Цахим мэдээллийн сүлжээг ашиглах, хэрэглэх хэмжээ хязгаарыг хэтрүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээнэ


Иргэн Болд нь программ хангамж, мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа компьютер, мэдээлэл технологийн мэдлэг, ур чадвараа ашиглан тухайн компанид ажиллаж байсан Зултай хамтарч “Эрүүл мэндийн хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаанд ашиглагддаг мэдээллийн сүлжээнд нэвтрэх талаар судалж, улмаар тухайн сүлжээнд нэвтэрч мэдээллийг хуулбарлаж авчээ.

Халдлагад өртсөн тухайн мэдээллийн сүлжээ нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт зөвхөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаандаа ашигладаг Монгол Улсын иргэдийн овог нэр, регистрийн дугаар, өвчтний түүх, эрүүл мэндийн мэдээлэл гэх зэргийг агуулдаг том хэмжээний дата бааз байв.

Сүхбаатар дүүргийн прокуророос Болд, Зул нарыг бүлэглэн Эрүүгийн хуульд заасан “Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан” гэмт хэрэгт тус тус холбогдуулан тэдгээрийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Мэдээллийн сүлжээ гэж хоёр, түүнээс дээш компьютер түүнтэй адил төст хэрэгслээр хооронд мэдээлэл солилцох, мэдээлэл авах ажиллагааг хангаж буй технологийн системийг ойлгох ба энэхүү технологийн системд нэвтэрсэн, мэдээллын баазад агуулагдсан мэдээллийг тусгай комьпютерт хуулбарлаж авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж үзэхээр заасан байна.   

Шүүхээс Болд, Зул нарыг цахим орчинд ажиллах, мэдээлэл технологийн мэдлэг, ур чадвараа ашиглан хуулиар хамгаалагдсан иргэдийн хувийн мэдээлэл агуулсан дата бааз бүхий мэдээллийн сүлжээнд комьпютерийн техник хэрэгсэл ашиглан, тусгай программаар дамжуулан хууль бусаар халдсан гэм буруутай гэж үзэв. Тэдний энэ үйлдэл нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болох мэдээллийн аюулгүй байдал, кибер орчинд аюул эрсдэлгүй ажиллах, тэдгээрийг хангах талаар тогтоосон хууль, журмыг зөрчиж цаашилбал төр, иргэний мэдээллээ өмчлөх, халдашгүй байх эрхэд хууль бусаар ноцтойгоор халдаж буй үйлдэл юм. 

        Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас төлөх бодит хохирол байхгүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон тэдгээрээс үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, анх удаа шүүхээр ял шийтгэгдэж байгаа, суралцаж, ажиллаж хөдөлмөрлөж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс Болдод 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 9.000.000  төгрөг, Зулд 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.500.000 төгрөгөөр тус бүрт торгох ял оногдуулав.

Шийтгэх тогтоолыг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/67473?daterange=2021-11-30%20-%202021-12-30&id=1&court_cat=2&bb=1

Санамж: 

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно. 

    Хураангуй бэлтгэсэн:  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны

шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.239
    2022/09/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах