Хөл хорионы хугацаанд эвдэрсэн зам, талбайг засварлахыг үүрэг болгов


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд эвдэрсэн зам талбайг нөхөх, явган хүний замыг засварлах, шинэчлэх, өнгө үзэмжийг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ. 

Тодруулбал, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд дараах ажлуудыг хийж дуусгах үүргийг өглөө.

Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд

  • Авто зам болон явган зорчигчийн замын заадас нөхөх, засвар шинэчлэл.
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган зорчигчийн гарц, замын тэмдэг,тэмдэглэгээ, хайс, хашлагыг сэргээн засварлах, шинэчлэх.
  • Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэл.
  • Гэрэл дохио, авто замын гэрэлтүүлгийн засвар шинэчлэл.
  • Нийтийн тээврийн автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх.
  • Нийтийн эзэмшлийн гудамжны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх.
  • Дүүргүүд өөрсдийнхөө онцлогт тохируулан нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг угааж цэвэрлэх ажлын төлөвлөгөө гаргаж, ажлаа эрчимжүүлэх.

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд

  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах.
  • Ил задгай кабелийн цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах.
  • Өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбар, хаалт, хашаануудыг буулгаж, цэгцлэх.
  • Явган зорчигч, авто тээврийн хэрэгсэлд аюул учруулахуйц элдэв саад, хурц ирмэг бүхий болзошгүй аюул учруулах зүйлсийг янзалж цэгцлэхийг тус тус үүрэг болгов.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.82.2
    2021/04/13

    Ажил болвол их сайн байна

    Хариулах