Одоогийн жишгээрээ санхүүжвэл Газрын тос боловсруулах үйлдвэр 24 жилийн дараа ашиглалтад орно

С.Гандэлгэр
8 цаг 58 минутын өмнө

Манай улс шатахууны хэрэглээнийхээ 94 хувийг ганц ОХУ-аас авдаг. Дэлхийн зах зээлийн буюу Сингапурын биржийн үнээр нийлүүлэх хэлэлцээрийг 2016 онд хийснээс хойш ах нар өм цөм илүү авч, “шулахаа” больсон ч манай улс стратегийн чухал бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэг болох шаардлага үргэлж байсаар ирсэн. 

Харин энэ хараат байдлаасаа гарах ганц боломж нь Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох юм. Үүний хүрээнд 2017 онд БНЭУ-аас хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэхээр болсон юм. Улмаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тус үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулна хэмээн тусгасан байдаг. 

Гэвч жил бүр улсын төсөв дээр суулгаж буй санхүүжилтээс нь харвал 2027 онд битгий хэл 2050 онд ч ашиглалтад орохооргүй харагдаж байна. Одоо байгаа хуулиар зээлээр санхүүжиж байгаа төслүүд бүгд улсын төсвийн зарлага гэж тооцогдоно. Тиймдээ ч 2025 оны төсөв дээр 449 тэрбумыг суулгасан ч Ерөнхийлөгч хориг тавьсантай холбогдуулан санхүүжилтийг 209 тэрбум болтол нь бууруулсан. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн нийт төсөвт өртөг 5.8 их наяд төгрөг. Одоогоор нэг их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэж, EPC1-ийг бүрэн дуусгаж, EPC 2,3 багцийн ажил явж байгаа. Мөн энэ оны хоёрдугаар сард БНЭУ-тай дахин хэлэлцээр хийж 462.2 тэрбум төгрөгийн нэмэлт зээлийг авахаар болсон байдаг. Тэгэхээр манай тал 5.8 их наяд төгрөг зээлсэн ч нэг их наяд  төгрөгийг л ашигласан гэсэн үг. Үлдсэн 4.8 их наяд төгрөгийг 2025 оны жишгээр улсын төсөвт суулгавал 24 жилийн дараа Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл бүрэн хэрэгжиж дуусах юм. 

Гэтэл бодит байдал дээр тус төслийн шаардлагатай санхүүжилт энэ жилдээ гэхэд 1.8 их наяд байгаа нь асуудал дагуулж байна. Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох хугацааг 2027 он гэж хэлж байгаа ч одоо байгаа санхүүжилтээр цагтаа ашиглалтад оруулах ямар ч боломжгүй гэсэн үг. 

Өнгөрсөн оны сүүлчээр алдагдалтай төсвийг эсэргүүцэж байсан УИХ-ын гишүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдаж, төсөв дээр хяналт хийлгүүлсэн ч бодит байдал дээр бүтээн байгуулалт, мега төслүүдийнхээ санхүүжилтийг хугасласан нь бодит үнэн.

Дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд нэр бүхий гурван мега төслийг төсвөөс "гаргах" хууль санаачилжээ. 1. Газрын тос боловсруулах үйлдвэр 

2. Эрдэнэбүрэнгийн УЦС

3. Сэлбэ дэд төв гэсэн гурван төслийн санхүүжилтийг төсвөөс "гаргах" бөгөөд эдгээр гурван төслийг бусад мега төслүүдийгээ бодвол ашиглалтад орсон тохиолдолд өөрөөр нь авсан зээлийг нь төлүүлэх боломжтой хэмээн үзсэн байна. 

Ерөнхийдөө манай улс гадаадаас зээл авч төслүүдээ хэрэгжүүлж байгаа ч төсвийн орлого, зарлагаа дагаад санхүүжилт нь хязгаарлагдмал байсаар ирсэн нь өнөөдрийг хүртэл томоохон төслүүд саатсаар байсантай холбоотой. Аливаа гадаад зээл тодорхой хүүтэй, төлж эхлэх хугацаатай байдаг. Гэтэл зээлсэн мөнгөө хэрэглэж чадахгүй явсаар зээлээ төлж эхлэх, хүүгээ төлөх хугацаатай золгосоор байгаа нь бодит үнэн юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    36 минутын өмнө

    SAGSUU TENEG HURELSUGIIN HIIJ BGAA AJIL . ZUGEER SETGELII HUURLUUR DONGOSOJ HIISEN AJIL MUU HULGARIIG BUUDAN ALSAN CH NUGEL N ARILAHGUI

    Хариулах
  • 202.9.46.147
    6 цагийн өмнө

    Монголд хятад газрын тос боловсруулах үйлдвэрээ байгуулна. Монгол газрын тосоор хятадаас хамааралтай болно. Шаал дэмий.

    Хариулах