Г.Саран: Ирэх сараас тэтгэвэр 8 хувиар нэмэгдэнэ

2020 оны 01 сарын 14

Энэ оны эхнээс дагаж мөрдөж буй, Нийгмийн даатгалын хуулиудад орсон өөрчлөлтүүдийн талаар өнөөдөр НДЕГ-аас мэдээллээ. 

Юуны өмнө Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 8 хувиар нэмж буйг мэдэгдлээ. Үүнд улсын төсвөөс энэ онд 150.6 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Мөн зарим иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Зарим гэдэгт ямар иргэд хамрагдаж буй талаар бид НДЕГ-ын дэд дарга Г.Сарангаас тодрууллаа. 

-Өнөөдрийн байдлаар, Нийгмийн даатгалын сангаас нийт 423 мянган тэтгэвэр авагч байгаа. Улсын төсөвт 154 тэрбум төгрөг тусгагдсан байгаа. 2 дугаар сарын 1-нээс өмнө тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлнэ. 

Таны асууж буй зарим иргэний тэтгэврийг нэмэх тухайд энэ талаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэг том өөрчлөлт орсон юм. Хуучин БНМАУ-ын Тэтгэврийн тухай 1990 оны хуулиар 1991-1994 оны хооронд 4 үндэслэлээр тэтгэврээ тогтоолгосон иргэд байгаа. 

Энд төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 нас хүрсэн эхчүүд, мөн төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн, 20-иос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй тэтгэврээ тогтоолгосон эхчүүд, нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж, нас харгалзахгүй нөхцөлөөр тогтоолгосон мөн эмэгтэй, нийтдээ 32-оос дээш ажиллаж, 55 нас хүрсэн эрэгтэйчүүд хамрагдаж байсан юм. 

Дээрх үндэслэлээр тухайн үедээ нийт 44 мянган иргэн тэтгэврээ тогтоолгож байв. Үүнээс одоо 21 мянган иргэн нь амьдарч байгаа. Тиймээс хуучин шийдвэрийг эргэн харсан хууль батлагдаж, дээрх иргэдийн тэтгэврийг нэг удаа сард 50 мянган төгрөгөөр энэ нэгдүгээр сарын 20-ноос нэмэгдүүлж байгаа юм. 

-Энэ жилээс эхлэн тэтгэврийг дараалсан 7 жилийн дундаж цалингаас тогтоохоор болж буйг тодруулна уу? Энэ нь тэтгэвэр нэмэгдэх үндэслэл болох уу? 

-Тэтгэврийг дараалсан 7 жилийн дунджаас буюу 84 сараар бодож тогтоох болсон. Энэ нь тэтгэврийг нэмэгдүүлэх гэдэг утгаар биш юм. Хэрэв тухайн иргэн өөрөө ажилласан жилийн болзлыг хангасан, өөрөөр хэлбэл 20 жил 9 сар ажилласан байх юм бол 55 болон 60 нас хүрсэн иргэн тэтгэврээ бүрэн тогтоолгох боломжтой гэж үзэж байгаа юм. 

Өмнө нь 60 сарын дунджаар боддог байсан бол одоо 84 сарын дунджаар тэтгэврээ бодуулна гэсэн үг. 60 сарын дунджаар байхад их өндөр хэмжээгээр 5 жил дараалж төлөөд мөн хэт өндөр хэмжээгээр тэтгэврээ бодуулж байсан юм. Үүнийг даатгалын сангийн ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулах, дээрээс нь тэтгэврийг илүү бодитой тогтоолгох үндэслэлийг бий болгоход хийж буй ажил, авч буй үйл ажиллагаа гэж ойлгож болно. 

Б.Болд

Улаанбаатар /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.