Л.Энх-Амгалан, Г.Ганбаярыг ОГЦРУУЛ, Ерөнхий сайд аа. Тэд ажлын болон ёсзүйн хариуцлагаа хүлээх ёстой


Монгол Улсын Засгийн газар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийх тэмцлийн хүрээнд “5Ш” ажиллагаа зохион байгуулж буй билээ.

 Энэ хүрээнд хийгдэж буй ажлууд төрийн бүх түвшнийг буюу гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлэгчдийг өөрсдийг нь ч хамарна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар эхнээсээ л маш сайн ойлгож байж эхлүүлсэн байж таарна. 

Энэ том ажлыг эхлүүлсний хувьд, цаашид яаж хэрэгжихийг нь төсөөлөн харж байгаагийн хувьд, ажиллагааны хүрээнд яг зөрчил гаргасан нь тогтоогдсон хэнд ч хариуцлага тооцох нь цаашдын амжилтын эхлэл болно гэдгийг мэдэж байгаагийн хувьд тавьсан том зорилгоо бодоод танхимынхаа талд биш, ёс зүй, сахилга хариуцлага, мэдлэг чадварын талд зогсоно, хариуцлага тооцно гэдгээ тохирсон байх учиртай. Алдаа гаргасан нь тогтоогдсон албан тушаалтан өөрөө уучлалт хүсээд огцорвол бүр ч сайн.Яг өнөөдрийн тухайд, Боловсролын зээлийн сангийн асуудал олон нийтийн анхаарлын төвд орсон үед Л.Энх-Амгалан сайд энэ зэргийн зэм хүртэх болзлоо хангачихаад байна.   

Л.Энх-Амгалан сайдын тухайд, Боловсролын зээлийн сангаас дүү, эхнэр хоёр нь зээл авч суралцаад зээлээ журмын дагуу чөлөөлүүлсэн. Боловсролын зээлийн сангийн нэг сул тал /гэхдээ мэдээж, зээл авах эрх мэдэлтнүүдэд бол давуу тал л даа/ нь зээл чөлөөлөх журам нь хэтэрхий хялбарт оршиж байсан.

Зээлийг хэнд өгөх вэ эдгийг шийдэж байсан номенклатур давхаргынхан, тэдний хамаарал бүхий этгээдүүд маш өндөр дүнтэй зээл аваад дараа нь төрийн албанд таван жил ажиллаад л, эс бол бүр таван жил нийгмийн даатгал төлөөд л зээлээ чөлөөлүүлж байсан байдаг. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлж байсан тохиолдол ч гарсан.

Тэгэхээр, нэгт, Боловсролын зээлийн сан яах аргагүй номенклатур давхаргынхны тусгай хангамж байсан нь хэн бүхэнд ил бөгөөд Л.Энх-Амгалан сайд өөрөө биш ч хамаарал бүхий этгээдүүд нь үр шимийг нь хүртжээ.

Хоёрт, БЗС-гийн хэлтсийн даргыг ноцтой гэмт хэрэгт гүтгэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийсэн. Хэвлэлийнхэн тэгэхэд чиг үүргийнхээ дагуу хөдөлшгүй үнэн, сүүлд үнэн гэдэг нь батлагддаг мэдээ, нийтлэл бичсэнийхээ төлөө цагдаагийн үүд сахидаг шүү дээ. Ямартай ч уучлалт хүсээд өнгөрөх асуудал биш.

Гуравт, “БЗС-гийн зээлээр суралцаж байгаа оюутнууд амиа хорлоно гэж байна” гэж мэдэгдсэн нь бусдад буруу сэдэл өгсөн, боловсролын сайдын амнаас гарч болохгүй үг. Амиа хорлолтод ямар ч зөвтгөл байхгүй гэдгийг сайд хүн мэдэж, бусдад ойлгуулж байх учиртай.  

Боловсролын зээлийн сангийн мэдээлэл ил болсноор олон хүнд хариуцлага яригдана. Боловсролын сангийн зээлээс чөлөөлөх эрх мэдлийг 2011 онд УИХ-д хуулиар олгосныг л аваад үзэхэд 12 жилийн туршид сайд нарын тушаалаар суларсан зээлийг нэгбүрчлэн шалгах шаардлага үүсэж буй. Гэхдээ сангийн мэдээлэл нээлттэй болсноороо журам, шалгаруулалт нь ч ил болж, сурлага сайтай л бол ямар ч аавын хүү, ээжийн охин хамрагдах боломж бүрдэж буй. Энэ бол нийгэмд асар их үр нөлөө үзүүлэх болно. Л.Энх-Амгалан сайд өөрөө энэ ажлын эхлэлийг тавьсан. Түүнийх нь төлөө талархах ёстой. Гэхдээ би эхлүүлсэн гээд хариуцлагаас мултрах ёсгүй.

Дөрөвт, салбарынх нь ажил салан задгай байна. Салбарын боловсон хүчний гол найдлага болоод байсан Боловсролын ерөнхий хууль УИХ-ын анхны хэлэлцүүлгээрээ төрөл арилжиж, Үйлдвэрчний эвлэлийн холбоодын эсэргүүцэлтэй тулгарсан. Газар, хэлтсийн дарга нарын үрэлгэн байдал хэл ам таталдаг ч засардаггүй. Багш нарын үнэлгээний шалгалтын даалгавар дэндүү хүнд байсан нь “Мөнгө харамлалаа” гэж шүүмжлүүлж байгаа. Дэд сайд нь байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, юу хийдэг нь тодорхойгүй Г.Ганбаяр гэх нөхөр бий. Боловсролын яам үнэндээ жолоочгүй машин шиг болчихоод байгааг эх сурвалжууд янз, бүрийн жишээгээр мэдээллэж буй. 

Манай Парламент, Засгийн газрын гишүүд “Бид хариуцлагагүй, худалч ард түмний төлөөлөл гэж алдаагаа хаацайлдаг бол бидний зэрэг зиндаанд нь хүрч очихыг зориод, хүсэж мөрөөдөөд, төлөвлөөд байгаа тэр хөгжингүй улсуудад төрийн албан хаагчид нь өөрсдийгөө “Ард түмнээ сахилга хариуцлага, ёс зүй, хүнлэг чанарт уриалах амьд жишээ, үлгэр дууриалал” гэж хатуу ойлгосон байдаг. Ард түмний дунд ч “Ийм байх ёстой” гэсэн ойлголт бат суусан учир буруу үлгэр дуурайлал үзүүлсэн, алдаа гаргасан улстөрч нөлөөлийг нь гүнээ ухамсарлаж, уучлалт хүсээд огцордог.

Албан тушаал өндөрсөх тусам алдаа томорч, хүлээх хариуцлага чангарна гэдгийг л бүгд хатуу ойлгох учиртай. Давуу эрхээ ашиглах битгий хэл ажилдаа хариуцлагагүй хандах гэх мэт нийгэмд үлгэрлэвэл хорлонтой алдаа гаргасан л бол тэрийгээ мэдрээд улстөрч нь өөрөө огцрох өргөдлөө өгдөг тийм нэг ёс зүйн торгон мэдрэмжийг төрд суулгахыг л бид хүсээд байгаа шүү дээ.

Л.Энх-Амгалан сайдын ганцхан хоногийн дотор мэдэгдсэн, өөрөө нэмж гаргасан алдаанууд өнгөц харахад хүн болгоны хийчихдэг, манай хэмжүүрээр бол уучлал гуйгаад цайрчихдаг жижиг алдаа мэт боловч үнэндээ маш том алдаанууд юм. Үүнд ажил эхлүүлсэн юм, асуудлыг нь анх гаргаж тавьсан юм, хөөрхий гэж өөхшүүлэх, эвийлэх шаардлага огт байхгүй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй байгаагаа эрх мэдэл байхгүйтэй холбон тайлбарлаж “Шүдгүй арслан” хэмээх зүйрлэл хэрэглэж байж билээ. Улмаар Үндсэн хуульд нэмэлт өөрлөлт оруулан Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, өөрөө халж солих эрхтэй, “шүдтэй арслан” болсон. 

Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол “шүдтэй арслан”. Түүнд тааруу ажиллаж байгаа сайдаа халж солих эрх мэдэл, энэ эрх мэдэлдээ дулдуйдан танхимаа бүрэн хянах боломж бололцоо бий. Түүний танхимаас ажил үйлс нь доголдсон, тааруу яваа салбар, халж сольчихмоор, хатуу донгодож ажлыг нь сайжруулмаар сайд Л.Энх-Амгалангаас эхлээд байна. 

Аливаа шийдвэрт шалтаг хэрэгтэй байдаг тул энэ бүхнийг дурьдсан болохоос нийтлэлийн агуулга өнгөрсний тухай биш, харин ирээдүйн тухай юм. 

Ирээдүйд зөвхөн боловсролын гэлтгүй бүх салбарт олон, олон бантан зуурагдахаас сэргийлэх нь нийтлэлийн гол агуулга болно. Зөвхөн салбарын яам биш, Засгийн газрын танхимыг ч доргиох хэмжээний ёс зүйгүй үйлдлээс сэргийлж чадна. Танхимынхаа сайд нарын энэ мэт илт алдаан дээр нь “нүдээ аньж”, “шүд”-ээ нуувал, хариуг нь та ч бас хожим хүртэнэ шүү гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд анхааруулах гэсэн юм. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.225.242
    Өчигдөр

    Амарбаясгалангийн сайн найз хөрш Ганбаярыг огцруулж чадахгүй шүү

    Хариулах
  • 66.181.161.173
    Өчигдөр

    Огцруул

    Хариулах
  • 202.126.89.108
    Өчигдөр

    ogtsruul

    Хариулах
  • 202.126.89.108
    Өчигдөр

    hujaa bandiig ogteruul

    Хариулах
  • 122.201.19.190
    Өчигдөр

    сайдууд нь хариуцлага гүй нийгмийг бухамдуулж байхад яагаад хариуцлага тооцохгүй байгаан бэ засгийн газраа

    Хариулах
  • 49.0.137.164
    Өчигдөр

    Enkhamgalan Said sain ajillaj baigaa harin ene Ded Said nertei hooson tolgoi oligtoi ajlaa hiideggui hun baigaa yum orond ni oligtoihon amitan baisan bol ene ajil ali hediin zegzendee oroh bailaa !

    Хариулах
  • 103.212.116.18
    Өчигдөр

    энэ дэд сайданцар нэртэй цүнх баригч хэл муут ухаанаар олиггүй этгээд яасан олон жил сайдын ард нуугдаад цалин цавчаа идээд шигдцэн байнаа.Хиидэг ажилгүй ийм хачиг хувалз шимэгч бөөсииг илрүүлж шүүрдээчээ.сайддаа үнэн бодит мэдээ олж өгч зөв яриулахгүй буруу мэдээ өгч уншуулаад суудаг юмуу хаашаа юм.Сайд өгсөн бүгдииг хяналтгүй цацаж байхад тв5д сурвалжлагч хийж байсан биздээ энэ мангар нь ядаж зөв мэдээ уншужлчихад яанаа.Ямарч чадвар чадамж сэтгэлгүй ийм маанаг тэнэг долоогч дэд сайданцар хэрэгтэй юм уу .ЭА сайд аа

    Хариулах