“Токио-2020” зуны олимпын наадмын эрх олгох дэлхийн тэмцээнээс үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа 62 кг-ын жинд шигшээд шалгарснаар Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ес дэх буюу хамгийн сүүлийн эрхийг авч ирэхээр боллоо.
Ингэснээр манай эмэгтэй бөхчүүд Токиогийн зуны олимпын наадамд зургаан жинд зургуулаа буюу бүтэн багаараа оролцохоор болов.
Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээний аварга Х.Болортуяа 1/8 шигшээд Хорватын Иван Герич, шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррера, хагас шигшээд Беларусийн Вероника Иванова нарыг тус бүр цэвэр ялснаар олимпын эрхээ халаасалсан.
Манай бөх олимпын эрхтэй үлдэх үгүйгээ шийдэх хариуцлагатай барилдаанд 1:9-өөр хожигдож яваад гайхалтай барилдаан хийж өрсөлдөгчөө цэвэр дарж бөхөд хайртай ард түмнээ баярлууллаа, үнэхээр хэлэх ч үг алга.
Эрдэнэтийн унаган охин Х.Болортуяагийн анхны болон үндсэн багш ОУХМ Батсайханы Идэрсайхан болон үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарт халуун баяр хүргэе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна