Саяхан болсон Мальдивын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан доктор Мухамед Муиззу газар нутагт нь байрлаж байгаа Энэтхэгийн цэргийн ангийг гаргана гэж мэдэгджээ. “Мальдивын газар шороонд дээр өөр улсын цэргийн гутлын мөр гаргах хэрэг бидэнд байхгүй. Би Мальдивын ард түмэнд ингэж амласан, эхний өдрөөсөө л үүний төлөө ажиллана” гэж тэрбээр хэлжээ. Сонгуульд ялсныхаа дараа Мальдив дахь Энэтхэгийн Элчин сайдтай уулзаж, энэ шийдвэрээ танилцуулаад амжсан аж. Мухамед Муиззу ирэх сарын сүүлээр тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох товтой байгаа юм.
Мухаммед Муиззу Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь Энэтхэгийн хувьд таагүй явдал болсон гэж хэлж болно. Учир нь, Мальдив улс одоогийн Ерөнхийлөгч, сая болсон сонгуульд Мухамед Муиззуд ялагдсан Мохамед Солих Энэтхэгийн талыг баримтлагч байсан бөгөөд улс орондоо Делигийн нөлөөг хадгалахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байсан юм. Харин Мухамед Муиззу болон түүний эвсэл Энэтхэгээс хөндийрч, БНХАУ-тай илүү ойр харилцахыг эрмэлзэж буй нь Бээжингээс Мальдивт хэрэгжүүлж байгаа олон зуун сая ам.долларын өртөг бүхий “Хөгжлийн” гэж нэрлэгдсэн дэд бүтцийн төслүүдтэй холбоотой. Гэхдээ Дели ч мөн мөчөөгөө өгөлгүй, Энэтхэгийн далайн стратегийн чухал ач холбогдолтой бүсэд оршдог тус улсад хоёр тэрбум ам.долларыг буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж олгоно гэдгээ амлаад байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна