УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, Өндөржүүлсэн бэлэн байдлын гуравдугаар зэрэг буюу "Улбар шар" түвшинд шилжсэн хугацааг дөрөвдүгээр сарын 5 хүртэл сунгах санал гаргалаа.
Коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ сарын 29 хүртэл тогтоосон "Улбар шар" түвшинд шилжсэн хугацааг сунгах нь зүйтэй гэж үзжээ. Ингэхдээ, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах юм байна. "Улбар шар" түвшний зэрэглэлийн хугацаанд ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлахад анхаарах зөвлөмж гаргахаар болжээ. Эл асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж эцэслэн шийдвэрлэх юм.
Хэдийгээр халдварын тоо эрс нэмэгдэж байгаа ч гэрээр эмчлэх, тусгаарлах, явуулын эмчилгээний баг гаргах чиглэлээр ажиллаж эхэлсэн тул хатуу хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзсэн байна.
Засгийн газар, УОК-оос аль болох аж ахуйн нэгж, байгууллагын ажлыг хязгаарлахгүй, зөв зохион байгуулалт хийх замаар халдварын тоог багасгахад анхаарч ажиллаж буйг Шадар сайд С.Амарсайхан тодотгов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна