НДШ-ийг хоёр хувиар бууруулах хуулийн төслийг дэмжлээ


УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг Г.Ганболд тэргүүтэй гишүүд өргөн барьсан юм. Манай улс 2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орохдоо олон үүрэг хүлээсэн. Үүний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх явдал байлаа. 

Үүний дагуу 2017, 2018 онд тус бүр хоёр хувиар гэх мэтээр нэмэгдсээр 2021 оноос нийгмийн даатгалын шимтгэл 26-28 болж нэмэгдсэн. Иргэд сонгогчдын зүгээс, МҮЭ-ийн байгууллагаас УИХ-ын гишүүдэд удаа дараа энэ асуудлаар ханджээ. Тиймээс Г.Ганболд тэргүүтэй гишүүд хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авсны дагуу төслөө өргөн барьсан "Энэ хуулийг баталж хэрэгжүүлснээр иргэд болон ажил олгогчдын нуруунаас жилд 190 гаруй тэрбум төгрөгийн ачааг авна. Нөгөө талаасаа Засгийн газар төсөвтөө тодотгол хийж энэ зөрүүг арилгах боломжтой гэж үзсэн" хэмээн хууль санаачлагчид хэлж байлаа.

Энэхүү хуулийг ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж төслөө боловсруулжээ. Хууль батлагдсанаар нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар буурах юм. Уг хуулийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна