Үзэх нүдгүй гэрэлгүй амьгүй цагаар
Үнээ гээсэн зургуудаас тоос үнэртэнэ
Зовж унагасан хөлс бүхэн бийр шигээ хатаад
Зотон, будаг хоёрын завсарх хоосонг чигжинэ
1998.01.08
Хөгжим сонсож суух 50 эгшин
Олон зууны өмнөх тал нутаг
Охидын гоог нуусан дээл яасан уйтгар!
Сайхан бүсгүйчүүлийн амт, үнэрт шандаад
Саяхан амьдралаас явсан Фрэнк Синатрагийн
Эршүүд түрэмгий овжин хоолойгоор мөнхөрсөн
‘Strangers in the night’
Сэтгэлийн доторх
Мэдэрч чадаагүй ёс төдий үнсэлт
Миний залуу нас холын бороотой хот
Хагацах учрахын аль аль нь хуучирсан хойно
Харин энэ тал нутаг юутай хоосон
Адармаатай хэрнээ амархан бичигдэх шүлэг минь
Амьд яваа минь ч хэн нэгэнд цохилт
1998.04.27
L[AST] U[NIT]
Ээлж хишигт сэтгэл хөдлөл,
Газар хөрвөөх шиг хямрал-
Энэ миний сүүлчийн дурлал,
Шүлгээр чимсэн сүүлчийн минь тэнэглэл
Чи минь сонс доо!
Минийхээс илүү дурласан зүрх
Хэний цээжинд зохилж байна?
Мэдэрч чадвал чи
Түүний эхнэр бол л доо!
Тэнэглэхээс минь илүү ухаан
Хэний тархинаас гарах вэ?
Биширч чадвал чи
Түүний үгэнд ор л доо!
Чи минь олохгүй ээ!
Олохгүйгээ мэдэрч эхэлбэл
Одоо надад гараа аль даа
Орчлонгийн дурласан шүлэгчдийг
Нэгээр нэм. Эсвэл хас даа
1995.02.12
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна