Манай улсад янжуур тамхины хэрэглээ асар их. Гуравхан сая хүн амтай улсын хувьд тамхинаас шалтгаалсан нас баралтын тоо 4300 гэдэг асар эмгэнэлтэй өндөр тоо. Үүнээс тамхинаас шалтгаалсан зөвхөн зүрх судасны өвчин, хорт хавдараар жилд 2500 хүн нас бардаг байна. Иймд бид ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн С.Болормаатай тамхидалтын нөхцөл байдлан талаар ярилцаж, мэдээлэл сонслоо.
-Монголд тамхидалтын тухай эмгэнэлтэй тоо баримтууд дуулддаг. Жилд яг хэчнээн хүн тамхинаас үүдэлтэйгээр нас бардаг вэ хатуухан асуухад?
-Шууд хатуу тоогоор ярилцлагаа эхлүүлж байх шиг байна. Өмнөтгөл байдлаар суурь мэдээлэл өгье. Тамхидалт бол зүрх судасны өвчин, уушгины архаг бөглөрөлт өвчин, төрөл бүрийн хорт хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний анхдагч эрсдэлт хүчин зүйлсийн нэг мөн. Тамхидалтаас болж дээрх өвчлөлүүд үүсдэг нь нотлогдсон.
Тамхидалтаас шалтгаалан дэлхийд жилд НАЙМАН сая орчим хүн амиа алддаг гэсэн статистик байдаг. Харин манай улсад жилдээ нийт 16 мянга орчим нас баралт бүртгэгддэг. Үүний гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр, таван хүн тутмын нэг нь хорт хавдраар нас бардаг. Зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын 1/4, хорт хавдрын шалтгаант нас баралтын 30 орчим хувь нь тамхидалтын шалтгаант нас баралт байдаг гэсэн АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн тооцоолол байдаг. Үүний дагуу тооцоолбол манай улсад жилд 2,500 гаруй хүн тамхины шалтгаант зүрх судасны өвчин, хорт хавдрын улмаас амиа алддаг. Үүнээс гадна Эрүүл мэндийн үзүүлэлт, үнэлгээний хүрээлэн /Institute for Health Metrics and Evaluation/-гээс 2019 онд гаргасан өвчний дарамтын судалгаагаар Монгол Улсад тамхинаас шалтгаалж жилд 4,300 орчим хүн нас барж байна, эдгээр нас баралтын 72% нь 70-аас доош насанд тохиолдож байна гэж гарсан. Энэ бол асар өндөр тоо. Энэ бол асар өндөр тоо.
-Гуравхан сая хүн амтай манай улсын хувьд асар өндөр, асар эмгэнэлтэй тоо байна шүү. Тэгвэл хэрэглээтэй холбоотой статистик мэдээлэл ямар байдаг бол?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн албан ёсны судалгааны тоо баримтуудаас хэлж өгье. Халдварт бус өвчний шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан судалгаа (СТЭП судалгаа) гэж бий. Энэхүү судалгааг Монгол улс 2005, 2009, 2013, 2019 онуудад нийт дөрвөн удаа хийсэн байдаг. 2019 оны судалгаагаар манай улсын 15-69 насны хүн амын 24,2 хувь тамхи татдаг гэж гарсан. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Тамхины эсрэг хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээгээ чангатгах хэрэгтэй гэсэн үг. Мөн 2019 оны Дэлхийн залуучуудын тамхины судалгаагаар 13-15 насны сурагчдын дундах тамхины хэрэглээний тархалтыг судалсан байдаг. Ач холбогдолтой, чухал мэдээлэлтэй судалгаа. Энэхүү судалгаагаар 13-15 настай хүүхдүүдийн 14 хувь (хөвгүүдийн-21 хувь, охидын-6.9 хувь) нь тамхи татдаг гэж гарсан. Мөн энэ судалгаагаар электрон тамхины хэрэглээг судалсан. Ингэхэд 13-15 насныхны 3.5 хувь нь электрон тамхи татдаг. Үүний 5.8 хувь нь хөвгүүд, 1 хувь нь охид байгаа юм.
-Эмэгтэйчүүдийн дундах тамхи таталт нэмэгдсэн. Сургуулийн сурагч охид хүртэл татах нь ихэссэн гэдэг шүүмжлэл их гардаг шүү дээ. Энэ талаарх бодит судалгааг дурдвал?
-Эмэгтэйчүүдийн дундах тамхидалт 2019 оны СТЭП судалгаагаар 5 хувьтай гарсан нь 2013 оныхоос ердөө 0.3 хувиар буурсан байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Хүйсээр нь харьцуулж үзвэл эрчүүд 8.7 дахин өндөр хувийг эзэлдэг.
-Тамхинаас үүдэлтэй өвчлөлүүдийн талаар та ярилцлагынхаа эхэнд дурдсан. Сүүлийн үед тамхидалтаас үүдэлтэй судасны бөглөрлийн улмаас хөлөө тайруулах нь ихэссэн гэдэг мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгвөл?
-Энэ мэдээллийн талаар сайн мэдэхгүй байна. Эмч нар өөрсдийн эмнэл зүйн практикын тохиолдлууд дээрээ үндэслэж үүнийг ярьж байгаа байх. Тамхи судасны бөглөрөл үүсгэдэг үү гэвэл үүсгэдэг. Тамхинд агуулагддаг никотины бохь судасны ханыг бөглөдөг. Уушгины гуурс, гуурсанцруудыг тамхины бохь бөглөдөг. Энэ нь механикаар хүний амьсгалах чадварыг бууруулж байна гэсэн үг. Тамхи татдаг хүмүүс бөгшүүлж ханиалгадаг шүү дээ. Хэр их хэмжээтэй тамхи татна, төдий чинээ бөглөрөл үүснэ. Хамгийн харамсалтай нь эцэст нь харвалт, шигдээс, уушгины архаг бөглөрөлт өвчнөөр нас барах эрсдэлд хүргэдэг.
-Янжуур тамхинд 7000 төрлийн хорт бодис агуулагддаг гэдгийг нийтээрээ мэддэг хэрнээ яг ямар хорт бодис агуулагддаг гэдгийг нарийн сайн мэддэггүй шүү дээ?
-Яг үнэн. Янжуур тамхинд үндсэн хордуулагч болон донтуулагч бодисууд агуулагддаг. Донтуулагч бодист никотин зүй ёсоор орно. Асар их хортой бодисууд дотор хорт хавдар үүсгэгч ацетальдегид, формальдегид, бензоапирин, нитрозамин зэрэг 70 гаруй бодис, аммони, жоом, шавьжны хоронд хэрэглэгддэг химийн хортой нэгдлүүд агуулагддаг. Сүүлийн үеийн цахилгаан тамхинд ч утаат тамхинд агуулагддаг хорт хавдар үүсгэгч таван химийн хорт нэгдлүүд агуулагдаж байгаа нь тогтоогдсон.
-Янжуур тамхинд дам тамхидалт гэх осолтой асуудал бий. Тамхи татаж буй хүнээс илүү хажуу дахь нь хорддог. Үүнд хүүхдүүд илүү хорддог нь эмгэнэлтэй?
-Миний дээр дурдсан 13-15 насны хүүхдүүдийн дунд хийсэн тамхидалтын тархалтын судалгаанд дам тамхидалтын тухай бас орсон. Гэрийн нөхцөлд дам тамхидалтад судалгаанд оролцсон хүүхдүүдийн 42.9 хувь нь өртдөг. Олон нийтийн газар дам тамхидалтад судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 52.3 хувь нь өртдөг гэж гарсан байгаа. Хоёр хүүхэд тутмын нэг нь дам тамхидалтад өртдөг байх нь.
-Цахилгаан тамхины талаар та нэлээдгүй дурдлаа. Зарим нь цахилгаан тамхийг маш их хортой гээд буцаад янжуур тамхи татах хандлага ажиглагдаж байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Сүүлийн үед цахилгаан тамхитай холбоотой нэлээд судалгаанууд хийгдэж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц судалгаа гаргаж ирэхэд нэлээдгүй хугацаа ордог. Ялангуяа цахилгаан тамхи гэж нэрлэгдээд байгаа шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг анх 2003 онд үйлдвэрлэсэн байдаг. Түүнээс хойш улам боловсронгуй болж байна. Цахилгаан тамхийг хортой юм байна гээд буцаад уламжлалт янжуур тамхи татах ойлголт явж байгаа нь цаад утгаараа тамхи үйлдвэрлэгчдийн маркетинг явж байгаа. Өөр юу ч биш. Тамхи үйлдвэрлэгч, худалдаачид зах зээлээ алдахгүй гээд тэмцэлдэж байна. Монгол Улсад 2021 онд янжуур тамхи 3 тэрбум гаруй ширхэгийг, цахилгаан тамхи 1.2 саяыг оруулж ирсэн гэх мэдээлэл байдаг. Энэ нь хуулийн зохицуулалтгүйтэй холбоотой.
-Яаралтай хуульчлах шаардлагатай юм байна, тийм үү?
-Яг тийм. Дэлхийн маш олон оронд шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнүүдийг хуулиар зохицуулдаг. Манайх хуулийн зохицуулалт хийж амжаагүй байгаа цөөхөн улсын нэг. 2017 онд “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж зохицуулах гэж байсан ч төдийлөн амжилт олоогүй. Түүнээс хойш таван жил өнгөрлөө. Энэ хооронд тамхины зах зээл асар өргөжлөө. Хүүхэд залуучууд маш их тамхинд донтож байна. Тийм учраас үүнийг хуулиар маш хурдан зохицуулах ёстой. Ингэхдээ зөв, сайн зохицуулалт хийх шаардлагатай. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.
-“Тамхинаас гаръя, больё” гээд ч чаддаггүй хүмүүсийн тухайд юу зөвлөх вэ?
-Эрүүл мэндийн байгууллагууд, ялангуяа сум, өрх, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүд тамхинаас гарахыг зөвлөдөг байх шаардлагатай. ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст зориулан сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээ, мэдээлэл өгөх үндэсний заавар боловсруулсан. Энэ зааврыг эрүүл мэндийн байгууллагууд хэрэгжүүлэхэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв мэргэжил аргазүйгээр ханган ажиллаж байна. Тамхи татах нь нэг төрлийн донтох эмгэг юм. Донтолтоос гаргах тусламж үйлчилгээг сайн хүргэх ёстой. 13-15 насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар 10 хүүхэд тутмын 9 нь буюу 85.6 хувь нь тамхинаас гарах гэж оролдсон, тамхи татдаг 10 хүүхэд тутмын 8 нь тамхинаас гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байгаа юм. Энэ судалгаа нь хүүхдүүд тамхийг дөнгөж сонирхож татаад эхлэхэд нь маш хурдан гаргах ёстой гэдгийг харуулж байна. Тамхинаас гарахад никотин орлуулах эмчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө зэрэг цогц аргууд байдаг. Эдгээрийг хэрэгжүүлэх шаардлагатай.
-Манай улс тамхины үнэ болоод татвар багатай орны тоонд ордог байх?
-Манай улсад янжуур тамхины татвар хэт бага, үнэ хамгийн хямд улс орнуудын нэг. Иймд ДЭМБ улс орнуудад тамхины татварыг тамхины жижиглэнгийн үнийн 70 хувьд хүргэхийг зөвлөдөг. Гол зорилго нь тамхины хэрэглээг бууруулж, ялангуяа хүүхэд, залуучуудыг тамхинд орохоос урьдчилан сэргийлэх юм.
-Цаг зав гарган ярилцсанд маш их баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.128.179
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах