Монгол Улс “Starink”-тэй гэрээ байгуулахад Бээжин юуны учир түгшив

Х.Батсайхан
2023/07/24

Монгол Улс хиймэл дагуулын интернэт үйлчилгээ эрхлэх эрхийг тэрбумтан Илон Маскийн “Starink” компанид олгож, хамтран ажиллах гэрээг энэ сарын 06-ны өдөр байгуулсан билээ. Тэгвэл энэ үйл явдал БНХАУ-ын аюулаас хамгаалах албадыг ихээр түгшээсэн гэх мэдээллийг хойд хөршийн overclockers.ru цахим хуудас нийтэлжээ.

Мэдээлэлд, Монголын нутаг дэвсгэрт буюу БНХАУ-тай маш ойр үйл ажиллагаа явуулах “Starink”-ийн хиймэл дагуулууд нь шаардлага гарсан үед БНХАУ-ын “Галт хана”-ыг эвдэж, БНХАУ-д ашиггүй, АНУ-д ашигтай байдлыг бий болгоно гэж болгоомжилсноос ийнхүү сандарсан хэмээн бичсэн байна.

Судалгааны хүрээлэнгүүд энэ эрсдлийг анхааруулж байгаа бол олон нийт ч дуугүй байсангүй. Шанхайд амьдардаг тоймч Чен Жисен энэ талаар бичсэн нийтлэлдээ "Монгол бол манай хөрш. Хиймэл дагуул нь зөвхөн нэг бүсэд үйлчилгээ үзүүлж, хөрш зэргэлдээх бүс нутагтаа огт ажиллахгүй байна гэдэг боломжгүй. Сүлжээний зурвасын өргөн нь хөрш зэргэлдээх газруудад хялбархан нэвтрэх боломжийг олгодог. Энэ нь манай Их галт ханыг устгах уу?" хэмээн бичжээ.

Мөн "Starlink" хэдий Бээжинд "Хязгаарыг давахгүй" гэж баталж буй ч тус компани БНХАУ-ын ӨМӨЗО болон Шинжаан мужуудад тус тус үйлчлэх боломжтой. Хэрвээ хөрш орнуудад нийгмийн тогтворгүй үйл явдлууд тохиолдвол "Starlink" үйлчилгээгээрээ дамжуулан Хятадын иргэдэд холбогдох мэдээллүүдэд нөлөөлж болзошгүй" гэж Чен Жисен онцолжээ. 

"Starlink" нь офлайн үйлчилгээ үзүүлдэг тул түүний үйлчилгээг ашиглаж буй улс орнууд ийм нөхцөлд интернетийн хандалтыг хаах боломжгүй гэдгийг тэрбээр онцолсон байна. 

Хятадын бусад шинжээчид ч "Starlink"-ийн давхар зориулалттай хиймэл дагуулууд Хятадын мэдээлэл, үндэсний аюулгүй байдалд, ялангуяа дайны үед аюул учруулж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байна. "SpaceX" харин одоогоор Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй энэ мэт мэдээлэл хариу тайлбар өгөөгүй байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.