Ухаангүй албатуудын балгаар УБТЗ удирдлагагүй хэвээр үлджээ


“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ТУЗ-ын хурал /Ерөнхий зөвлөл/ Эрхүү хотод энэ сарын 11-12-ны хоёр өдөр үргэлжилсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй өндөрлөсөн байна.

Хуралд  ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, тус яамны газрын дарга Б.Артур, ЗГХЭГ-ын ахлах референт Н.Буяндэлгэр болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч И.Милостных нарын хүмүүс оролцсон байна. 

Энэ удаагийн хурлаар УБТЗ-ын  даргыг томилох зэрэг 10 гаруй чухал асуудал хэлэлцэх байсан ч хурлын таагүй уур амьсгалаас улбаалан ямар шийдэлгүй тарцгаасан гэнэ.

Учир нь Д.Жигжиднямаа одоогоос гурван сарын өмнө таалал төгсөж,  УБТЗ-ын даргын суудал эзгүйрсэн. Эл харамсалтай үйл явдлын дараанаас тус газрын даргын марафон эхэлж, Монголын талаас Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарыг санал болгож байв.  Тухайн үед Оросын тал эдгээр хүнийг хүлээж аваагүй. 

Гэтэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Зам тээврийн сайд тэргүүтнүүдийн зүтгүүлж буй дээрх нөхдийг дахин санал болгосон нь Оросын талтай үл ойлгоцоход хүргэжээ. Үүгээр ч зогсохгүй уулзалтын бүрэлдэхүүнд төлөөлсөн дарга нар хийгээд одоогийн удирдлагууд ажилдаа гологдож байгааг сануулсан гэх мэдээлэл ч байна. 

Ийнхүү энэ удаагийн хурлаар 11 асуудал хэлэлцэх төлөвлөгөөтэй байсан ч нэг ч асуудлаа эцэслэж чадсангүй. Улмаар манайхаас очсон төлөөлөгчид өчигдөр Монгол руу нисэх гэхэд нь Оросон тал зөвшөөрөл өгөөгүй тухай мэдээлэл сошиалд тарсан. Энэ талаар бид холбогдох албаны эх сурвалжуудаас тодруулахад "Аэро Монголиа"-ийн онгоц төлөөлөгчдийг авахаар оройн 20.00 цагийн үед Эрхүү хотод газардаж, цаг саатсаны эцэст 22.00 цагийн орчимд хөөрсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна