2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газарт Ерөнхий сайдаас гадна дөрвөн УИХ-ын гишүүн сайдаар ажиллана гэж зааж өгсөн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар үндсэн хуульд "давхар дээл"-тэй гишүүдийн тоо буюу сайдаар ажиллах УИХ-ын гишүүдийн тоог зааж өгсөн нь өөрөө үндсэн хуулийн үзэл баритлалыг зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийг цэцэд хүсэлт гаргасан.
Тэгвэл тус асуулыг Үндсэн хуулийн цэц энэ сарын 27-нд дунд суудлын хуралдаанаар хэлэлцэнэ.Тэгвэл энэ асуудлаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор, 2019 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах дэд ажлын хэсгийн гишүүн О.Мөнхсайхан цахим хуудсанд байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Давхар дээл, гишүүдийн тоо гэх мэт одоо яригдаж байгаа асуудлыг өмнө нь бид судалж, ном ч хүртэл хэвлүүлж байсан. Дараах хувилбарын аль нэгийг сонгож болох юм гэсэн судалгааны санал гарсан.
Хувилбар 1-т Шугарт нарын томьёогоор УИХ-ын гишүүдийн тоог 140-өөс доошгүй болгох (1992 оны Үндсэн хуульд хэрэглэсэн аргачлалаар тооцвол 120 болгох), энэ тохиолдолд давхар дээл дээр хязгаарлалт тавихгүй байх.
Хувилбар 2-т УИХ 76 гишүүнтэй давжаа парламент хэвээр байгаа тохиолдолд Ерөнхий сайд, дөрөв хүртэл сайд л УИХ-ын гишүүн байхыг зөвшөөрөх. Ялангуяа, 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт шиг парламентын гишүүдийн тоог өсгөхгүйгээр давхар дээлийг чөлөөтэй тавивал хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн тэнцвэр алдагдана гэж олон судалгаанд дүгнэсэн. 2019 онд УИХ-ын гишүүдийн тоог өсгөх санал дэмжээгүй тул Хувилбар 2 өргөн баригдаж батлагдсан нь цөөн гишүүнтэй парламентын хувьд зохих баланс хангасан сайн заалт болж чадсан. Хувилбар 1-тэй төстэй санал (99 гишүүнтэй болгох) хэлэлцүүлгийн явцад гарсан ч дэмжигдээгүй.
Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт процедурын хувьд хууль ноцтой зөрчсөн эсэхийг төдийгүй Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй (ийм ярилцлагыг 2000 оны нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан үүсгэсэн маргаан дээр өмнө нь өгч байв). Жишээ нь, хүний эрхийг дордуулсан эсхүл төрийн эрх мэдлийн хуваарилалтыг ноцтой алдагдуулсан эсэхийг хянана. Харин, хэвлэлд буй мэдээний хүрээнд харвал одоо маргаан үүсгээд буй заалт буюу Үндсэн хуулийн 39.1-ийн "...Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно" гэсэн өгүүлбэр Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг зөрчөөгүй л дээ. Анхдагч эх сурвалж - маргаан үүсгэсэн тогтоолыг уншаагүй тул бүрэн дүгнэх боломж алга; уншвал ямар үндэслэлээр ямар маргаан үүсгэсэн нь тодорхой харагдах байх.
Эцэст нь, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дахин ярьж болох ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуулийн дагуу түүнд заасан хугацааны болон бусад шаардлага хангасан байх хэрэгтэй." гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна