XIV Леог Пап ламаар сонгогдсонд перучууд хамгийн их баяртай байна

Х.Батсайхан
8 цаг 0 минутын өмнө

Дэлхийн бүх католик шашинтны тэргүүн, Ромын пап ламаар АНУ-д төрсөн Роберт Превост сонгогдож, XIV Лео хэмээх нэрийг авсан билээ. Тэгвэл түүнийг шашны тэргүүн зэрэгт хүрсэн явдал АНУ-аас илүү Перу улсыг баярлуулсан байна. Учир нь Роберт Превост Перутай ажил, амьдралаараа холбогдсон хүн бөгөөд Пап лам Франциск түүнийг Перугийн хойд хэсэгт орчих Чиклайогийн хамба ламаар 2014 онд томилох хүртэл АНУ, Перугийн хооронд зорчиж амьдарсан намтартай нэгэн аж.

Тэрбээр Пап ламын хувиар анхны илтгэлээ тавихдаа “Испаниар хэдэн үг хэлж болох уу” гэж асуугаад “Бүгдэд нь, тэр дундаа Перугийн Чиклайогийн сүсэгтнүүд та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе” хэмээн хэлсэн аж.

Өчигдөр буюу түүнийг Пап ламаар сонгогддог өдөр Перу улсад баяр болох шахжээ. Түүнийг сонгогдсоны дараа дунд сургуулийн багш Изабель Панез “Бидний дундаас пап лам төрнө гэдэг бахархал юм” гэж хэлсэн бол Перугийн Ерөнхийлөгч Дина Волюарте Ромын Леог "Итгэл үнэмшлээрээ перу хүн” гэсэн байна.  


Роберт Превост 1955 онд АНУ-ын Чикаго хотод Франц, Итали гаралтай Луис Мариус Превост, Испани гаралтай Милдред Мартинес нарын хүү болж төрсөн бөгөөд Чикаго, Ромд боловсрол эзэмшжээ. Түүнийг Ромд Фома Аквинскийн сургуульд хуулийн чиглэлээр суралцаж төгссөний дараа л Ватиканаас томилолт өгөн Перу руу илгээсэн юм байна. Ингээд 2014 онд Чиклайогийн хамбаар томилогдож, Перугийн иргэншил автлаа АНУ, Перугийн хооронд ирэн, очин амьдарчээ.

Перугийн сайд байхдаа Роберт Превостын иргэншилд гарын үсэг зурж байсан Хосе Луис Перес Гуадалупе BBC Mundo-д өгсөн ярилцлагадаа "Тэр бол ярихаасаа илүү сонсдог, маш анхааралтай, маш их бодолтой хүн" гэж хэлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна