ЗАСГИЙН ГАЗАР: Хүүхдийн байцаагчийн тоог нэмэгдүүлж, төсвийг шийдлээ

2020 оны 10 сарын 21

Засгийн газрын өнөөдрийн /2020.10.21/ хуралдаанаар  хүүхдийн  хүчирхийллийн эсрэг бодитой арга хэмжээ авах асуудлыг хэлэлцээд хүүхдийн байцаагчийн тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ  талаар Ерөнхий сайд У. Хүрэлсүх "Хүүхэд хамгаалалд бид бүх хүчээрээ ажиллах ёстой. Олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд 1 байцаагч ажиллах орон тоо, төсвийг шийдлээ. Төр, иргэн, аж ахуй нэгж бүгд сонор сэрэмжтэй, санаачлагатай ажиллах шаардлагатай байна" гэлээ. 

Монгол Улсад 19 мянган хүүхэд тутамд нэг байцаагч оногдож байсан бол Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 8000 хүүхэд тутамд нэг хүүхдийн байцаагч ажиллуулах  шийдвэр гаргалаа. Энэ ажилд зориулж 2021 оны улсын төсөвт 2.5 тэрбум төгрөг төсөвлөж, Улаанбаатарт 30, орон нутагт 23, нийт  хүүхдийн 53 байцаагч байсныг 103 болгон нэмэгдүүллээ. 

Сүүлийн гурван жилд 3300 орчим  хүүхэд гэмт хэрэгт холбогдсон, хүчирхийлэлд өртсөн байна. Хүүхдийг гэмт хэрэгт өртөх, хүчирхийллийн золиос болохоос сэргийлэх зорилгоор хүүхдийн байцаагчийн орон тоог олон улсын жишигт нийцүүлэн хоёр дахин нэмжээ. 

Засгийн газраас гаргасан энэхүү  шийдвэрийн талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал. Тулгамдсан асуудал нь юу байдаг вэ гэхээр хамтарсан багт ажиллаж байгаа хүмүүсийг чадавхижуулаад байгаа боловч тэр хүмүүс солигдоод байдаг асуудал байна. Тиймээс хамтарсан багууд тогтвор суурьшилтай ажиллахгүй бол болохгүй байна. Мөн төрийн байгууллагуудын дангаараа хариуцах ажил биш. Хүн бүрт хамааралтай асуудал. Хандлагаа өөрчлөх ёстой юм байна. 

Хүүхэд гэлтгүй, гэр бүлийн, жендерт суурилсан хүүчирхийлэлтэй холбоотой томоохон судалгаанууд хийгдэж байна. Нэг, хоёр тохиолдлоор шуугиад өнгөрчихөөд байна. Нийгэм  зэрлэгшээд байгаа юм шиг хандаад байна. Бидний үл тэвчих сэтгэхүй хөгжөөд байгаа учраас бид өөрөө өөрсдийнхөө хандлагыг өөрчилж байна.  Нөлөөллийн ажлаа сайн хийх хэрэгтэй. Хүүхэд хамгааллын зардлыг хүссэн хэмжээндээ нэмэгдүүлж чадахгүй. Тиймээс одоо байгаа төсөвтөө тааруулж зөв зохион байгуулалттай ажлууд хийх ёстой. 

Байцаагч нарын тоог нэмэгдүүлснээр урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа сайжирна. Хэрэгтэй гээ ажиллах, бүртгэл сайн явуулах тал дээр сайн ажилласны үр дүнд хүчирхийлэл буурна гэсэн тооцоо судалгаа байна" гэлээ. 

 

Т.Хэрлэн 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.