QR кодыг зориулалтын бусаар ашигласан 499 автомашины зөвшөөрлийг цуцалжээ


Цар тахлын нөхцөл байдлын улмаас тавдугаар сарын 8-ны өдөр хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байгаа билээ.

Тэр дундаа Улаанбаатар хотод тогтоосон хөл хорионы дэглэмийг улам чангаруулж, хүнсний дэлгүүрүүдийг 19:00 цаг хүртэл ажиллуулахаас гадна зөвшөөрөгдсөн байгууллагуудын ажилтнуудыг QR код бүхий зөвшөөрлийг үндэслэн замын хөдөлгөөнд оролцуулж, иргэдийг хүнс цуглуулах, гэрийнхээ ойролцоо салхилах, вакцинд хамрагдахаас бусад үед гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа юм.

Гэвч хөл хорионы дэглэм зөрчих, эсэргүүцэх, “QR код” зөвшөөрлийг зориулалтын бусаар ашигласан, бусдад “QR код” зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслээ шилжүүлсэн зэрэг  тохиолдол цөөнгүй гарч байгаа тухай Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

Тэгвэл өнөөдрийн байдлаар 499 автомашины QR кодын цуцлаад байгаа талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Г.Отгонтамир мэдээлэл өглөө.

Дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод автомашинууд QR бүхий зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Тэгвэл дээрх 499 зөрчил ердөө 9 хоногийн дотор бүртгэгджээ.

Иймд Бүх нийтийн бэлэн байдлын үед үйл ажиллагааг нь хязгаарлаагүй чиг үүргийн байгууллагад олгосон “QR код” зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж хөдөлгөөнд оролцож явсан зөрчлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн олгогдсон зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг ТЦА-аас анхаарууллаа.

QR код зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгохыг анхааруулж байна.

  • Зөвшөөрлийг хүчингүй болгох талаар зөвшөөрөл эзэмшигчээс хүсэлт гаргасан бол
  • Зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэлд QR кодыг байршуулж ашигласан бол
  • Зөвшөөрлийг өөр зориулалтаар ашигласан бол
  • Замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөгдсөн цагийг зөрчсөн бол
  • Зөвшөөрлийг бусдад худалдсан, хуурамч материал бүрдүүлж авсан бол
  • Зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн бол QR кодыг хүчингүй болгоно.


Сэтгэгдэл (174)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.