Л.Энх-Амгалан: Цаашдаа ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болно


ЭЕШ-ын бүртгэл, 12 дугаар ангийн сурагчдын дархлаажуулалт, танхимын давтлага зэрэг асуудлаар БШУЯ-наас мэдээлэл өглөө.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "ЕБС-ийн сурагчид анги дэвших шалгалт, улсын шалгалт, ЭЕШ гэсэн гурван шалгалт өгдөг. Гэхдээ Ковид19-ийн улмаас хичээлийн хоцрогдол үүссэн. Тиймээс анги дэвшүүлэх болон улсын шалгалтыг авахгүй байхаар шийдвэрлэсэн.

Мөн өчигдөр Засгийн Газраас 12 дугаар анги төгсөгчдөөс Монгол хэл, бичгийн шалгалт авахгүй байх шийдвэр гарсан. Энэ бол маш том дэмжлэг. Түүнчлэн энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлагад хамруулахаар болсон. 

Цаашдаа ЭЕШ-ийн хоёр удаа авдаг байхаар төлөвлөж байна. Энэ нь ЕБС төгсөгчдөд том боломж юм.

ЭЕШ-д орох сурагчдыг вакцинжуулалтад хамруулах нэг сорилт гарч ирсэн. Энэ жил нийт 40420 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Тэдгээрийн 13636 нь 19 настай бол 25082 нь 18 настай. Тэд вакцинд хамрагдах боломжтой. Бусад төгсөгчдийг вакцинд хамруулах боломжийг Улсын Онцгой комисс, Засгийн газартай зөвшилцөн шийдэх юм" гэлээ. 

Төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх зааврын талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат "ЭЕШ-ийг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар долдугаар сарын 1-4-ны хооронд зохион байгуулна. Өмнөх онд төгссөн болон ахин их, дээд сургуульд элсэхээр ЭЕШ өгч байгаа сурагчдын тоо энэ жил хоёр дахин өссөн. Тодруулбал, өмнөх жилүүдэд 3000 орчим хүүхэд дахиж шалгалт өгдөг бол энэ жил 8000 гаруй шалгуулагч бүртгүүлсэн. Шалгуулагчийн суудлын хуваарийг тавдугаар сарын 20-ноос хойш зарлана. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд 50 байранд авна. Шалгалтын байранд тусгай анги бэлтгэнэ. Тухайн ангид халуурсан, халдварын шинж тэмдэг илэрсэн сурагчдаас шалгалт авах юм. ЭЕШ-ийн зохион байгуулалтын ажилд 3650 орчим багш оролцож байна.

Шалгалтын дүнг мэдээлэл, технологийн шийдлийг ашиглаж гаргана. Улмаар шалгуулагчид шалгалт өгснөөс хойш 20 минутын дотор авсан оноог нь зарлах юм" гэв.

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир "Сургуулиуд дээрх нягтрал, ачааллыг багасгахын тулд төгсөгчдөд элсэлтийн шалгалт өгөх хичээлээр нь өдөрт гурваас илүүгүй цагаар давтлага зохион байгуулах түр заавар батлагдсан. Багш нар дархлаажуулалтад хамрагдсан байна" гэсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна