Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний болон Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулсан “Хүн- Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр ОШУСТ-д боллоо.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисэгч Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад Оросын Холбооны Улсын Төрийн дээд шагнал Александр Невскийн одонг ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд И.К.Азизов гардууллаа.
БНМАУ, ЗХУ-ын баатар, Александр Невскийн одонт, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа: "Та бүхэндээ сансрын хамтарсан нислэгийн ойн баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Би өнөөдөр одоогоос 40 жилийн өмнө сандарч байсан шигээ сандарч байна. Ийм өндөр шагналуудыг зэрэг авна гэдэг миний хувьд асар их хүндэтгэл."
Өнөөдөр мөн түүнд “Нийслэл Улаанбаатар хотын Хүндэт иргэн”-ий тэмдгийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан гардуулсан билээ.
Түүнчлэн “Хангарди” одонгоор Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, сансрын нисэгч М.Ганзориг, түүний гэргий Ц.Ломбо, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, Монголын сансрын багийн гишүүн С.Сайнцог нарт гардуулсан. Мөн Монголын сансрын нисэгч М.Ганзориг, сансрын нисгэгч Д.Сүрэнхорлоо агсны гэргий н.Сэрээтэр нарт Талархал гардуулсан юм.
Уг арга хэмжээнд Оросын талаас ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд И.К.Азизов, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, “Русский Дом в Улан-Баторе”-ийн захирал А.Р.Базархандаев, Монголын талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол Улсын -ын 31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Батлан Хамгаалахын сайд, ойг зохион байгуулах комиссийн дарга Г.Сайханбаяр, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар оролцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна