Жеоффри Чаусер: Чингис хаан бол хууль, шүүхийн “Агуу хаан” байв


“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Их эзэн Чингис хааны талаар гадныхан хэрхэн юу гэж хэлэв. 

Энэтхэг улсын анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру:

Чингис хаан дэлхийн түүхэн дэх Македоны Александр, Юлий Цезарь нартай эгнэшгүй цэргийн сод ухаантан, удирдагч эргэлзээгүй мөн байсан. Цэргийн хүчээр давуу байлаа ч дайтахыг бус, найрамдахыг эрхэмлэдэг байсан.

Вашингтон Пост сонин:

Чингис хаан болон түүний залгамжлагчид өнөөдөр ч хүн төрөлхтний өмнө тулгарч буй улс төр, эдийн засаг, шашин шүтлэг, иргэншил хоорондын дайн дажин, зөрчил мөргөлдөөнийг найман зууны тэртээ даван туулж, “Монголын их амар амгалан”-г цогцлоож байсан. Чингис хаан бол дэлхийн “Мянганы суут хүн” мөн.

Английн зохиолч Жеоффри Чаусер:

Чингис хаан бол хууль, шүүхийн “Агуу хаан” байв. Цаг үеийн хэмжээгүй эрхт хаад өөрийгөө хуулиас дээгүүр тавьдаг байсан бол Чингис хаан энгийн иргэдтэй адил хуульд захирагддаг байсан нь маш онцлог байв.

Францын эрдэмтэн, Дорно дахины судлаач Поль Пеллио:

Чингис хааны байлдан дагуулалтын үе бол “Дэлхий ертөнцөд урьд өмнө тохиолдож байгаагүй хамгийн аугаа гайхамшигт үйл явдал”.

БНСУ-ын Ерөнхийлөгч асан, Нобелийн Энх тайвны шагналт Ким Дэ Жүн:

Чингис хааны байгуулсан гавьяа дараах түүхэн ач холбогдолтой.

  • Нэгдүгээрт, өрнө, дорныг холбосон хуурай болон далайн замыг бий болгосон.
  • Хоёрдугаарт, Христосын болон Исламын шашин дорно зүгт дэлгэрэхэд чухал нөлөө үзүүлсэн.
  • Гуравдугаарт, газар зүй, одон орон судлал, тооны ухаан, газрын зургийн технологийг өрнөдөд дэлгэрүүлсэн.
  • Дөрөвдүгээрт, өрнө, дорнын соёлын болон эдийн засгийн харилцааг эрчимжүүлснээр дэлхийн ирээдүйн хөгжлийн үйл явцыг өөрчилсөн юм.

Дээрхийн гэгээн, XIV Далай лам:

1206 онд Монголын тархай бутархай овог аймгууд нэгдэн, Чингис хааныг Их хаанд өргөмжилж, агуу их Монголын эзэнт гүрнийг байгуулсан билээ. Тэрээр өөрийн бие болоод сэтгэлийн хичээл зүтгэлээр их амжилтыг олсон юм. Өнөөдөр түүний үлдээсэн гавьяа, бахархал нь Монголын тусгаар тогтнол, эв нэгдэл, эрх чөлөө юм. Түүний агуу их хичээл зүтгэлийг үлгэр дуурайлал болгон хөгжүүлж, зөвхөн эд баялгийн дэвшил бус хүний дотоод үнэт зүйлийг хөгжүүлэхийн төлөө ажиллахыг уриалж байна.

Ромын Пап XVI Бенидикт:

Чингис хаан Монголын ард түмний улс төр, нийгэм соёлын онцлогийг дэлхий дахинаа таниулахад өөрийн хувь хүний чанараар гайхамшигтай хувь нэмэр оруулсан юм.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир В.Путин:

Чингис хаан эхийг нь тавьсан Монголын төрт улс дэлхийн түүхийн өрнөлд ихээр нөлөөлсөн.

Япон Улсын Ерөнхий сайд асан Жуничиро Койзуми:

Авьяас чадалтай, эрдэмтэй гадаадын иргэдийг өндөр албан тушаалд тохоон томилох, нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болох, шашин шүтэх эрх чөлөө зэрэг Чингис хааны явуулсан бодлогыг авч үзвэл, Монголын эзэнт гүрэн даяаршлын анхдагч байжээ.

Японы эрдэмтэн Окада Хидэхиро:

Евроазийн газар нутгийг эзлэн захирч байсан Монголын эзэнт гүрний үед анх “дэлхий” хэмээх ерөнхий ойлголт бий болсноор дэлхийн түүх үүссэн.

Египет Улсын Ерөнхийлөгч асан Хосни Мубарак:

Энэхүү агуу их удирдагчийн түүхэн үүрэг нь монгол овог аймгуудыг нэгтгэж, Монгол Улсыг байгуулаад зогсоогүй, хүн төрөлхтний түүхийн дунд үед дэлхий газрын зургийг шинээр зурахад гүнзгий нөлөө үзүүлсэн юм.

Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Эрдоан:

1206 онд байгуулагдсан Их Монгол Улс нь дэлхийн түүхэнд гарсан хамгийн том үргэлжилсэн хуурай газрын эзэнт гүрэн байлаа.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон:

1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг нэгтгэн зангидсан үеэс хойш монголчууд тусгаар тогтнол, эрх чөлөөг гүнээ эрхэмлэн дээдэлж ирсэн.

Франц Улсын Ерөнхийлөгч асан Жак Ширак:

Дэлхийг донсолгож байсан энэхүү их байлдан дагуулагч ямар их өндөр соёлтой, ирээдүйг урьдчилан харагч, өөрийн нийгэм цаг үеийг тодорхойлогч байсныг тэр бүр бүрэн дүүрэн судалж, мэдэж амжаагүй байна. Чингис хаан овог аймгийн тогтолцоог задлан халж, үндэсний эв нэгдлийг үүсгэн бий болгож, Монгол үндэстний үеийн үед мөнхөд орших эх үндсийг тавьж өгсөн юм. Тэрээр энх тайвныг тогтоож, эртний торгоны замын аюулгүй байдлыг хангаж, худалдаа наймаа, оюуны болон урлаг соёлын солилцоог хөгжүүлэх бололцоог олгосон юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолд:

Их Монгол Улс Ази, Европын олон нийгэмд өөрийн улбааг үлдээхийн зэрэгцээ өрнө, дорнын соёл уламжлалыг өөртөө шингээн, хүмүүний үнэт зүйлсийн солбицол, дэлхийн иргэншлүүдийг холбосон гүүр болж, худалдаа арилжааны өргөн сүлжээг хөгжүүлэх, засаг захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвүүдийг бий болгож, бүх хэлбэрийн соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ, харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн чухал үүргийг хүлээн зөвшөөрч, монголчуудын соёл иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна.

Английн нэрт зохиолч, орчуулагч Пенелопе Оубин:

Ариун явдалт, чигч шударга, төлөв төвшин тэрхүү хаан болбоос бас гайхамшигт хань, сайн эцэг, үнэнч анд, ээлт эзэн, ухаалаг жанжин байсан ажгуу.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.147.238
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах