Төрийн албан хаагчийн зохисгүй үйлдэл ба олон нийтийн сүлжээ

2020 оны 01 сарын 22

Төрийн албан хаагчид албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах учиртай. Ажлын байран дээр ч тэр ажлын бус цагаар ч зохисгүй үйлдэл гаргахыг хориглодог. Санаатай болон санамсаргүй гаргасан нэг зохисгүй үйлдэл олон нийтийн цахим сүлжээнд цацагдвал буцааж болохгүй асуудал үүсгэх ч боломжтой. Гудамжинд бие засч байгаа согтуу хөлчүү хүмүүстэй бид олонтаа таардаг ч хэрэв тухайн хүн нь хууль хэрэгжүүлэгч, дүрэмт хувцастай нэгэн бол гал дээр тос нэмэхтэй л ижил зүйл болно гэсэн үг.

ГУДАМЖИНД БИЕ ЗАССАН ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧ АЖЛААСАА ХАЛАГДАВ 

Магадгүй энгийн нэг иргэн гудамжинд бие зассан бол нэг их тоолгүй тэгсгээд өнгөрөх байсан биз. Цагдаагийн албан хаагч нийтийн эзэмшлийн гудамж талбайд бие зассан мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага дотооддоо шуурхай шалган тогтоож, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн тул тухайн албан хаагчийг ажлаас нь халах арга хэмжээ авсан байдаг. 


 
ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГЭЭР ТАРСАН “ГУДАМЖИНД ШЭЭЖ БУЙ ПРОКУРОР” ГЭСЭН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН САЙТ 2 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛАВ

Өөр нэг тохиолдол. “Монгол улсын прокурор ийм үйлдэл хийж болох уу?”, “гудамжинд шээж буй прокурор” гэх гарчигтай мэдээлэл өнгөрсөн хавар олон нийтийн сүлжээнд тархаж, зарим сайтууд бүр прокурорын нэр зааж хүртэл мэдээллэж байсан. Прокурорын байгууллага шуурхай арга хэмжээ авч нэгж газрууддаа ийм зохисгүй үйлдэл гаргасан прокурор, ажилтан байгаа эсэхийг шалгахад тус байгууллагад огт хамааралгүй хүн болох нь тогтоогдсон байна.

Угтаа зурган дээрх хүн хэрэв прокурорын байгууллагад ажилладаг нь тогтоогдсон бол дээрх шиг ямар нэг хариуцлага хүлээлгэх байсан боловч ажилладаггүй болох нь тогтоогдсон гэнэ. 

Харин энэ мэдээллийг олон нийтэд мэдээлсэн сайтын сэтгүүлч эх сурвалжаа тодруулаагүй, нэр бүхий прокурорын нэр хүндэд халдаж худал мэдээлэл нийтэд тараасан үндэслэлээр Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сая төгрөгөөр торгуулсан байдаг. 


ГУДАМЖИНД ШЭЭВЭЛ ӨӨР ХЭРГҮҮД Ч СӨХӨГДӨНӨ 

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтний гудамжинд шээж буй зохисгүй үйлдэл ч нэлээд газар авсан. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн энэ үйлдлээсээ болоод ажлаасаа халагдаад зогсохгүй, бусдаас их хэмжээний хахууль авсан нь илэрч ёстой л мордохын хазгай болсон.  

Гудамж талбайд шээх нь Зөрчлийн хуулиар мөнгөн торгуультай гэдгийг хаа сайгүй “сарьдаг” нөхдүүд анхаарах хэрэгтэй. 
Дээр нь төрийн албанд ажиллаж байгаа хэн ч гэсэн алхам тутамдаа албаныхаа нэр хүндэд халтай энгийн мэт санагдах энэ мэт “зохисгүй” үйлдлүүд гаргахгүй байхыг дээрх зургууд харуулж байна. Учир нь сайн саар үйлдэл бүхэнд зурагтайгаа шэйрлэгддэг болсон цаг шүү. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.