Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч “МНРИК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Цолмонтой ярилцлаа.
Тэрээр ШУТИС-ийн Геологийн Сургууль болон АНУ-ын Ютагийн их сургуулийг Геологич мэргэжлээр төгссөн. Уул уурхай, эрдэс баялаг, хүнд үйлдвэрийн салбарт 17 жил ажиллаж байгаа түүний хувьд уул уурхай гэх хариуцлага өндөр хүнд салбарт томоохон төсөл түүчээлэн толгойлж буй залуу эмэгтэй захирлуудын нэг. Амьдрал, ажлын гараагаа Өмнөговь аймгаас эхлүүлсэн тэрээр Ховдын хязгаарт ажиллаж байх үедээ АНУ-н Вашингтон ДС хотод Дэлхийн банкны төв салбарт Уул уурхайн ахлах мэргэжилтэн гэх өндөр албан тушаалд Монгол Улсаас уригдан ажилласан анхны мэргэжилтэн. Гэсэн ч А.Цолмон энэ оны эхээр АНУ дахь карьераа өөрийн саналаар орхиж, Ховд нутагтаа буцаж ирэн, хязгаар нутгийг хөгжүүлэхээр сэтгэл шулуудан зүтгэж байна.
Ингээд Монгол болон Дэлхийн 10 орчим оронд эрдэс баялгийн томоохон төслүүдийг хөгжлийн хөтөлбөртэй холбох үйлсэд гар бие оролцож мэргэшсэн түүний ярилцлагыг хүлээн авна уу.
-Таны ажлын гараагаа эхэлж байсан тэр цаг үеэс яриагаа эхэлье гэж бодлоо?
-ШУТИС-ийг Геологич мэргэжлээр 2009 онд төгсөөд, залуухан инженер Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 10 гаруй жил 14 хоног ажиллаад, 7 хоног амардаг хуваариар ажиллаж байлаа. Ухаахудагийн нүүрсний уурхайд анх 240 тонны том дампнууд, 36 куб метр шанагатай экскаватор хослол дунд л шинэхэн эмэгтэй геологич хүрзээ бариад л ажилдаа орж байлаа. Анх уурхайд том техникүүдийн хөдөлгөөн дунд машин жолоодоод явахдаа эмээдэг л байлаа. Ер нь уул уурхайн салбарын зовлон жаргалыг дотроос нь, эхнээс нь туулжээ.
-Уул уурхай гэхээр эрчүүд гэж хардаг байсан бол өдгөө уул уурхайн төслүүдэд, компаниудын менежментийн түвшинд ч эмэгтэйчүүд маш олноороо түүчээлэн ажиллаж байна. Эмэгтэй захирал тэр дундаа уул уурхайн салбарт компани удирдана гэдэг амаргүй, онцлогийг нь та юу гэж хэлэх вэ?
-Манай салбарт эмэгтэйчүүд гэнэт гарч ирсэн биш л дээ. Гэхдээ эрчүүдтэйгээ харьцуулбал тун цөөхөн. Уурхайнууд аюул осолгүй, ажилбарууд нь программчлагдаад, технологийн дэвшил сайжрахын хэрээр эмэгтэйчүүдэд хийж чадахгүй ажил гэж байхгүй болсоор л байгаа. Надтай зэрэгцээд ажиллаж байсан охид одоо менежмент, удирдлагын түвшинд амжилттай ажиллацгааж байна.
Уул уурхайд байгаа эмэгтэй захирлуудын нэг онцлог нь бизнесээсээ даваад орчны, нийгмийн мэдрэмж өндөр, үүндээ анхаардаг нь анзаарагдаад байгаа. Салбарт нийгмээ мэдрэх мэдрэмж, хариуцлагатай байх чанар тун чухал болж өөрчлөгдөж байна.
-Таны ажлын гараагаа эхэлсэн 2009 он бол уул уурхайн төслүүд шинэ тутам хэрэгжиж эхлээд, сумд дөнгөж хөгжиж эхэлж байсан үе шүү дээ.
-Яг тийм. Цогтцэций сум 2,000 гаруй л хүнтэй, хоёр дэлгүүртэй байсан. Цэргийн баяраар залуучуудаа баярлуулах гээд хайрцаг кока кола дэлгүүрээс авч чадаагүй, дэлгүүрт тийм олон байгаагүй, /инээв/. Одоо уугуул суугуул нийлсэн 10,000 гаруй хүнтэй байх шүү. Говийн найзууд маань бүгд хувьдаа бизнестэй, ажилтай, амьдрал нь нүдэн дээр өнгө ороод л, их өөдрөг сайн сайхан амьдарч байгаа.
-Та Халзан бүрэгтэй төсөлтэй яаж холбогдож байв?
-Говьд ажиллаж байхдаа Халзан бүрэгтэй төсөл дээр ажиллах санал авч байсан. Уул уурхай, геологийг нь хариуцаад, дэлхийн стандарт, олон улсын сайн туршлагаар өндөр түвшний хайгуулын ажил хийгээд өгөөч гэдэг санал ирсэн. Цөөн тооны хайгуул ингэж сэтгэл гаргаж хийгддэг. Нөгөө талаас надад олон улсын стандартаар хайгуул хийгээд, нөөц тооцоолоод, татвар төлдөг уурхай болгоод үзчихсэн туршлага байсан учраас өөрийгөө соръё гэж шийдсэн.
-Ховдоос Дэлхийн Банк руу явчихсан хүн гээд харвал таны карьерын замнал их сонирхолтой байгаа юм. Уншигчдад маань хуваалцвал?
- Харин тийм. Ер нь манай Ховдоос гоё, гоё газар руу залуучууд их явдаг, та бүхэн мэднэ дээ. Сонирхолтой нь Ховд руугаа буцаад оччихдог /инээв/.
Ховд аймагт Халзан бүрэгтэйн хайгуул дээр ажиллаж байхдаа Дэлхийн Банкны төв рүү Уул уурхайн ахлах мэргэжилтнээр ажиллахаар болоод явсан. Маш өндөр албан тушаал, банкинд гаднын мэргэжилтэн болж сонгогдоод хариуцлага, хангамж бүгдийг нь л авч, их ч туршлагатай боллоо. Балканы хойг, Зүүн Африк, сүүлд Төв Азийн портфолиотой, нэг талаасаа Уур амьсгалын өөрчлөлтөд хариуцлагатай уул уурхайгаар дамжуулж, дутагдаж буй түүхий эдийг нийлүүлэх, нөгөө талаасаа хөгжиж буй орнуудын (эмержинг улсууд) уул уурхайг сайн засаглал, зөв бодлого, хууль эрх зүй, татварын орчноор нь дамжуулж эх нутагт нь давуу боломжийг шингээж үлдээх гэсэн үндсэн агуулгын доор ажилласан.
Дашрамд хэлэхэд, уул уурхайг байгаль орчны эсрэг гэх ойлголт аль эрт хуучирсаан. Эх дэлхийгээ аврах, хүний амьдралд хүчтэй нөлөө үзүүлээд байгаа, ялангуяа хөгжиж буй орнуудын сэргэж буй эдийн засагт маш их эрсдэлтэй бий болгодог уур амьсгалын өөрчлөлтөд уул уурхай л хамгийн их нэмэр оруулах юм байна гэдгийг дэлхийн томоохон хөгжлийн байгууллагууд, Дэлхийн банк, НҮБ гээд л бүгд дор бүрнээ хүлээн зөвшөөрч байна. Чухал ашигт малтмалын бодлогын бичиг баримтуудаа батлаад, гишүүн орнуудаараа хэлэлцүүлээд эхэлчихсэн, энэ цагийн тренд сэдэв болоод байгаа.
-Та Ютагийн Их Сургуульд Фулбрайтын тэтгэлгээр суралцсан гэж байсан. 14/7 хоногоор ажилладаг тэр завгүй хуваарийн дунд энэ боломжуудыг хэрхэн өөртөө гаргаж, өөрийгөө хөгжүүлэх менежментийг яаж ийм сайн хийж явсан нь мөн л сонирхол татаж байна шүү.
-Би олон хүүхэдтэй айлын том охин. Олон ажлыг зэрэг хийдэг чадвар айлын томуудад нийтлэг. Энэ байдал маань нөлөөлсөн болов уу гэж боддог \инээв\.
-Геологич захиралтай уул уурхайн төсөл, компани ховор санагдаж байна?
-Геологи бол олон салаа, өргөн суурь ойлголттой байгалийн шинжлэх ухаан шүү дээ. Тухайн газрын тогтоц, байгалийн шинж чанарыг геологичоос илүү сайн мэдэх хүн гэж байхгүй, тэр нь гүйцэтгэх удирдлагаар ажиллахад маш их түшиг болж байна. Нэг үгээр төслөө илүү сайн мэдэрдэг юм байна гэж хараад байгаа.
-Сүүлийн үед уул уурхайгаар тогтохгүй бүх салбарт л хүний нөөцийн асуудал их үүсэж байна. Яг одоо мэргэжлээ сонгох гэж байгаа элсэгчдэд хандаж зөвлөвөл та юу гэж хэлэх вэ?
-Үндсэндээ Монголд дэлхийд таниулж чадсан мэргэжил, мэргэшил тун цөөн байна. Гэхдээ би Дэлхийн Банкинд олон орны хүмүүстэй ажиллаж байхдаа Монгол яахын аргагүй уул уурхайн орон хэмээн хүлээн зөвшөөрсөн юм байна гэдгийг ойлгосон. Монгол хүнийг ч уул уурхайн хүн гэдгээр нь үнэлэх юм байна.
Би ганцаараа ч биш, миний таньдаг Монголд төгссөн, Монголд уул уурхайд ажиллаж байсан олон залуус дэлхийд олон том төсөл дээр энд тэндгүй ажиллаж, амьдарч байна. Тэд том захирал, үнэ цэнтэй инженерүүд, хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд болж, дэвшиж байна. Ийм залуус улам олон болоосой гэж боддог. Ийм хүмүүсийг би өөрөө таньдаг, бахархаж явдаг болохоороо хэлж байгаа юм шүү.
Тэгэхээр энэ салбараас манай улсын авч үлдэж байгаа гол үнэт зүйл нь татвар, орлогоос илүү хүн, хүмүүн капитал гэж хардаг.
-Сүүлийн үед гаднын орнууд руу явж ажиллаж амьдрах хүсэлтэй залуусын тоо нэмэгдэж байгаа судалгаа бий. Энэ нь хувь хүний сонголт хэдий ч хөгжиж буй улсын хувьд энэ тун харамсалтай үзэгдэл л дээ.
-Яах вэ, хувь хүний сонголт. Юм сурна, гэхдээ монгол хүн юм чинь эргээд л ирдэг гэж бодож байна. Ирэхэд нь энд сайхан л байж байх хэрэгтэй.
-Халзан бүрэгтэйн хайгуулын талаар ярихгүй өнгөрч болохгүй нь. Танай төсөл орон нутаг тэр дундаа баруун хязгаар Ховдод хэрэгжих уул уурхайн шинэ төсөл, хэл ам ч ихтэй. Ер нь яагаад ингэж их хэл ам гараад байдаг юм бэ?
-Дэлхийд ордыг нээж олохоос эхлээд эдийн засгийн эргэлтэд оруулах хүртэл ойролцоогоор 19 жил болж байна гэсэн тооцоо байгаа. Харин Халзан бүрэгтэй бол 1980 оны сүүлээр нээгдсэн, нээгдсэнээсээ хойш 30 гаруй жил болж байгаа орд. Нөгөө талаасаа дэлхийд яг одоо ногоон технологид хэрэглэдэг газрын ховор элемент гэх мэт түүхий эдийн эрэлт үүсээд байгаа. Тэгэхээр ашиглах мөчлөг нь ирчихсэн гэж хэлж болно. Яг энэ мөчлөг дээрээ байгаа ордын ашиглалтыг оройтуулж болдоггүй, тэгвэл үнэгүйддэг.
Гэхдээ олборлож, экспортолж үзээгүй шинэ төрлийн түүхий эд гэдэг талаасаа хүмүүст ойлгуулахад гол бэрхшээл тулгарч байна. Сумын иргэд түгээмэл зовнилттой, алт, нүүрс байвал ухаж болно, газрын ховор элемент /ГХЭ/ гэж мэдэхгүй байгаа учраас ухуулмааргүй байна гэдэг. Хоёрт байгалийнх тогтоц байна. Ийм боржингийн төрлийн ч гэх юм уу чулуу ер нь хаа сайгүй их бага хэмжээгээр байгалиасаа цацрагтай байдаг. ГХЭ ордуудад энэ нь өссөн байх нь түгээмэл. Хүмүүс энэ талаар хэзээ ч сонирхдоггүй, мэдэхгүйгээр уулынхаа хажууд нь хэдэн зуун жил амьдарч байгаад хайгуулын ажил эхлэх үед хэмжсэн. Байгалийн өөрийнх нь суурь хэмжээг шүү дээ. Тэр хэмжилтийн дараа цацрагтай холбоотой айдас бий болсон. Хүн өвдвөл цацраг, мал өвдвөл цацрагаас болж байна гэх байдлаар. Үүнийг буруутгах арга байхгүй.
-Та буруутгах аргагүй гэлээ. Тэгвэл иргэдийн энэ санаа зовнилыг яах ёстой юм бэ?
-Хувь хүнийхээ зүгээс хэлмээр байгаа хэдэн зүйл байна.
Нэгдүгээрт, Халзан бүрэгтэй ордыг ухаж эхлээгүй, хайгуул л хийж байна. Бүх үйл ажиллагаа Монгол Улсын, төрийн хяналт шалгалт, зөвлөмжүүдэд үндэслэн явагдаж байгаа. Хайгуулаас болж тухайн орчны цацраг нэмэгдээгүй, тогтмол хийж байгаа шинжилгээний хариу, хэмжилт нь байгаа.
Хоёрдугаарт, Манай хайгуул дээр 2 жилийн хугацаанд 100 орчим монгол залуучууд ажилласан. Яг л уулынхаа хажууд амьдардаг. Нэг ч хүнд цацрагийн хордлого илрээгүй, тун хэтэрсэн зүйл байхгүй, эсрэгээрээ зүүдэг багажид нь цацраг илрэхгүй байна гэж лабораторид гардаг.
Гуравдугаарт, Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгах, нийгмийн нөлөөллийг хамгийн эерэг байлгах тооцооллыг олон улсын нэр хүнд бүхий туршлагатай байгууллагуудаар хийлгэж байгаа.
Дөрөвдүгээрт, Манай Монголын уул уурхай, байгаль орчин, цацрагийн байгууллагууд олон жилийн турш уул уурхайн хяналт, шалгалтыг хийж байгаа туршлагатай, өндөр чадвартай. Цацрагтай ч байсан, цацраггүй ч байсан эдгээр хяналтын байгууллагад уурхайн үйл ажиллагаа, хайгуулын ажлыг хянадаг хангалттай сайн туршлага бий. Тиймээс эдгээр байгууллагадаа итгээд эрүүл аюулгүй орчинд тайван амьдарч болно оо гэж салбарын хүний хувьд хэлмээр байгаа юм.
-Одоо танай төслийн явц ямар шатандаа явж байгаа вэ?
-Урьдчилсан ТЭЗҮ дууссан. Үндсэн ТЭЗҮ хийх ажил үргэлжлээд явж байна. Энэ ажлын ард гарахын тулд мэдээж дараагийн шатны хайгуулын ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа. Мөн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгээд явж байна. Олон улсад энэ чиглэлд мэргэшсэн сайн туршлагатай компани хийж байгаа. Үндсэн ТЭЗҮ, БОННҮ дууссаны дараа иргэдийн асуудаг олон асуулт тодорхой болно. Хүн, малын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх байдлууд илүү ойлгомжтой болно.
Түүнчлэн бидний зүгээс орон нутагтайгаа ойлголтуудаа нэгтгээд явж байна. Ил тод байдал, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, оролцоо гэсэн чиглэлийн хүрээнд иргэдэд маш олон төрлийн аргаар мэдээллүүдийг хүргэн ажиллаж байгаа. Харилцан ойлголцлын түвшин дээрдэж байгаа нь мэдэгдэж байгаа шүү.
-Танай төслийн үр дүн дараа дараагийн газрын ховор элементийн төслүүд хөдлөх замыг нээх болов уу. Нэг талаас “мөс зүсэгч” болж байгаа тул давхар ачаа, хариуцлага үүрч байна гэж харж байна.
-Яалт ч үгүй тийм. Монгол Улсын шинэ төрлийн ашигт малтмал, газрын ховор элемент олборлогч улс болох том амбицдаа хүрэх мөс зүсэгч нь болж байгаа учраас хайгуулыг их сэтгэл гаргаж, олон улсын стандартад нийцүүлэн өндөр зардлаар хийж байна. Мөн бидний алсын хараа хол учраас манай хамт олон иргэдтэйгээ ойлголцох байдалд цаг гаргаж, нухацтай, тууштай ажиллаж байна.
-Ярилцлагын төгсгөлд танд нэмж хэлэх зүйл бий юу?
-Харилцаа гэдэг амаргүй. Иргэдийг биднийг ойлгоосой, өөрийнхөө нутгийн төсөлдөө оролцоотой байгаасай гэж хүсдэгээ энэ дашрамд дамжуулмаар байна.
Халзан бүрэгтэй төсөл бол бидний хамтын ирээдүй мөн.
-Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.
Эх сурвалж: Mining.mn, Б.Баяртогтох
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна