Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжлээ

Х.Есү
2021/12/01

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд Д.Зүмбэрэллхамыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэн, таван нэр дэвшигчийн дөрвийг нь буюу Наранчулууны Отгончимэг, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг,  Навагчамбын Баасанжав, Ренчиндоржийн Онончимэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохоор шийдвэрлэж, холбогдох Улсын Их Хурлын тогтоолыг баталсан юм.

Иймд Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилуулах асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ш.Раднаасэд болон Ц.Сэргэлэн нар нэр дэвшигчээс асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам гишүүдийн асуултад хариулт өгсөн.

Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний 60 хувь нь нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилуулахыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын их хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.110
    2021/12/02

    Энэ нэг албан тушаалаас салдаггүй өвгөн цагдааг одоо болиулаачээ. Залуусын зам дээр лай болсон ийм шавруудыг зайлуулаач

    Хариулах