Шуурганаар төөрсөн долоон хүнийг аврагчид хайж байна

2021/03/14

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас өнөөдөр 14 хүн төөрч сураггүй алга болж, одоогоор долоон хүнийг Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид  эсэн мэнд олжээ.

 Бусад  долоон хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, Баянхонгор аймгийн Богд суманд хоёр, Архангай аймгийн Батцэнгэл суманд нэг,  Төв аймгийн Сүмбэр суманд хоёр иргэнийг тус тус  эрэн хайж байгаа юм. Мөн  цасанд суусан гэх дуудлагаар Увс аймгийн Улаангом, Тариалан, Өндөрхангай сумын нутагт автомашинтай зорчиж явсан 3 автомашин, 13 иргэнд тусламж үзүүлж, осгохоос аварчээ.

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Архангай,  Баянхонгор, Төв, Завхан, Булган, Ховд, Увс аймгуудад иргэд цасанд суусан, сураггүй алга болсон өдрийн 15:00 цагийн орчимд Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн байна. Мөн өчигдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт  багийн нутагт дэвсгэрт байрлах  “Баян Айраг” ХХК-ийн 9 гэр нурж, нэг байшингийн дээврийн төмөр хууларсан зэрэг хохирол учраад байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна