“Иргэдэд туслах сан”-д өргөдлөө өгсөн 17 иргэний өргөдлийг шийдвэрлэхэд 40 орчим сая төгрөг шаардлагатай

Х.Есү
2021/01/26

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Д.Ганбат, Ш.Адьшаа нар гадаад улсаас иргэдээ татан авчрах үйл явц, учирч буй бэрхшээлийн талаар асууж тодруулсан юм.

Засгийн газар, Улсын онцгой комиссоос өнгөрсөн нэг жилийн хугацаанд 119 удаагийн тусгай үүргийн захиалгат нислэгээр нийт 28359 иргэнээ татан авчээ. Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 1659 халдварын тохиолдол бүртгэгдсэн. Нийт халдварын 75 хувь нь дотоод халдвар байна. Иймд дотоодын халдварын тархалт болон тусгаарлах байрны нөхцөл байдалтай холбоотойгоор гадаад улс оронд гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Улаанбаатар хотод 39 тусгаарлах байр буюу зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг байгууллага байна. Одоогийн байдлаар 31 тусгаарлах байранд дотоодын болон тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээ тусгаарласан. Өнөөдрийн байдлаар 9 тусгаарлах байранд 800-1000 хүнийг хүлээн авах боломжтой байна. Өнгөрөгч 11 дүгээр сард хийгдэх байсан тусгай үүргийн 5 нислэг цуцлагдсан учраас энэ сард 3 удаагийн нислэгийг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 160 гаруй иргэнээ татан авна. Хоёрдугаар сард татан авалтын үйл ажиллагааг эрчимжүүлж долоо хоногт нэг удаа нислэг үйлдэж байхаар төлөвлөж байна. Ингэвэл ирэх сард 800-1000 иргэнээ татан авах боломжтой болно. Гол бэрхшээл тусгаарлах байртай холбоотой байдаг. Өвлийн улиралд зөвхөн зочид буудлыг л ашиглах боломжтой. Гэвч эрүүл ахуй, халдвар хамгаалал, хоол үйлдвэрлэл, харуул хамгаалалт зэрэг олон шаардлага хангахгүй байгаагаас халдвар алдах эрсдэл өндөр байна. Тусгаарлах байрны нэг өдрийн зардал нь 50 мянган төгрөг. Үүнээс өндөр бол иргэдэд санхүүгийн хүндрэл учруулдаг гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян хариулт өгөв.

Мөн Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг гишүүдийн асуултад хариулахдаа, “Гадаад харилцааны яамнаас өнгөрөгч оны 11 дүгээр сар хүртэл гадаадаас иргэдээ эрчимтэй татан авч, эх орондоо буцах хүсэлт гаргах иргэдийн тоо 2000-аас доош орсон байсан. Тухайн үеийн тусгай үүргийн нислэгийн зорчигчийн дүүргэлт 70-80 хувьтай байсан. Дотоодын халдвар тархсанаас хойш татан авалтыг зогсоосны улмаас буцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 8612 болсон. Үүнээс хамгийн олон нь БНСУ-д гацсан 4968 иргэн байна. Буцах хүсэлтэй иргэдийн шалтгааныг Улсын онцгой комиссоос гаргасан таван шалгуураас гадна хүсэлт гаргасан огноогоор нь эрэмбэлж шийдвэрлэж байгаа. Бүсээр нь ангилбал Европын улсуудад 550, Азид 6441, Америк болон Хойд Америк, Өмнөд Америкт 1478, Австралид 140, Африкт 3 иргэн байна. Санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд тусламж үзүүлж байгаа. 11 дүгээр сараас хойш “Иргэдэд туслах сан” болон НҮБ-тай хамтран 56 иргэнд 28 орчим сая төгрөгийн тийз болон тусгаарлах байрны төлбөрийн дэмжлэг үзүүлсэн. Өнөөдрийн байдлаар “Иргэдэд туслах сан”-д өргөдлөө өгсөн 17 иргэн байгаа бөгөөд эдгээр өргөдлийг шийдвэрлэхэд 40 орчим сая төгрөг шаардлагатай. “Иргэдэд туслах сан”-д жил бүр улсын төсвөөс 240 орчим сая төгрөгийг төсөвлөдөг. Улсын онцгой комисст хүсэлт тавьсны дагуу иргэд, аж ахуйн нэгжээс өгсөн хандив тусламжаас өнгөрөгч 8 дугаар сард 300 сая төгрөгийг “Иргэдэд туслах сан”-д авсан. Одоогийн байдлаар 167 сая төгрөг үлдсэн байна. Өнгөрөгч жил гаруйн хугацаанд гадаад, дотоод эх үүсвэрээс 800 иргэнд 3.1 тэрбум төгрөгийн тусламж, дэмжлэгийг үзүүлээд байна” гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна