Польшид ургийн гажгийн улмаас үр хөндүүлэхийг хориглосон хууль хүчин төгөлдөр болжээ

Х.Есү
2021/01/28

Польшийн Засгийн газар эхийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулаагүй ургийн гажгийн улмаас үр хөндүүлэхийг хориглох тухай Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг "Төрийн мэдээллийн албан ёсны хэвлэлд" лхагва гаргийн орой нийтэлсэн байна. Ингэснээр тус улсад эсэргүүцлийн томоохон давлагааг үүсгэж байсан шийдвэр албан ёсоор хүчин төгөлдөр болжээ.

Өмнө нь эрх баригчид үр хөндөлтийг хориглох тухай Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн оны аравдугаар сарын 22-ны өдөр гаргасан шийдвэрийг нийтлэх хугацааг бичгээр үндэслэл авах шаардлагатай гэж үзэн хойшлуулж байсан байна. Уг шийдвэрт "үр тогтсон цагаас хойш хүний амьд явах эрхийг”  Польшийн Үндсэн хуулиар баталгаажуулна гэж заажээ.

Жирэмслэлт эхийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахаар бол, жирэмслэлт хүчингийн гэмт хэрэг үйлдэгдсэний улмаас үүссэн бол албан ёсоор үр хөндүүлэхийг зөвшөөрнө. Харин Дауны синдром зэрэг өвчин Польшид үр хөндүүлэх шалтгаан байхаа больж байгаа юм. 

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг танилцуулсны дараа Польшийн хотуудад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал дахин эхэлсэн байна. Лхагва гаргийн орой Варшав хотод хэдэн зуун хүн Үндсэн хуулийн цэцийн байрны гадна цуглаж, ойролцоох гудамжуудыг хаажээ.  Цар тахлын улмаас Польшид олон хүн нэг дор цуглахыг хориглосон байгаа бөгөөд цагдаа нар чанга яригчаар цугласан хүмүүсийг тарахыг уриалсан байна.

Зохион байгуулагчдынх нь мэдээлснээр, жагсаалд оролцогчдын тоо хэдэн мянга болж нэмэгджээ. Жагсагчид Үндсэн хуулийн цэцийн байрнаас төв гудамжаар явж, гол уулзваруудыг хаасан байна. Тэд эрх баригч “Хууль ба шударга ёс”-ны намын төв байр руу очих байсан боловч намын байр руу хүрдэг гарцуудыг цагдаагийн машинууд болон хүч нэмэгдүүлсэн цагдаагийн ангиуд хаажээ.

Эх сурвалж: Монцамэ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна