МИАТ тийзний үнээ 200-400 мянган төгрөгөөр бууруулсан гэв

2020 оны 07 сарын 29

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Тайвань, Тайландад байгаа иргэд байгаа улсынхаа агаарын тээврийн компанитай холбогдоод онгоц түрээслэн ирэх санал тавьсан гэх мэдээлэл байна. Гадаадын нислэгийн компаниудад онгоцонд манай улс руу нислэг үйлдэх зөвшөөрөл өгөх үү?

-Тайвань, Польш, Малайз, Чех, Унгар гэх мэт олон улсаас онгоц түрээслэн ирэх саналууд ирж байсан. Тухай бүрд нь бид саналыг судалж байгаа. Ингэхэд үнийн саналын хувьд МИАТ хямд байдаг. Мөн МИАТ компанийн нислэгт мэргэжлийн хүмүүс ажиллаж халдвар гарах, иргэдийг эмнэлэг, тусгаарлах байранд хуваарилах ажил хийгээд явдаг.

Хүмүүсийг онгоцоор авчраад, автобусанд суулгаад, тусгаарлаад байгаа нь амар ажил мэт харагдаж байгаа ч онгоцонд халдвар авсан хүн суусан байж болзошгүй учраас халдвар тараахгүй байх, зарим шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж үзүүлэх, хүмүүсээ хаана тусгаарлах ангилан ялгалт хийх гээд нарийн зохион байгуулалттай ажлууд хийгддэг.

Тайваньд байгаа 170 гаруй иргэн нутаг бусах хүсэлт гарсан. Өнөөдрийн Сөүлийн онгоцоор тэднээс 60 орчим нь ирж байгаа. Цаашдаа ч Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ Сөүлээр дамжуулаад татна.

-Иргэдийн зүгээс тусгай нислэгийн тийз үнэтэй байгаа талаар гомдол байнга гаргаж байна. Тийзний үнийг бууруулах боломжтой юу?

-Тийзний үнийн асуудлаар иргэдээс гомдол ирсээр байгаа учраас бид МИАТ компанид энэ асуудлыг тогтмол тавьсаар ирсэн. МИАТ компанийн зүгээс нислэгийн тийзийн үнэ буурсаар байгааг мэдээлж байна. Тодруулбал, АНУ руу хийсэн эхний тусгай үүргийн нислэгтэй харьцуулахад наймдугаар сард хийх нислэгийн тийз 400,000 төгрөгөөр буурсан. Хамгийн олон нислэг хийж байгаа Сөүл-Улаанбаатар чиглэлийн тийзний үнэ 200,000-300,000 төгрөгөөр буурч байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн.

-Гадаадад байгаа иргэд суулт, жагсаал цуглаан зохион байгуулсаар байгаа. Тэдгээр иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Суулт зарлаж байгаа асуудал БНСУ, АНУ, Унгарт гарч байна. Иргэд өөрсдийн дуу хоолойгоо төр засагт хүргэх гэж суулт зохион байгуулах, жагсах нь нээлттэй. Хүний эрхийн асуудал шүү дээ. Бид иргэдийн мэдээллийг тухай бүрд нь УОК-ын удирдлагуудад уламжилж байдаг. Гэхдээ суулт, жагсаал зохион байгуулахдаа тухайн улсынхаа хууль тогтоомжийг дагах ёстой. Солонгост иргэд цагдаагийн байгууллагаас нь зөвшөөрөл аваад суулт хийсэн. Харин онцгой обьект болох онгоцны буудал дээр битгий жагсаалт суулт хийгээрэй хэмээн бид уриалж байсан. Энэ нь тухайн улс руу нислэг үйлдэх боломжийг хязгаарлаж болох байдалд хүргэж болох юм. Тиймээс жагсаал цуглаан битгий хийгээч ээ гэхээсээ илүүтэй тухайн улсынхаа хууль тогтоомжийг мөрдөөрэй. Мөн иргэдээ татан авах онцгой комиссын ажилд хүндэтгэлтэй хандаач ээ гэж хүсэж байна.

-БНХАУ-д суралцдаг оюутнууд хэрхэн сургуульдаа явах вэ, мөн манай улсад ажилладаг гадаадын иргэд ирж байгаа юу?

-Хичээл, сургууль эхлэх дөхөж байна. БНХАУ-д манай 12 мянга гаруй залуус суралцдаг. Тэдний дийлэнх нь ирчихсэн. БНХАУ-ын зүгээс хичээлийг хэзээ эхлүүлэх, хилээрээ гадаадын иргэдийг хэзээнээс нэвтрүүлэхээ шийдвэрлээгүй байгаа. Одоогоор албан ёсны шийдвэр ирээгүй байна.

Зөвхөн оюутнууд ч биш БНХАУ-д ажилладаг, тус улсын иргэнтэй гэр бүл болсон хүмүүс бидэнд асуудлаа тавьж байгаа. Иргэдийн асуудлыг "Ногоон гарц"-ын хүрээнд шийдвэрлэх боломжтой эсэх талаар ярьж байна. Өнөөдрийн байдлаар бол БНХАУ-ын Элчин сайдын яамаараа дамжуулаад нэвтрүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн байгаа.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын ажилтан, дипломат албаныхан, Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадны иргэд гээд Монголд бүх амьдрал нь байдаг иргэдийн асуудал бас байгаа. Бидний зүгээс тэдний асуудлыг шат дараатай шийдвэрлэхээр ажиллаж байна.

Үндсэндээ бид хоёрдугаар сараас хойш гадны иргэдийг аваагүй. Гэтэл манай иргэд гадаадад гацсантай адил нөхцөлд байгаа тэдгээр иргэдийг энд байгаа ар гэрийнхнийх нь өргөдөл хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэнэ. Харин иргэддээ "гадаадын иргэдийг авчирлаа, гадны хүн бидний суудлыг булаалаа" гэх мэт дарамтыг битгий үзүүлээрэй гэж уриалмаар байна.

Тусгай үүргийн нислэгээр тухайн улсдаа байнгын ажил, сургуультай, гадаадын иргэнтэй гэр бүл болсон хүмүүс явж байгаа.

-Австралиас ирж байгаа нэг гэр бүл гурван настай хүүхдээ өвөр дээрээ аваад тухайн хүүхдийн суудалд нэг хүн багтаах боломжтой эсэх талаар саналаа МИАТ компанид гаргахад, УОК-иос зөвшөөрвөл гэсэн хариу өгсөн байна лээ. Тийм боломж бий юу?

-Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага гэж байдаг. Чикагогийн конвенц гэж мөн бий. Олон улсын түвшинд мөрдөгдөж байгаа баримт бичгийн хүрээнд 2 хүртэлх насны хүүхдийг бага насны хүүхэд гээд өвөр дээр авч явахыг зөвшөөрдөг. Уг дүрмийг зөрчиж болохгүй. Нислэгийн зөвшөөрөлтэй холбоотой асуудал яригдана. Энэ нь машинд ачаа ачиж эсвэл УАЗ 469 машинд хүн чихэж суулгаж байгаа шиг асуудал биш. Бид зөвшөөрөл өгчихвөл МИАТ 3 настай хүүхдийг өвөр дээр авч явахыг зөвшөөрөх гээд байна гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг онцолж хэлмээр байна.

Бид аль болох олон хүн татаж авах гээд МИАТ компанийн хамгийн том онгоцыг нисгэж байгаа.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.