Автобусаар саадгүй ЗОРЧИХ уу, машинтайгаа ТҮГЖРЭХ үү

Zuv.mn
2023/09/14

Тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод дугаарын хязгаарлалтаар зорчуулах нь Нийслэлийн үе, үеийн удирдлагуудын хувьд арга ядсан шийдвэр байв. 

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн уушги бодож хатуу механизм хэрэгжүүлснээр иргэдийг хоёр тээврийн хэрэгсэлтэй болоход хүргэсэн. 

Энэ нь одоогийн удирдлагуудын даалгаврыг улам хүндрүүлсэн юм. Дугаарын хязгаарлалт анх үйлчилж эхлэхэд иргэдэд ямар ч сонголт байгаагүй. “Ажлын өдрүүдийн нэгэнд машинаа унаж болохгүй. Харин амлалтын өдрүүдэд гэртээ амрана уу, замдаа түгжирнэ үү өөрсдөө мэдэцгээ” гэсэн тулгалт л байсан.

Тэгвэл энэ удаа нийслэлчүүдэд бас ч гэж сонголт байна. Тодруулбал, “Нийтийн тээврээр саадгүй зорчих уу, автомашинтайгаа түгжрэх үү” гэдэг сонголтыг санал болгож байна.

Автозамын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэлд зориулан чөлөөлж, саадгүй зорчуулах энэ шийдвэрийг өмнө нь хотын удирдлагууд хэрэгжүүлж үзээгүй биш, үзсэн. Гэхдээ автобус цөөн, хүлээлт удаан байснаас иргэдийг автомашинаас нь татгалзуулж чадаагүй юм.

Харин энэ удаад нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийж, 1200 автобус шинээр оруулж ирснээр хүлээгдэл багасч, өмнө нь дутуу хиЙснээ гүйцээх боломж гарна гэж тооцсон байна.

Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгой төгсгөлөөр нь ялган зорчуулах захирамжийн хэрэгжилт маргааш дуусна. Замын ачаалал нэмэгдэж, түгжрэл ихэснэ. Ялангуяа Яармаг, Нисэхийн чиглэлд ачаалал онц нэмэгдэнэ. 

Гэхдээ дээр бичсэнчлэн, энэ удаад иргэдэд сонголт бий. “Нийтийн тээврээр саадгүй зорчих уу, автомашинтайгаа түгжрэх үү”.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна