-Өгөөжтэй байх эсэхийг “Онтрэ”-тэй хийх хэлэлцээр шийднэ-
“Рио Тинто”-гийн Монгол дахь Оюутолгойн зэсийн уурхайн олборлолт энэ онд 50 гаруй хувиар өсөж, 500 тоннд хүрэх төлөвтэй байна” гэж Австралийн australianresourcesandinvestment.com.au цахим хуудаст мэдээлжээ.
“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Якоб Стоусхолм “Оюутолгойн ордын бүтээн байгуулалт оргил үедээ хүрсэн нь үнэхээр гайхалтай” гэж хэлсэн талаар мэдээлэлд дурдсан байна.
Оюутолгойн олборлолт өсөж байгаа нь мэдээж с айн мэдээ. Гэхдээ ингэлээ гээд Монгол Улс зэсийн зах зээлд том тоглогч болж байгаа биш, “Рио Тинто” л том тоглогч болж, ашиг өгөөжөө өсгөх нь 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний эмгэнэл юм. Өөрөөр хэлбэл, 2009 онд байгуулсан, одоо мөрдөгдөж байгаа Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол Улс Оюутолгойгоос татвар л авахаас бус /2009 оны татварын орчингоор/, ногдол ашиг авахгүй, компанийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхгүй.
Гэхдээ яг одоо яригдаад байгаа “Онтрэ гоулд” ХХК-ийн эзэмшиж буй хоёр тусгай зөвшөөрөл дээр сайтар ажиллаж, “Рио Тинто”-г буулт хийлгэж чадвал өгөөжөө бага ч гэсэн нэмэх боломж бий. Боломжийг бодит болгох олон эгзэг яг одоо бүрдээд байна.
Нэгдүгээрт, Оюутолгой “Рио Тинто”-гийн хувьд хэзээ хэзээнээс илүү амин чухал болсон
Ойрын ирээдүйд зэс нь хамгийн их эрэлттэй, үнэ ханш өндөр тогтох металл байх нь гарцаагүй болсон тул яг одоо уул уурхайн үндэстэн дамнасан корпорациуд зэсийн үйлдвэрлэлээ нэмэхээр хүчээ дайчилж, өөр, хоорондоо өрсөлдөж байна. Сэргээгдэх эрчим хүч рүү хийх шилжилт нэгэнт зогсоогдошгүй, энэхүү технологийн “талх” нь гэж хэлж болох зэсийн хэрэглээ дагаад өсөх ч шинэ орд уурхай нэмэгдэхгүй буй нь үнэ өндөр тогтох бас нэг хүчин зүйл аж.
“Рио Тинто” ч энэ өрсөлдөөнд байгаа нь мэдээж бөгөөд Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулж, түүнээс өмнө “Туркойз хилл“-ээс “Айвенхоу майнз”-ыг шахан гаргасан нь энэ өрсөлдөөний нэг хэлбэр юм. Мөн АНУ болон бусад улсад зэсийн том уурхайтай болохоор эрчимтэй ажиллаж байгаа гэсэн мэдээлэл гарч буй. Тиймээс Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт Рио Тинтогийн хувьд маш чухал, зэсийн салбарт өрсөлдөгч хэвээр байх эсэхийг шийдэх хэмжээний асуудал болоод буй.
Хоёрдугаарт, “Рио Тинто” монголчуудыг залилсан учраас шударга ёс үйлчлэх ёстой
“Рио Тинто”-г дэлхий нийт уул уурхайн чиглэлээр ажилладаг үндэстэн дамнасан уул уурхайн корпораци гэж боддог. Үнэн хэрэгтээ энэ корпорацийн ашиг олдог гол арга нь мөнгө хүүлэлт бөгөөд санхүүгийн асар их нөөц боломжтой ч уул уурхайн төслүүдийг зээлээр санхүүжүүлж гол ашгаа олдог. Зөвхөн 2016-2024 оны хооронд 26.2 тэрбум ам.долларын зээлийг (Profundo finance research April 2024) авч, тэнд тэндхийн төслүүдээ санхүүжүүлсэн байх бөгөөд топ зээлдэгчид нь өнөөх л CIBC, HSBC, SMBC Group, Société Générale, Crédit Agricole, ANZ, Citigroup, BNP Paribas, Standard Chartered, Groupe BPCE зэрэг банкууд. Эдгээр банкуудын зарим нь Оюутолгойн баялгийг “Рио Тинто”-той хамт хүртэж байгаа гэж хэлж болно.
Уг нь “Рио Тинто” бол 1860-аад оноос хойш уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа, дэлхийд эхний тавд баттай орох том компани. Зөвхөн 2024 онд борлуулалт нь 53 тэрбум 658 сая ам.доллар, цэвэр ашиг нь 11 тэрбум 574 сая ам.доллар / https://financemarker.ru/stocks/NYSE/RIO/reports/income/// байсан гэхээр ямар аварга том компани гэдэг нь ойлгогдоно. Гэсэн ч Оюутолгойг сурсан аргаараа банкны зээлээр санхүүжүүлж, Монгол улсад 34 хувь эзэмшүүлэх замаар санхүүгийн хариуцлага үүрүүлсэн. Улмаар хөрөнгө оруулалт, менежментийн зардлыг өсгөх замаар өрөнд оруулж буй.
Оюутолгойн ил уурхай ашиглалтад орсон цагаасаа өр төлж эхэлсэн бөгөөд төлөлтийн багагүй хэсэг нь хүүнд явдаг болсон. Компанийн тайлангаас харахад, 2014 онд 250 сая ам.доллар төлсний 74 сая нь хүү, 2015 онд 482 сая ам.доллар төлсний 150 сая нь хүү байх жишээтэй.
Дээр нь, өөрсдөө 66 хувийг нь эзэмшдэг мөртлөө хэвийн үйл ажиллагааг нь хангасныгаа “18 төрлийн үйлчилгээ үзүүлсэн” гэж тооцон жил бүр асах их хэмжээний төлбөр авдаг. Тодруулбал, хөрөнгө оруулалтын зардлаас 3%, үйл ажиллагааны зардлаас 6%-аар тооцож жил бүр төлбөр авдаг бөгөөд 2019 онд л гэхэд $180 саяар хэмжигдэж байна. Тогтмол биш, хувиар тооцдог тул гүний уурхай нээгдэж, олборлолт хоёр дахин өсөхөд энэ төлбөр мөнгөн дүн нь хоёроор үржээд орж ирнэ гэж ойлгоход бараг болно.
Дээр нь “Рио Тинто” Оюутолгой ордын ТЭЗҮ-г дөрвөн жил тутам шинэчилдэг бөгөөд шинэчлэх болгондоо хөрөнгө оруулалтын зардлыг өсгөж иржээ.
2021 онд Засгийн газар “Монгол Улс 2051 он хүртэл Оюутолгойгоос ногдол ашиг авахгүй, харин ч 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ” гэсэн мэдэгдэл хийж монголчуудыг шооконд оруулж байсан. Улмаар хэлэлцээр хийж, зөрим өрийг хүчингүй болгосноор ногдол ашиг хүртэх хугацааг 2034 он хүртэл наашлуулсан гэсэн ч яг одоогийн байдлаар 2034 он байтгуй хэзээ ч ногдол ашиг хүртэхээргүй болсон гэж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Байнгын хорооны хурал дээр хэлэн олон нийтийг дахин нэг цочирдуулаад байна.
Оюутолгойгоос хүртэх өгөөжөө бага ч гэсэн нэмэгдүүлэх эцсийн боломж нь “Онтрэ гоулд”
Дэлхийд ховор Оюутолгойн ордоо бид ийнхүү “Рио Тинто”-д тавьж туусан нь тодорхой боллоо. Гэхдээ өгөөжөө бага ч гэсэн нэмэгдүүлэх боломж яг одоо гараад байгаа нь “Онтрэ гоулд” компанийн эзэмшиж буй Оюутолгой төслийн талбай дахь хоёр тусгай зөвшөөрөлд хамаарах алт, зэс, молибден зэрэг баялаг дээр татвар болон хөрөнгө оруулалтын орчинг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, журмын хүрээнд бий болгох явдал юм.
“Онтрэ гоулд”-ын лицензит талбай гэдэг нь “Шивээ толгой” буюу Хойд Хюго ордын хойд үзүүр хэсэг, “Жавхлант” буюу Херуга ордын урд сүүл хэсэгт байрлах хэсэг бөгөөд энэ хоёр талбайд нийтдээ 10.3 сая тонн зэс, 742 тонн алт, 3300 тонн мөнгө, 190,000 тонн молибдений нөөц бий. Энэ хэмжээний нөөц дээр Баялгийн сангийн тухай хууль болон бусад хууль журамд нийцсэн өөрчлөлтийг хийж чадвал бидэнд боломж байна. Угаасаа хийх ч ёстой. Яагаад гэвэл бидэнд эрх нь бий. Монгол Улс бол баялгийн эзэд.
Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЭБУУ-н сайд Ц.Тувааны ард Үндсэн хууль, монголын ард түмэн, шударга ёс байгаа тул зоригтой ажиллаж алдааг засах үүрэгтэй
Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн ил уурхайн нөөцөө алдчихсан /Ногдол ашиггүй/ ч бид баялгийн эзэд хэвээрээ байгаа. Үндсэн хуулийн 6.2 дугаар заалт, Баялгийн сангийн тухай хуулиар бүр ч баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийг ашиглах асуудалд ард түмний үүрэг оролцоо 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байх үеэс илүү нэмэгдсэн. Одоо Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЭБУУ-н сайд Ц.Тувааны ард Үндсэн хууль, Баялгийн эзэн, хувь хүртэх ёстой гэдгээ хуулиар баталгаажуулсан Монголын ард түмэн, дээр нь нэмээд шударга ёс байна. Тийм ч учраас одоо зоригтой ажиллах ёстой. Өмнөх удирдагчдын алдааг давтаж, үлдсэн нөөц дээрээ тоглуулах ёсгүй. Эрх ч байхгүй.
Нэрт эдийн засагч Ханс Вернер Зин нэгэнтээ "Оюутолгойн гэрээ бол зууны ч биш, Мянганы шилдэг луйвар". Монголчуудын талаас Оюутолгой гэгч дэлхийн хэмжээний томоохон ордыг 100 хувь эзэмшигч эзэн улс нь учраас энэ гэрээнд газрын баялгаа гаргаж байгаа юм. Нөгөө талаас оролцож байгаа "Рио Тинто" бол монголчуудын босгож чадахгүй байгаа, уурхайг босгоход хэрэглэх жаахан мөнгийг босгож байгаа. Монгол Улс зээлийн хүү гэж төлөх ёсгүй. Яагаад гэвэл Монголын талын үүрэг бол байгалийн баялгаа ашиглахыг зөвшөөрсөн явдал. Хөрөнгө оруулах бол нөгөө талын үүрэг" гэж хэлсэн байдгийг эцэст нь эшлэе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.220
Зөлөнский трамптай 50.50 % иар хийсэн
Хариулах45.117.34.124
маш сайн тойм орно оо
Хариулах66.181.183.128
Ганц дээлт барилдаач гэхчээр Рио Тинто - Оюу Толгойтой ноцолдсоор байгаад манай улс нөмрөх юмгүй болж үлдэх вий дээ. Дээрх мэдээлэл бичсэн Батсайханд зөвлөхөд Оюу Толгойн гэрээг олон талаас нь харж бичээсэй гэж хүсэх байна.
Хариулах202.21.109.25
Онтро. Гоулдтай. Оюу толгойтой. Хийсэн. Гэрээтэй. Нь. Дүйцэхүйц. Гэрээ. Хийх. Ёстой. Шүү. Оюук. Туваан. Нар. Өмнөх. Бүх. Харынхантай. Хийсэн. Шиг. Гэрээ. Хийж. Болохгүй. Шүү. Онтро. Гоулд. Оюу толгойтой. 20/80. Харьцаатай. Гэрээ. Хийсэн. Шиг. Гэрээг. Хийхийг. Бид. Нүд. Салгалгүй. Харж. Байна. Шүү. Шудрага. Ард. Түмнийхээ. Өмчөөр. Барьцаалж. Авилгал. Авахгүй. Байхыг. Шаардаж. Байна.
Хариулах