Байгалийн гамшигт өртсөн 80 өрхөд гэр олгоно

2021/03/26

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон өрхүүдийн хохирлыг арилгах, малын сэг зэмийг зөөвөрлөн устгах болон нийслэлд коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажлын дайчилгаанд орон нутгаас татан ашиглаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад шаардагдах нийт 480 сая төгрөгийг улсын нөөц хөрөнгөөс гаргахаар болжээ. 

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 13-14-нд болсон цасан болон шороон шуурга 16 аймгийн 154 сумыг хамарч, 24-40 м/с хүртэл ширүүсч, хүчтэй шуурчээ. Үүний улмаас нийт 531 гэр нурснаас 71 нь дахин сэргээх боломжгүй болж тухайн айл өрхүүд орон гэргүй болжээ. Иймд УОК-т ирсэн хүсэлтийг үндэслэн Архангай аймагт 1, Дундговь аймагт 50, Өвөрхангай аймагт 5, Булган аймагт 15, Нийслэлд 9 гээд нийт 280 сая төгрөгийн 80 ширхэг иж бүрэн гэр олгох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаас гаргалаа.

Мөн Дундговь аймагт цасан болон шороон шуурганы улмаас их хэмжээгээр зүй бусаар хоргодсон малын сэг зэмийг устгахад зориулж 150 сая төгрөгийг өртөг бүхий нэг ковш худалдан авах, коронавирусийн эсрэг нийслэлд зохион байгуулж байгаа дархлаажуулалтад орон нутгаас ирж, дайчлагдаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад 50 сая төгрөгийн төсвийг зарцуулах ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна