Г.Баасан: УИХ ард түмнийг төлөөлөхгүй, авлигачдыг төлөөлж байна


Өнөөдөр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан нарын хүмүүс сэтгүүлчдэд хандлаа.

Тэд “Нийгмийг авлигаас ангид байлгах үүрэгтэй, ард түмний төлөөллийн дээд байгууллага УИХ ажлаа хийхгүй байна. Оюутолгойн гэрээ гэх авилгажсан гэрээг яагаад байгуулснаа олон нийтэд мэдээлэхгүй байна. Гурван тэрбум долларын хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүний асуудлыг ч огт хөндөхгүй байна. 400 тэрбум долларын Оюутолгойн уурхайг улс орныхоо эрх ашигт нийцүүлэн буцааж авах, Оффшороос оруулж ирсэн орлогыг тусгай дансанд байршуулж, олны хяналтад байлгах, гурван тэрбум төгрөгийн авлигын  асуудалд холбогдоод байгаа УИХ-ын гишүүний тухай зэрэг асуудлыг нуун дарагдуулж байна. Иймд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс хариуцлага нэхэж байгаагаа илэрхийллээ.

Энэ үеэр Г.Баасан "Дээд байгууллага гэж нэрлэгддэг Улсын Их хурал огт ажлаа хийхгүй байгаа нь анхаарал татаж байна. Тэд юу хийхгүй байна вэ гэхээр Оюутолгойн гэрээ яагаад авлигажсан гэрээ байгуулсан бэ гэдэг дээр ярихгүй байна. Тэр Нью-Йорк, Лондон дээр үүссэн шүүх дээр хэдэн төгрөгний маргаан яваад байгаа юм бэ гэдгийг нийт ард түмэнд зарлахгүй байна. Тэр маргааныг авахын тулд тэмдэгтийн хураамж 30 хувийн өртгийг хаанаас гаргаж хийх вэ гэдгийг ярихгүй байна.

 Дээрээс нь 3 тэрбум долларын авлигын хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүний асуудлыг хөндөхгүй байгаа зэргээр УИХ авлигачдын асуудал дээр таг дуугүй сууж байна.

Монголчууд бид мэдэж байгаа. Түрүү долоо хонотг Оюутолгойн авлигын гэрээнээс болоод Засгийн газар огцорсон. Тэд бууж өгсөн. Одоо энэ ард түмний дээд байгууллага авлигачдын төлөөллийн байгууллага юм шиг байж болохгүй ээ. Энэ бол аюултай, дэлхий дахин харж байна. 

Хоёрдугаар асуудал нь төрийн ордны зүүн талын хоёр давхар ч гэнэ үү, гурван давхар ч гэнэ үү газраас шүүгчдийг дуудаж аваачаад тэдэн жилийн ял өгөх чиглэл өгдөг гэдэг энэ асуудлыг мэдсээр байж нуун дарагдуулж, тухайн цаг үед нь илчлээгүй Хуульзүйн сайд Х.Нямбаатарт хариуцлага тооцохыг шаардаж байна. 

Энэ бол гэмт хэрэг. Шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн гэмт үйлдлийг тухайн цаг үед нь илчлээгүй нь гэмт хэрэг байдаг.

Гуравдугаар асуудал нь өнөөдөр өндөр түвшний авлигачдын ял зөөлдөж байна гэж ард түмэн хилэгнэн уурлаж байна.

 Шүүх шударгаар ажиллахгүй, ялгавартай хандаж байна гэж олон түмэн бухимдаж байна. Жишээ нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, Д.Эрдэнэбат, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат гээд авлигчдын нэрсийг ард түмэн жагсааж байна.

 Гэтэл үнэхээр хараат бус байхгүй байгаа юм уу, чиглэл аваад байгаа юм уу, авлигачдад хөнгөн ял өгөөд байгаа юм уу гэдэг дээр Шүүхийн зөвлөл шүүх байр сууриа илэрхийлэх ёстой гэж бид үзэж байгаа. Өнөөдөр авлигачид өөрсдийгөө улстөрийн хэлмэгдүүлэлтэд өртлөө, “махны машинд баригдлаа” гэж яриад байгаа.

 Хэрвээ өндөр түвшний авлигачид ингэж үзэж байгаа бол ард түмэн бид амьтан болчихсон юм байна. Ард түмнийг ингэж дорд үзэж болохгүй ээ. 

Олон нийтийн зөвлөлөөс 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан улсуудыг нэр битгий дэвшүүлээч ээ гэж хэлж байсан. Бид аудит, сонгуулийн ерөнхий хороонд, улс төрийн бүх намуудад санал хүргүүлсэн. Харамсалтай нь авч хэлэлцээгүй” гэв.


Г.Сар



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.4
    6 цагийн өмнө

    Баасан шиг чигээрээ 10 эмэгтэй гишүүн бхд монгол ялнаа

    Хариулах