“Солонго” I, II хороололд орох иргэдийн хүсэл УИХ дээр гацсан уу

Х.Батсайхан
36 минутын өмнө

Зорилтот бүлэгт чиглэсэн гэх Солонго 1, 2 хорооллыг өнгөрсөн наймдугаар сард Улсын комисс хүлээж авсан ч орох хүсэлтэй иргэдийн бүртгэл өнөөдрийг хүртэл эхлээгүй байгаа билээ. Тэгвэл иргэдийн хүсэн хүлээж буй уг хорооллын бүртгэл цаад утгаараа УИХ дээр “гацсан” байж болзошгүй байна.

Тодруулбал, “Солонго” 1, 2 дугаар хороолол бол зорилтот бүлэг буюу залуу болон олон хүүхэдтэй гэр бүл, ахмад насан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцжуулахад чиглэсэн хороолол бөгөөд хэнийг, хэдэн хувьд нь оруулах вэ гэдгийг нарийвчлан зохицуулсан Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг салбарын сайд Э.Бат-Амгалан өнгөрсөн зун УИХ-д өргөн барьсан байдаг.

Харин өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан 2026 оны Намрын Чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд уг хуулийн төсөл байхгүй байгаа юм.            

Намрын чуулганаар хэлэлцэх 35 асуудал

  1. Монгол Улсын 2027 оны төсөв, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсөв.
  2. Эрдэнэсийн сангийн 2026 оны гүйцэтгэл, 2027 оны төсөв.
  3. 2027 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл.
  4. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт.
  5. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хууль.
  6. НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах.
  7. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээ.
  8. Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт.
  9. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт.
  10. Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт.
  11. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт.
  12. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт.
  13. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт.
  14. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт.
  15. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах өөр төсөл.
  16. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт.
  17. Банкны тухай хуульд нэмэлт.
  18. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль /шинэчилсэн найруулга/.
  19. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт.
  20. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт.
  21. Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль.
  22. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд өөрчлөлт.
  23. Конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл.
  24. Конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл.
  25. Статистикийн тухай хууль /шинэчилсэн найруулга/.
  26. Үндсэн хуулийн цэцийн тухай хууль /шинэчилсэн найруулга/.
  27. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/.
  28. Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт.
  29. Эрүүл мэндийн ажилтны тухай хууль.
  30. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт.
  31. Нийгмийн халамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/.
  32. Дулаан хангамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/.
  33. Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /шинэчилсэн найруулга/.
  34. 2027 оны хаврын чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар.
  35. 2027 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоол.

 

УИХ-д өргөн баригдсан Орон сууцжуулалтын тухай хуулийн онцлох заалтууд

Иргэдийн анхаарлыг гойд татаж байгаа уг хуулийн төслийн онцлох буюу зорилтот бүлэгт чиглэсэн орон сууцжуулалтын тухай зүйл заалтуудаас уншигчдадаа хүргэж байна.

7 дугаар зүйл. Төрөөс иргэдийг орон сууцжуулах төрөл

7.1.Төрөөс иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагаа нь нийгмийн орон сууц, хөлсний орон сууц, хөлслөөд өмчлөх орон сууц гэсэн төрөлтэй байна. 7.2.Энэ хуулийн 7.1-д заасан орон сууцыг хөлслөх сарын суурь төлбөрийн хэмжээ нэг м.кв тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувь байна /15,840 ТӨГРӨГ/

7.3.Энэ хуулийн 7.2-т зааснаас бусад орон сууцны ашиглалт, үйлчилгээтэй холбоотой төлбөрийг тухайлсан хуулиар зохицуулна.

НИЙГМИЙН ОРОН СУУЦ

7.4.Нийгмийн орон сууцанд иргэнийг хамруулахад дараах нийтлэг шаардлага үйлчилнэ:

7.4.1.Нийгмийн орон сууцанд орон сууцны зайлшгүй хэрэгцээтэй, хөлсний орон сууц болон хөлслөөд өмчлөх орон сууцад хамрагдах боломжгүй зорилтот бүлгийн иргэнийг хамруулна.

7.4.2.Нийгмийн орон сууцны талбайн хэмжээ 30 м.кв-аас /ХӨЛСЛӨХ СУУРЬ ҮНЭ 30 МКВ-ААР БОДОХОД 475,200 ТӨГРӨГ/ ихгүй байна.

7.4.3.Тухайн орон сууцны төслийн нийт орон сууцны тооны 5 хувиас ихгүй байна.

7.4.4.Нийгмийн орон сууцанд хамрагдах иргэний сард төлөх төлбөрийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувь /792,000 ТӨГРӨГИЙН 25 ХУВЬ 198,000 ТӨГРӨГ/ байна.

7.4.5.Энэ хуулийн 7.2-т заасан сарын суурь төлбөр болон энэ хуулийн 7.4.4-т заасан иргэний сард төлөх төлбөрийн зөрүүг /30 МКВ-ААР БОДОХОД 475,200-198,000=277,200 ТӨГРӨГ/ нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний жил бүрийн төсөвт тусгана.

7.4.6.Нийгмийн орон сууцанд хамрагдах иргэнд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтыг энэ хуулийн 11.1.4-т заасан журмаар /Мэдээллийн сүүлд оруулав/ зохицуулна.

ХӨЛСНИЙ ОРОН СУУЦ

7.5.Хөлсний орон сууцанд иргэнийг хамруулахад дараах нийтлэг шаардлага үйлчилнэ:

7.5.1.Хөлсний орон сууцанд өөрийн өмчлөлийн орон сууцгүй, ипотекийн зээлийн шаардлага хангаагүй боловч хөлсний орон сууцны төлбөрийг төлөх чадвартай, хөдөлмөр эрхэлдэг иргэнийг хамруулна.

7.5.2.Хөлсний орон сууцны талбайн хэмжээ 36 м.кв-аас ихгүй /36 МКВ-ААР НЬ ТООЦОХОД САРД 570,240 ТӨГРӨГ/ байна.

7.5.3.Хөлсний орон сууц нь тухайн орон сууцны төслийн нийт орон сууцны тооны 15 хувиас ихгүй байна.

7.5.4.Хөлсний орон сууцанд иргэнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр 5 хүртэл жилийн хугацаагаар ашиглуулна.

7.5.5.Энэ хуулийн 7.5.4-т заасан хугацаа дууссан боловч иргэн хөлсний орон сууцад үргэлжлүүлэн ашиглах тохиолдолд гэрээний төлбөрийг зах зээлийн үнээр тогтооно. 

 7.5.6.Энэ хуулийн 7.5.5-д заасан зах зээлийн үнийг судалгаанд үндэслэн Үндэсний орон сууцны корпорацийн төлөөлөн удирдах зөвлөл тогтооно

7.5.7.Хөлсний орон сууцны гэрээний хугацаа дуусгавар болох үед хөлслөгч нь орон сууцыг хэвийн, ашиглалтын шаардлага хангасан, бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгнө.

7.5.8.Хөлслөгч нь хөлсний орон сууцны гэрээ байгуулахдаа 6 сарын хөлсний төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа хөрөнгийг /36 МКВ-ААР ТООЦОХОД 570,240Х6=3,421,440 ТӨГРӨГ / байршуулна.

ХӨЛСЛӨӨД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦ

7.6.Хөлслөөд өмчлөх орон сууцанд иргэнийг хамруулахад дараах нийтлэг шаардлага үйлчилнэ:

7.6.1.Хөлслөөд өмчлөх орон сууцанд өөрийн өмчлөлийн орон сууцгүй, ипотекийн зээлийн шаардлага хангаагүй боловч хөлслөөд өмчлөх орон сууцны төлбөрийг төлөх чадвартай, хөдөлмөр эрхэлдэг иргэнийг хамруулна.

7.6.2.Хөлслөгч нь хөлсөлж байгаа орон сууцаа өмчлөх зорилгоор 30 хүртэлх жилийн хугацаанд энэ хуулийн 7.2-т заасан сарын суурь төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлөх замаар тухайн орон сууцны үнийн дүнг бүрэн төлснөөр орон сууцыг өмчилнө.

7.6.3.Хөлслөөд өмчлөх орон сууцны талбайн хэмжээ 60 м.кв-аас ихгүй байна.

7.6.4.Хөлслөөд өмчлөх орон сууцны өмчлөгч тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлснээс хойш 5 жилийн дотор Үндэсний орон сууцны корпорациас бусад этгээдэд худалдан борлуулахыг хориглоно.

7.6.5.Хөлслөөд өмчлөх орон сууцны өмчлөгч тухайн орон сууцыг худалдан борлуулах тохиолдолд анх худалдан авсан үнийг худалдан борлуулах тухайн үеийн үнийн ханштай тохируулан худалдан борлуулна.

7.6.6.Хөлслөөд өмчлөх орон сууц нь тухайн орон сууцны төслийн нийт орон сууцны тооны 20 хувиас ихгүй байна.

7.6.7.Хөлслөөд өмчлөх орон сууцанд хамруулах иргэний өрхийн орлогын түвшинг харгалзах ба бага орлоготой өрхөд давуу эрх олгоно.

7.6.8.Хөлслөөд өмчлөх орон сууцанд иргэнийг хамруулахтай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй харилцааг иргэн болон Үндэсний орон сууцны корпораци хооронд байгуулах гэрээгээр зохицуулж болно. 

Зорилтот бүлэгт зориулсан НИЙТИЙН орон сууцанд ямар иргэн хамрагдахыг хуулийн 11.4.4-т заасан журмаар зохицуулна гэсэн бөгөөд 11.1.4-т нь “Нийгмийн орон сууц, хөлсний орон сууц, хөлслөөд өмчлөх орон сууцны хөтөлбөрт иргэнийг хамруулах, эрэмбэлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах” гэжээ. Тодруулбал, ГБНХХЯ-ны саналаар баталсан журмаар тодорхойлох аж.

Хуулийн төсөлд иргэдийн халааснаас гарах мөнгөний хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй "уясан" заалтууд байгааг уншигчид анзаарсан биз. Хэрвээ энэ хуулийн төсөл батлагдахгүй он дамнавал хөдлөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэн нэг сая төгрөг болж, иргэдийн халааснаас гарах мөнгөний хэмжээ ч тэр хэмжээгээр өсөх нөхцөл байдал үүссэн нь тодорхой байна. 

Энэ нь, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдэхийг хүлээж хуулийн төслийг удаашруулж байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна