Солонгосчуудын дагаж мөрддөг 7 бичигдээгүй хууль

2020 оны 07 сарын 28

Эдийн засгийн таатай нөхцөл байдал, амттай хоол, хөөрхөн охид залуусаараа тодорхойлогддог Өмнөд Солонгос улсын иргэд төгс төгөлдөр байдалд үнэхээр хайртай хүмүүс. Тэд бүх зүйлд хамгийн сайн нь байх гэж хичээдэг. Хийсэн бүх зүйлдээ болон харагдах байдлаараа ч төгс байх гэсэн хүсэл нь бага балчир наснаас нь эхэлж үхэн үхтэл нь дагаж явдаг. 

Эрт дээр үеийн ''бурангуй'' гэж хэлж болохуйц уламжлалуудаа одоо ч ягштал мөрддөг тэдэнд төгс байх гэсэн хүсэл нь ''дарамт'' болдог дээрээ тулжээ. ЗӨВ.МН Солонгос цустай хүн бүрийн заавал дагаж мөрдөх ёстой дүрмүүдийг танилцуулж байна.

 

Живхтэй өрсөлдөөн

Хүүхэд төрсөн цагаас эхлэн зөвхөн сайн их сургуульд орохын төлөө амьдардаг гэхэд нэг их хилсдэхгүй. Үүний тулд хүүхдүүд сурах бичигтэй найзалж, шилдэг сурагч болохын төлөө өрсөлдөнө.Сурагчид өдөрт 12 цагийг хичээл, сургалтад хамрагдаж, дугуйлан дамжаанд явж өнгөрөөдөг. Зүгээр сууна гэсэн ойлголт тэдэнд байхгүй. Жилдээ 1 долоо хоног л амарна.

Ерөнхий боловсролын сурагчид бие биедээ даалгавраа хуулуулна гэж хэзээ ч үгүй. Шалгалтан дээр хуулж буй найзыгаа багшдаа бариад л өгчихнө. Шударга зан том болоод ажлын талбарт гарсан хойно нь ч үлдсэн байдаг. Ажил дээрээ залхуурч байгаа найзыгаа даргадаа ''матлаа'' гээд хов зөөсөн хүний буруу болохгүй. 

Эцэг эхчүүд нь хүүхдээ урмаар тэтгэхийн оронд сурлага сайтай ангийнх нь хүүхдийг магтаж, тэдэнтэй харьцуулдаг нь Солонгос сурагчдад ямар ч үнээр хамаагүй амжилт гаргах хэрэгтэй гэсэн сэдлийг төрүүлдэг ажээ.

 

Гадаад төрхөө төгс төгөлдөр болгох гэсэн дуусашгүй оролдлого, зүтгэл

Арван жилээ төгсөнгүүтээ гоо сайхны эмнэлэгт очиж, мэс ажилбар хийлгэсэн охид нийт төгсөгчдийн 20%-ийг эзэлж байсан нь бага тоо биш юм. Гоо сайхны мэс засал хийлгэх хүсэлтэй хүүхдүүдээ эцэг эхчүүд нь ч сайн ойлгодог учир мөнгө санхүүгээр дэмждэг байна. Ази төрхөө далдалж, европжуу төрхтэй болохыг хүссэн охид хамраа өндөрлүүлж, нүдээ сэтлүүлэн давхраа хийлгэх гэх мэтээр бусадтайгаа улам ижил төрхтэй болдог. 

Царайлаг хүн илүү сайн цалинтай, гоё ажилд орж чадна гэж Солонгосчууд итгэдэг бөгөөд энэ нь ч үнэний ортой юм.

 

Хөгшдөө хүндэлнэ

Настан буурлуудын үгийг сонсож, тэднийг хүндэтгэх нь зайлшгүй дагах ёстой дүрмүүдийн нэг. Тэдэнд ямар ч эсэргүүцэлгүйгээр захирагдах, үгэнд нь орох бичигдээгүй хуультай.

 

Жагсаал цуглаанд ''дуртай'' Солонгосчууд

Үеийн үед ''цөс хөөрсөн'' Солонгос иргэд засгийн газар, нийгмийн асуудлуудтайгаа жагсаал цуглаан хийж тэмцсээр ирсэн. Тэдний тэмцэл ч талаар болдоггүй бөгөөд, ''задарсан'' эрх мэдэлтнүүд, улс төрчдийг хөдөлгөж чаддаг гэдгээрээ алдартай.

 


Бусдаас ялгарахыг нэг их хүсдэггүй

Солонгос охид, залуус бүгд л бие биетэйгээ ижил төрхтэй юм шиг санагдаж байв уу? Тэд албаар ижилхэн харагдахын тулд мэс засал хийлгэдэг. Өндөр, шонтгор хамар хөөрхөн харагдлаа гэхэд бүгд очоод л нэг эмнэлэгт, нэг ижил мэс засал хийлгэчихнэ.

 

Хувийн асуудал бол хувийн л асуудал

Өөрт нь хэчнээн стресстэй, хэцүү байсан ч өөрийн асуудлаа бусадтай уудалж, сэтгэлээ онгойтол ярилцдаггүй. Учир нь тэд бусдад садаа болохыг хүсдэггүй байна. Сурагч байхаасаа л архи ууж, сөжүний газар орж үздэг. Тэд стрессээ тайлж, зугаа цэнгэл хөөсөндөө бус харин маргаашийн өрсөлдөөндөө бэлдэж мөн бага ч болов амрахын тулд уушийн газраар орой бүр ороод гардаг ажээ.

 

Цэрэгт заавал алба хаах ёстой

28 нас хүртэл цэргийн зарлан ирдэг бөгөөд алдартай, баян чинээлэг нэгэн байлаа ч цэрэг татлагаас зугтах ямар ч боломжгүй. Тиймдээ ч к-поп одууд хүртэл цэрэгт явж уран бүтээлээ хэдэн жилээр завсарлах шаардлагатай тулгардаг билээ. Нийт 21 сар цэргийн алба хаадаг. 

Эх сурвалж: ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.