Цонх үйлдвэрлэгчдийн 50 хувь нь техникийн шаардлага үзүүлэлтээ бүрэн хангаагүй гэх зөрчил илэрчээ

Х.Есү
2021/11/30

2021 оны 3 дугаар сард вакум цонхны үйлдвэрлэл, угсралтын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Барилгын тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хийсэн хяналт, шалгалтаас гарсан дүгнэлттэй холбоотойгоор тус хэлэлцүүлгийг хийлээ. 

Хяналт, шалгалт дараах гурван хэсгээс бүрдсэн байна.

  • Цонхны дулаан техникийн үзүүлэлт нь холбогдох норм дүрмийн шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар;
  • Барилгын хана, цонх хоорондын дулаалга, дуу чимээ тусгаарлалт, ус чийг уур тусгаарлалт нь технологийн дагуу хийгдсэн эсэх талаар;
  • Цонхны үйлдвэрлэлтийн явцад  MNS:5830-2007 “Барилгын хуванцар цонх, хаалга “стандартаар тавигдаж буй” техникийн шаардлага үзүүлэлт хэрхэн хангагдсан талаар хяналт хийлээ.

Дээрх үзүүлэлтийг хяналт, шалгалтад хамрагдсан цонх үйлдвэрлэгчдийн 50 хувь нь бүрэн хангаагүй бөгөөд дараах зөрчил илэрлээ.

Үүнд:

  • Цонхноос дотогш өрөө рүү ус нэвтрэх,
  • Шилэн багцны шил хоорондын зайд цанталт үүсэх,
  • Цонхны онгойх хэсэгт зай завсар гарах,
  • Гажилт, нумралт үүсэх
  • Цонхны бэхэлгээг технологийн дагуу хийхгүй байгаагаас салхины хүчний ачаалал даахгүй цонх унах;
  • Барилгын дулааны алдагдал ихсэх;
  • Цонхны чанар муугаас шалтгаалж барилгын чанар, стандартад эрсдэл үүсэх. 

Иймд барилгын цонхонд нэг л шалгуур үзүүлэлт тавигдаж байгаа нь хяналт шалгалтын явцад тогтоогдож байна. Тэр нь үнэ бөгөөд хямд үнэтэй цонхыг л барилгад угсарч суулгаж байна. Үүнээс шалтгаалж барилгын цонх үйлдвэрлэл, угсралтад тавих чанар, стандарт алдагдаж байна. Цонхоор алдаж байгаа дулаан алдагдал мөн цонхонд илэрч буй дээрх зөрчил дутагдлын үр дагаврын гол хохирогч нь  хэрэглэгчид болж байгаа бөгөөд хэрэглэгчийн чанар, аюулгүйн шаардлагыг хангуулах эрх зөрчигдөж байна.

Мөн барилгын үйлдвэрлэл, угсралтад гарч буй зөрчил дутагдлууд болон цонхны дулааны алдагдлын талаар холбогдох байгууллагуудаас урьд өмнө хийсэн үзлэг шалгалтын дүн мэдээ, мөн мэргэжлийн холбоо, мэргэжлийн хяналт шалгалтын байгууллагуудаас цонхны чанар төлөв байдлын талаар хэвлэлд өгсөн нийтлэл зэргүүд нь уг асуудал хэдий хир хэмжээнд яригдаж асуудал болж байсныг нотолж байна.

Тухайлбал:

  • Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбоо, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран 2015, 2016 онуудад шинээр баригдаж ашиглалтанд орсон орон сууцны 83 барилгын цонхны чанар төлөв байдалд шалгалт хийхэд холбогдох стандартын хэрэгжилт “хангалтгүй” гэсэн дүгнэлт гарч байсан.
  • Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МУ-ын зөвлөх инженер Л.Гантөмөрийн “Барилга MН”  сэтгүүлийн 2019 оны 10 дугаар сарын 113 дугаарт нийтлүүлсэн “Барилгын цонх сайн байх үндсэн шалгуур дулааны алдагдалгүй байх явдал” мөн “Барилга МН” сэтгүүлийн 2020 оны 03 дугаар сарын 118 дугаарт нийтлүүлсэн “Барилгын цонхыг тойрсон асуудлууд” зэрэг нийтлэлүүдэд барилгын цонхны чанар, төлөв байдал, түүний дулааны алдагдлын талаарх өнөөгийн бодит байдлыг өгүүлсэн байна.
  • МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргалын “Барилга МН” сэтгүүлийн 2020 оны 12 дугаар сарын 127 дугаарт нийтлүүлсэн “Барилгын материалын чанар, аюулгүй байдал” нийтлэлд “Тус газраас хийгдсэн хяналт шалгалтаар илэрсэн  барилгын материалын үйлдвэрлэлтэй холбоотой нийт зөрчлийн 21 хувь нь зөвхөн цонхтой холбоотой зөрчил дутагдал эзэлж байна. Эдгээр зөрчил гарч байгаа шалтгаан нөхцлийг авч үзвэл 35,4 хувь нь барилгын зураг төсөл, материалд тавигдах шаардлагыг тодорхой зааж тусгаагүйгээс, 19 хувь нь технологийн горим зөрчсөнөөс, 16,8 хувь нь  инженер техникийн ажилтны мэдлэг чадвараас тус тус шалтгаалсан байна” гэж дүгнэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна