УИХ-ын Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн хороогоор газрын тухай таван багц хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

9 цаг 32 минутын өмнө

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022.11.15-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн Газраас өргөн мэдүүлсэн Газрын багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлж, гишүүдийн олонхын саналаар хэлэлцэх эсэхийг дэмжлээ. 

Газрын тухай таван багц хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцуулсан бөгөөд газрын харилцааны салбар нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези зураг зүй, суурь судалгаа, газрын мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, орон зайн мэдээллийн менежментийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, баялаг бүтээх суурь орчныг бүрдүүлдэг онцлог салбар гэдгийг тодотгоод үүнтэй холбогдуулан тус яамнаас газрын шинэтгэлийн бодлогын хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох зорилгоор газрын багц таван хуулийн төслийг боловсруулсан тухай дурдлаа.


Нэг.Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар, Салбарын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, газрыг төлөвлөх, бүртгэх, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл боломжийг нэмэгдүүлж, бэхжүүлэх, төрийн өмчийн газар ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, газрын нэгдсэн төлөвлөлт, бүртгэлээр дамжуулж салбар хоорондын уялдааг хангах, газрын эрхийг иргэний хуулийн суурь эрхийн зохицуулалттай нийцүүлэх, төрийн үйлчилгээг цахим системээр ил тод, түргэн шуурхай зохион байгуулах зэрэг ажлуудыг оновчтой, зөв, хурдан шуурхай шийдвэрлэх шаардлагыг бүрэн хангах зорилт тавьж боловсруулсан байна.

Хоёр.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар, Төрөөс газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, газар өмчлөх эрхийн олголт, бүртгэл, хяналт хийх, иргэн өмчийн газраа бусдад ашиглуулах, уг эрхээ газрын бусад эрхээр иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх, газар өмчлөгч иргэний эрхийг хязгаарлах эрх, иргэний газар өмчлөх эрхийг баталгаажуулах зэрэг зохицуулалтуудыг Газрын ерөнхий хуулийн үзэл баримтлалтай уялдуулан шинэчлэн боловсруулсан.

Гурав.Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, Кадастрын олон зориулалтын бүртгэл, түүнийг эрхлэх цогц үйлчилгээ, үйл ажиллагаагаар хуульчилж, улсын хэмжээнд эрхийн төрөл харгалзахгүйгээр газрын гадарга, газар, түүний дэд талбар, объектыг улсын бүртгэлд бүртгэх, кадастрын зураглалын ажлыг хийх, кадастрын мэдээллийн сан үүсгэх, газрын үнэлгээ, төлбөр, татварын нэгдсэн тогтолцоог бий болгох эрх зүйн зохицуулалтыг тусгасан.

Дөрөв.Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, зөвхөн газрын төлбөр ногдуулах төлбөрийг төсөвт төвлөрүүлэхээс гадна хөнгөлөх, төлөвлөх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг тодорхойлж, төлбөр төлөгчийг мэдээллийн санд бүрэн бүртгэснээр газрын төлбөрийн бааз суурийг өргөтгөх, төлбөр хураалтыг сайжруулах, төлбөр төлөхөөс зайлсхийх явдлыг зогсоох, цахим мэдээллийн системийг ашиглах талаарх зохицуулалтыг тусгасан.

Тав.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай анхдагч хуулийн төслийн талаар, Төрөөс улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор үндэсний болон бүс нутгийн хэмжээний томоохон дэд бүтцийн болон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байгаатай уялдуулан улсын тусгай бол нийгмийн зайлшгүй хэрэгжсэн ашиг сонирхолд нийцүүлэн хувийн өмчийн эзэмшил, ашиглалт байгаа газрыг чөлөөлөх шаардлага гарч байна. Иймд газар чөлөөлөх үндэслэлийг тодорхой болгож, гагцхүү хуульд заасан үндэслэлээр газар чөлөөлөх, газар өмчлөгч, газрын эрх бүхий этгээдэд нөхөн төлбөрийг олгох, мөн төрийн байгууллага болон газар чөлөөлөлтөд өртөгч хүн, хуулийн этгээдийн эрх, үүргийг тодорхой болгосон зохицуулалтыг цогц байдлаар тусгасан хэмээн танилцуулгад тус тус дурдлаа.

Газрын багц хуулийн төслөөр дамжуулан газрын харилцааны хууль эрх зүйн орчны шинэчлэлийг цогцоор хийж, салбарын зүгээс ил тод, нээлттэй иргэн, хуулийн этгээдийн хувьд цаг хугацаа хэмнэсэн чирэгдэлгүй, авлигаас ангид үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Тус хуулиудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс хуулийн төсөлд бэлчээр болон газар тариалангийн бүсийн газар ашиглалт, хамгаалалтыг асуудлыг хэрхэн тусгасныг илүүтэй лавлахын зэрэгцээ тусгай хамгаалалттай газрын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах асуудлыг хөндөж, газар тариалан, мал аж ахуйн салбарт үүсээд байгаа бэлчээр, тариалангийн талбайтай холбоотой газрын маргааныг олон талаас нь нухацтай ярилцаж, оновчтой зохицуулах шаардлагатайг тодотголоо.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.106
    2022/11/19

    Халуун охид таныг хүлээж байна - - - - - www.Hot24.pw

    Хариулах