ТОЙМ: Б.Ганхуягийн өчлөөр эхэлж, В.В.Володины айлчлалаар өндөрлөсөн долоо хоног

Zuv.mn
2023/09/24

Өнгөрч буй долоо хоног үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. "Нүүрсний" гэх тодотголтой алдарт хэргийн шүүхийн өмнөх хоёр дахь удаагийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ долоо хоногийн эхээр болсон юм. Хэлэлцүүлгээр олны анхаарлыг хамгийн  их татсан асуудал нь УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы хөрөнгө, "Эрдэнэс-Тавантолгой"-н захирал асан Б.Ганхуяг нарын өчил байв. 

Б.Ганхуягийн өчил ба Т.Аюурсайханы хөрөнгө 

Хэрхэн хөрөнгөжсөнөө тайлбарлахыг шаардсан хуулийнхны өмнө гадаадаас хослол зарж хадгаламжтай болсон хэмээн тайлбарлах Т.Аюурсайханы үгэнд итгэх хүн олдсонгүй. Тэрбээр хөрөнгийнхөө тухайд,

  • 2007 оноос 2015 оны хооронд нийт 30 удаа гадаад улс руу зорчихдоо эрэгтэй брэндийн костюм оруулж ирж, худалдаалдаг бизнесээрээ 50 мянган ам.долларын хадгаламжтай болжээ.
  • Ааваас нь өвлөгдөн ирсэн, өөрөө ч нэмж цуглуулсан өндөр үнэ бүхий маркны цуглуулгаараа 2017-2021 оны хооронд 44 мянган ам.доллар, 34.5 мянган еврогийн орлого олжээ.
  • 2017 онд нэр бүхий УИХ-ын гишүүдтэй Чили болон Перу улсад зорчихдоо хоёр ширхэг номин чулуу хилээр оруулж ирж. Жижгээр нь өөртөө хөөрөг, томыг нь н.Даваажав гэх хүнээр дамжуулан БНХАУ-ын иргэнд 30 мянган ам.доллароор худалджээ. Турк түншүүдтэйгээ нийлж, үл хөдлөхийн зах зээлээс хөрөнгө босгосон гэх мэтээр тайлбарласан ба түүнийхээр "нүүрсний хэрэг"-т огтхон ч хамаагүй гэдгээ онцолсон юм. 

 Харин Б.Ганхуягийн хувьд бухимдал ихтэй, хэрэг бишидвэл бүх үнэнийг илчлэхээ шүүхийн танхимаас зарлаад амжлаа. Б.Ганхуяг нүүрсний хулгайн тухай асар их мэдээлэл тээгч болох нь ч тодорхой болсон юм.  Учир нь тэрбээр  “Нүүрсний" гэх хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх, мэдээлэл өгөх, чиглэлээр хамтран ажилламаар байна. Хамтран ажиллах хүнээр намайг тогтоож өгч, намайг болон ар гэр, хамаатан садныг минь хамгаалалтад авч өгнө үү" гэх хүсэлтийг шүүгчдэд гаргасан юм.

Хүүхдэд ээлгүй Монгол Улс

Энэ долоо хоногт сургуулийн насны хүүхдүүдтэй холбогдох  хэд, хэдэн хэрэг зөрчил гарсан нь манай улс хүүхдэд ямар их ээлгүй орон болохыг харуулаад өглөө. Нийслэлийн 118 дугаар сургуулийн нэг ангийн 20 гаруй сурагч учир битүүлэг зүйлээс хордож, эмнэлэгт хүргэгдэв. Яг юунаас болж хордсоныг мэргэжлийн байгууллага шалгаж байна. Мөн Нийслэлийн 23 дугаар сургуулийн нойл болон хувцас солих өрөөнүүдэд нууц камер суурилуулсан тухай мэдээлэл чих дэлсэв. Хүний эрхийн зөрчил энд буй эсэхийг хуулийнхан шалгаж байгаатай зэрэгцээд өсвөр насны 15-17 насны дөрвөн хүүхэд нэгнийгээ шатаахыг оролдсон  аймшигт хэрэг цагдаад бүртгэгдэв. Үүнтэй зэрэгцээд гарсан хамгийн харамсалтай хэрэг бол Нийслэлийн 122 дугаар дунд сургуулийн сурагч охин амиа алдсан явдал байв.  Найзтайгаа хамт хичээлдээ явж байгаад гарцан дээр  автомашинд мөргүүлж, газар дээрээ нас барсан охины мэдээлэл нийгэмд цочроо өгсөн юм.  Сонгинохайрхан дүүргийн Тахилт орчимд болсон уг ослын талаар цагдаагийн газраас "Есдүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 40 минутын орчим энэ ослын дуудлага ирсэн. Ослын улмаас 12 настай эмэгтэй Н амь насаа алдаж, 13 настай эмэгтэй Х биедээ гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн байна" гэх мэдээллийг өгсөн байдаг. Дэгэж дэрвэх алдрайхан насандаа ийм эмгэнэлтэйгээр хорвоог орхиж  буй хүүхдийн тоо хэдэн арав, хэдэн зуугаараа тоологдож байна. Та бод доо. Зөвхөн энэ  есөн сар гарсаар нийтдээ 38 хүүхэд зам тээврийн осолд орсон гэсэн мэдээлэл байна. Хорь ч хүрэхгүй хоногт 30, 40-өөр тоологдох хүүхэд осолд өртчихөж. Үнэхээр аймшигтай биш гэж үү. Энэ тоог улирал, жилд  үржүүлээд үзээрэй. Итгэмээргүй их тоо гарна. Гэвч энэ бодит байдал болчихлоо.    Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд зам тээврийн ослоор 196 хүүхэд амиа алдаж, 4956 хүүхэд гэмтэж бэртжээ. Ирээдүй хойч болсон үр хүүхдээ бид ийм олон мянгаар нь зүгээр л дайраад алчихдаг ямар хариуцлаггүй улс вэ. 

Монгол "мод"-оо барих уу

Манай улс түлш шатахуун, цахилгаан гээд стратегийн маш чухал хэрэгцээнүүдээ гаднаас импортолдог. Товчхондоо бол гаднаас импортоо зогсоолоо л бол бид "модоо барьсан" гуйлгачнаас өөрцгүй болно гэсэн үг. Үүнийг сануулсан том дохиог   энэ долоо хоногт хойд хөршөөс өгөх нь тэр.  ОХУ-ын Засгийн газар энэ сарын 20-нд “Дотоодын үнийг буулгах, тогтворжуулах” зорилгоор шатахуун, дизелийн түлшний экспортоо зогсоох шийдвэр гаргав. Мэдээж дээрх мэдээлэл түгэхтэй зэрэгцээд монголчууд "түргэн авах" нь тодорхой. Тиймээс ч УУХҮЯ-аас ОХУ шатахуун нийлүүлэлтээ зогсоосонтой холбоотойгоор мэдэлэл хийлээ. Энэ үеэр УУХҮЯ-ны сайд Ж.Ганбаатар "Улаанбаатар хотын хэмжээнд сарын дотор АИ92 2499 төгрөгөөс хэтрэхгүй. Шатахууны нөөц одоогоор байгаа. Хөдөө орон нутгийн хувьд тээвэрлэлт нэмэгддэг. Дизель түлшний хувьд сүүлийн үед үнэ нь их өсч байгаа ч өсгөхгүй байх талаас нь ажиллаж байгаа" гэлээ. Гэхдээ л Орос ах нар нэг л ширүүхэн шийдэхэд бид шатахуун ч үгүй, цахилгаан ч үгүй болох магадлал маш өндөр. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  НҮБ-ын 78 дугаар чуулганд оролцох үетэй зэрэгцэн түлш шатахууны дохиог хойд хөршөөс өгч байхыг ч үгүйсгэх аргагүй. Хэдийгээр энэ өдрүүдэд ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин манай улсад .айлчилж, түлш шатахууны экспортын түр хязгаарлалт бидэнд хамаарахгүй гэдгийг хэлж байгаа ч хэзээ нэг өдөр бодит байдалтайгаа нүүр тулахгүй гэх баталгаа алга.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна