СЕХ: Хяналтын тооллого автоматжуулсан системийн дүнгээс ЗӨРӨӨГҮЙ

Т. Тэргэл
2021/06/10

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар автоматжуулсан системийн тооллогоос гадна хяналтын тооллогыг 100 хувь хийхээр болсон. Бүх хэсгийн хороонд хяналтын тооллого хийж дууслаа.

Сонгуулийн ерөнхий хорооны хурлаар эцэслэгдэж батлагдсаны дараа эцсийн дүн гарна. Одоо урьдчилсан дүнг танилцуулъя. 

Сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон 2049379 сонгогчоос 110 мянга орчим сонгогч түр хасав тэмдэглэгээ хийлгэсэн. Эдгээрээс 1000 гаруй сонгогч саналаа өгсөн. 

Нийт 1216246 сонгогч саналаа өглөө. Ингэснээр сонгуулийн ирц 59.35 хувь байна. 

МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх 823326 сонгогчийн санал авч, сонгогчдын 67.76 хувийн дэмжлэг авсан байна.

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72832 сонгогчийн санал авч, 5.99 хувийн дэмжлэг авсан байна.

"Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 246968 сонгогчийн санал авч, сонгогчдын 20,33 хувийн дэмжлэгийг авчээ. 

Цагаан сонголт 71937 буюу нийт сонголтын 5.92 хувийг эзэлж байна. 

Хэдийгээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас ирцийн хувьд бага ч дотоодод цар тахал дэгдсэн энэ хүнд үед иргэд сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцлоо. Сонгууль зохион байгуулахад хамтран зүтгэсэн төрийн албан хаагчид сайн ажиллалаа. Сонгуулийн санал хураалтын үед гарсан хүндрэл, бусад асуудлыг цаг хугацаанд шийдвэрлэж ажилласан. Ирсэн өргөдөл гомдолд шуурхай хариу өгч шийдвэрлэсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн амжилттай зохион байгууллаа гэж үзэж байна.

СЕХ-ны хурлаар сонгуулийн дүнг эцэслэж баталсны дараа эцсийн дүнг танилцуулна" гэлээ. 

Түүнчлэн нэг ч хэсгийн хорооны хяналтын тооллого автоматжуулсан системийн дүнгээс зөрөөгүй гэдгийг хэлэв. 

Санал авах өдөр СЕХ-нд 670 дуудлага мэдээлэл иржээ. Санал авах байрны хаяг байршилтай холбоотой лавлагаа мэдээлэл 76 хувь байна. Харин 14 хувь нь санал авах байрны үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл иржээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна