Оюу толгойн бүлэг ордын хоёр ашиглалтын лицензийг эзэмшиж байгаа Онтри Гулд компанитай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалантай цөөн хором ярилцлаа.
- Оюутолгойн бүлэг ордын хоёр ашиглалтын лицензийг эзэмшиж байгаа Онтри Гоулд компанитай холбоотой асуудал хөндөгдөж байна. Энэ дээр та ямар байр суурьтай байдаг вэ ?
- Онтри Гоулдад байгаа хоёр лиценз Оюутолгой компанийн эзэмшиж байгаа ордуудтай яг залгаа байрлалтай байгаа. Тэгэнгүүт Онтри Гоулдын лицензийг ашиглах гэрээг Оюутолгой, Рио тинто байгуулчихсан байгаа. Тэгэхээр энэ чинь хулгай. Яагаад гэвэл энэ чинь стратегийн орд.
Манай улс Онтри Гоулдтай тусдаа гэрээ байгуулах ёстой. Энэ бол нөөцөөрөө Оюутолгойгоос ч том орд шүү дээ. Засгийн газар хүчрэхгүй байгаа учраас дангаараа шийдэж болохгүй. Тийм учраас УИХ энэ асуудлыг шийдэх ёстой.
Уг нь хянан шалгах ажлын хэсэг байгуулъя гээд санал гаргасан болов дэмжээгүй. Энэ бол эс үйлдэл. Стратегийн ач холбогдолтой, Оюутолгойгоос том ордыг шалгах ажлын хэсэг байгуулах гэхэд бөөнөөрөө гүйлдэж, орж ирээд л эсрэг кноп дарсан. Тэгэхээр УИХ дотор тэдний нөлөөнд автсан гишүүд байна гэсэн үг.
Хоёрдугаарт Тавантолгойг БНХАУ-ын "Чайна Шинхуа Энержи"-д өгөх гээд байх үед УИХ мэдэхгүй, Засгийн газар шийднэ гэж байсантай адилхан асуудал дахиж давтагдаж болзошгүй байна.
Яагаад гэвэл зарим гишүүд УИХ-аар оруулах шаардлагагүй, энэ бол Засгийн газар шийдэх ажил гэсэн юм яриад яваад байгаа. Ц.Туваан сайд бол УИХ-аар оруулах ёстой гэж хэлсэн.
Энэ бол маш том асуудал. Би өөрөө Оюутолгой компанийн хянан шалгах ажлын хэсэгт байгаа. Оюутолгойг шалгасан аудитын дүгнэлт улсын нууцад байгаа. Оюутолгойгоос Монгол Улс хэзээ ч ашиг авахгүй. Хохироод үлдэнэ. Тэгэхээр Онтри Гоулд дээр давтагдах эрсдэлтэй.
- Оюутолгойн гүний уурхай Онтри Гоулдын эзэмшиж байгаа лицензийн газар нутаг дээр тулаад ирчихсэн байгаа. Тэгэхээр Оюутолгой компани ажлаа үргэлжлүүлэхийн тулд яах аргагүй Онтритой гэрээ хийх шаардлагатай болчхоод байна шүү дээ ?
Стратегийн ордыг жижиглэж авдаг болчихсон юм байна лээ. Нэг том ордыг олон компани дээр хуваагаад авчихдаг аргатай болсон байна.
Би бол Онтри Гоулдыг Рио тинто тиймэрхүү аргаар хуваасан л гэж бодож байгаа. Одоо бид стратегийн ордуудыг УИХ-аар хэлэлцүүлж чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ УИХ ямар ашиг сонирхолтой вэ гэдэг нь мөдхөн тодорхой болно.
-УИХ-аар хэлэлцэгдлээ гэж бодъё. Хуулийн дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох байх. Ямар байдлаар хэлэлцээрээ хийх ёстой вэ ?
Одоо байгаа хуулиар бол 34 хувь эзэмших ёстой. Гэхдээ сая Франц-Монголын ураны төсөл дээр зөвхөн АМНАТ-аа аваад, 34 хувиа эзэмшихгүй гэсэн шүү дээ.
Гэхдээ 34 хувийг үнэ төлбөргүй эзэмшиж бас болно. Уян хатан л байх ёстой. Аль нь ашигтай байхыг бодох хэрэгтэй. Манайх Оюутолгой дээр хийсэн алдаа бол 34 хувьд ногдох өр нь манайд яваад байгаа юм.
Тэгээд нөгөө талд үйл ажиллагааныхаа зардлыг өсгөөд яваад байгаа. Одоо Оюутолгой компани маш өндөр хүүтэй их хэмжээний зээл авсан. Тэр зээлээ төлж эхэлнэ.
Тийм учраас хэзээ ч ашиг авахгүй. Оюутолгойг задалж байж Онтри Гоулдыг задална. Монголын төрийн эрхийг барих дээд байгууллага УИХ учраас заавал УИХ-аар хэлэлцүүлэх ёстой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна