Дэлхийн хамгийн хортой мод

Х.Батсайхан
2023/06/08

Та Карибын орнуудаар аяллаа гэж бодъё. Эсвэл Бразилд ч юм уу. Эсвэл бүр цаашлаад Америкт (Төв, Өмнөд, Хойд аль, аль нь) аяллаа гэж төсөөлье... Мэдээж танд маш таатай, дурсамжтай, хөгжилтэй байх нь гарцаагүй. Гэхдээ тэгж явтал чинь ногоон алим сагсайтал ургасан, мөчир нь үр жимсээ (Алим, эсвэл гуаватай маш төстэй) дааж ядсан саглагар мод гараад ирж гэмээ нь ойртож очих эсэхээ сайтар бодох ёстой юм шүү.

Алимнууд нь мөчрөөсөө унаж хөглөрөөд гүйцэт боловсорсны шинжийг илтгэх нь даруйхан алхаж очоод амтлах хүслийг төрүүлнэ. Очоод харсан ч тэнд хор, генийн өөрчлөлт ч гэх юм уу хүний биед харшлах шинж тэмдэг нэгийг ч олж харахгүй гэдэгт итгэлтэй байна. Бүр нэгийг аваад хазсан ч тийм муухай гэхээргүй амт амтагдана. 

Гэвч та жимсийг амталж гэмээ нь хэдхэн минутын дараа гэдэс чинь тэсэхийн аргагүй өвдөх болно. Зүгээр болохгүй, хоолой хуурайшиж хатна, ус уусан ч нэмэргүй. Энэхүү модны жимс нь хүхрийн хүчил ихээр агуулдаг бөгөөд ганц хазаад орхисон бол амьд үлдэх магадлал багагүй. Харин бүтнээр нь идсэн хүн эмнэлэгт нэн даруй очиж чадвал аврагдаж, чадаагүй нь амиа алддаг байна. Хүн төрөлхтөнд эс, ширхэг бүрээрээ хор хөнөөл учруулах чадвартай энэ модыг хүн төрөлхтөн эртнээс “Үхлийн мод” гэж нэрлэж ирсэн бол орчин үед эрдэмтэд манчинелла (Manchineel) хэмээх сонсголонтой нэр хайрлажээ.

МАНЧИНЕЛЛЫН ЯГ ЮУ НЬ АЮУЛТАЙ ВЭ

Манчинеллагийн үр жимс, навч, цэцэг, холтос, их бие, тэр бүү хэл дээр нь хэсэгхэн зуур тогтсон шүүдэр хүртэл үхлийн аюултай хор агуулдаг. Энэ аймшигт хорт чанараараа хэчнээн хүний аминд хүрснийг таашгүй.

Эрт дээр үед аялагч, далайчид өлссөндөө манчинеллагийн жимсийг идэн амиа алддаг байв. Гэхдээ заавал жимс идэх ч шаардлагагүй, ердөө мөчир доор нь сүүдэрлэсэн, эс бөгөөс борооноос хоргодсон хүнийг ч үхүүлж чадна.

Манчинелла бол дэлхий дээрх хамгийн хортой, тэр чинээгээрээ аюултай мод юм. Энэ чанараараа дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннессийн номд ч бичигджээ. Аз болоход Монголд энэ мод байхгүй. Харин халуун дулаан бүсийн улсад бол тийм ч ховор биш.

- Харахад алимны мод шиг, жимс нь шүүслэг, амттай, гэвч...

- Үр жимсийг нь идэх байтугай үнэрийг нь үнэртэх ч аюултай...

- Хүн төрөлхтөн энэ аймшигтай модыг устгах гэж хэдэн зуун жил тэмцээд ялагдал хүлээжээ.

Манчинелла бол Сүүмөгийн (Eiphoria) төрлийн, мөнх ногоон мод юм. Жилийн дөрвөн улирал цэцэглэдэг. Чийгэнд маш дуртай тул далайн эрэг дээр ургах нь элбэг. Сүүмөгийн төрлийн олон ургамлын нэгэн адил шүүслэг жимс агуулдаг ба тэр нь маш хортой. Манчинеллагийн шүүс хамгийн хүчтэй хорны болох форбол агуулдаг. Жимснийх нь шүүс арьс, салстыг хүчтэй цочроож түлдэг. Хэдхэн дусал нь хүртэл маш хүчтэй түлэгдэл, шарх үүсгэх чадвартай. Шүүс нь ходоодонд орвол цоортол түлэх ба нүдэнд үсэрсэн өчүүхэн жижиг дусал нь бүрэн хараагүй болгох эрсдэлтэй юм.

Форбол нь усанд сайн уусдаг тул борооны ус навч мөчрөөр нь дамжихдаа хортой болон газар буудаг ажээ. Энэ модтой харьцсан хүнд хорт хавдраар өвдөх магадлал эрс өндөрсдөг байна.

ХҮН ТӨРӨЛХТӨН МАНЧИНЕЛЛЫГ УСТГАХ ГЭЭД ЯЛАГДСАН 

Хүн төрөлхтөн манчинеллагийн хор уршгийг эртнээс мэддэг байжээ. Тиймээс хуйгаар нь устгах оролдлогыг нэг бус удаа хийсэн байна. Харамсалтай нь, тэр бүх оролдлого нь манчинеллаг тийм амар устгаж болдоггүйг мэдсэн туршлага төдий болж үлдсэн аж.

XVII зуунд Пуэрто-Рико арлын оршин суугчид модыг нэгмөсөн устгах гэж оролдсон ч чадаагүй аж. Эхлээд бүгдийг нь тайрч устгах гэсэн ч модноос үсэрсэн шүүс, мөн модны навч мөчрөнд хүрсэн хэсгээрээ арьс хөрс нь түлэгдээд болж өгсөнгүй. Тэгэхээр нь шатаах гэж үзжээ. Гэтэл цавчихаас ч илүү гайтай юм бол утаа нь хүн амьтныг хордуулаад гамшиг болох дөхсөн байна. Хүхрийн хүчил агуулсан утааг нь үнэртсэн хүмүүс угаартаж нүд нь харахаа больж, толгой нь тэсэхийн аргагүй өвдөж байжээ. 

Манчинеллад агуулагддаг хүхрийн хүчил нь саяхан олон хүний амь авч одсон сайжруулсан түлшний угаарт агуулагдах хийтэй нэршлийн хувьд адил гэж бодохоор амь насанд халтай гэдгийг нь төсөөлөх байх.

Орчин үед манчинеллаг үйлдвэрлэлд ашигладаг. Энэ мод тавилга үйлдвэрлэлд маш бөх бат, урт настай, сайн чанарын түүхий эд болдог байна. Гэхдээ энэ түүхий эдийг бэлтгэхэд маш аюултай хэвээр байгааг хэлэх ёстой. Модыг огтлох боломжгүй (холтсонд нь ч хүрч болохгүй гэдгийг санаарай). Тиймээс унагахын өмнө эргэн тойронд нь гал асааж модыг утаагаар хатаадаг байна. Дараа нь огтлоод маш болгоомжтойгоор хөрөөддөг. Энэ үед модны хорт шүүс бүрэн хатаагүй байдаг тул аюултай хэвээр байна. Харин тавилга хийсний дараа бол ямар ч аюулгүй байдаг. Учир нь, боловсруулалтын явцад модноос хортой шүүсийг нь бүрэн зайлуулдаг юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.59
    2023/06/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах